МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын 27 дугаар Их хурал ирэх сард болно. Уг хурлын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаас яриагаа эхлэх үү?
-Ирэх сард МАН-ын 27 дугаар Их хурал хуралдуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах хүрээнд долоон ажлын хэсэг гарч ажиллаж байна.
Дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлаас гадна улс орны өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс орныг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги хөтөлбөрийг батлахаар төлөвлөөд байна.
Манай нам өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд оролцохдоо Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, үүн дээрээ суурилсан мөрийн хөтөлбөртэй оролцсон. Харамсалтай нь Засгийн эрхийг барих боломжоо алдсантай холбоотойгоор дээрх баталсан хөтөлбөрөө хэрэгжүүлэх улс төрийн боломжоо алдсан.
Нөгөө талаас ард түмний хөгжлийн хөтөлбөрийг баталж байх үеийн нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд сөрөг тал руугаа өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан бидний харж, тооцоолж байсан хөгжлийн концепцийг засварлах шаардлага үүсээд байна. Манай намын үе, үеийн Их хурлаар ганцхан хүний асуудал яриад орхиж байгаагүй.
Улс орон ард иргэдийн ахуй амьдрал, цаашдын чиг хандлагатай холбогдсон томоохон бодлого хөтөлбөрүүдийг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажилласаар ирсэн. Тэр ч үүднээс энэ удаагийн их хурлаар хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг батлах асуудал Их хурлын нэг чухал шийдвэрлэх асуудал байх болно.
-Намын их хурлаар зарим хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ гэгдээд байгаа?
-Нэг хоёр хүний хүрээнээс илүүтэй МАН боловсон хүчний бодлого зүй зохистой байж чадсангүй, хариуцлагыг тухай тухайн үед нь зоригтой хийж чадаагүй гэсэн шүүмжлэл гадна, дотроос гарсан.
Үүнтэй холбоотой асуудлуудыг намын дарга Ө.Энхтүвшин “Бид юуг шинэчлэх вэ” гэсэн олон нийтэд хандсан ил захидлаараа тодорхой хөндсөн. Энэ хүрээнд ч гэсэн тодорхой асуудлууд яригдсан.
Гэсэн ч намын хувьд дотооддоо тухайлан цаг зав гаргаж, асуудлыг ултай суурьтай шийдэх цаг хугацаа, боломж гарахгүй сонгуулийн штабын нөхцөл байдалд ажилласаар өнөөдрийг хүрсэн тал бий.
Харин намын Их хурлаар эдгээр асуудлуудыг намын гишүүдээ өргөнөөр оролцуулан хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүсэлт намын гишүүдээс гадна иргэдийн дунд ч их байна.
-МАН боловсон хүчний доройтолд орсон гэсэн шүүмжлэл нийгэмд байсаар байна. Энэ ч үүднээс намаа шинэчлэхээр хэсэг бүлэг хүмүүс нэгдээд байгаа гэж ойлгож болох уу?
-Намын шинэчлэлийг тойрон асуудал хөндсөн маш олон хөдөлгөөн, санал санаачилга намд үүсээд байгаа. Эдгээр санал санаачилгыг намын цаашдын төлөвшил, төлөөллийн ардчилалд чухал ач холбогдолтой гэдэг талаас нь харах ёстой.
Намаа шинэчлэхээр нэгдсэн нөхдүүдийг ажил албан тушаал хөөцөлдсөн, бялуу хүртэх гэсэн өнгө аясаар гутаах эрүүл бус хандлага байх ёсгүй. Угаасаа сөрөг хүчний байр сууринд шилжсэн манай намын хувьд булаацалдаад байх ажил албан тушаал нь ч байхгүй.
Нөгөө талаасаа намын шинэчлэлийн асуудлыг үгүйсгээд цааргалаад байх хүмүүс манай намд бас байхгүй. Асуудлыг аль болох эрүүл, бүтээлч, ажил хэрэгч талаас нь харж цаашид Монгол Улсын хөгжилд МАН-ын эзлэх байр суурь, жинг улам бататгах байр суурин дээр бүгд нэгдэж байна.
-Манай нам шат шатны сонгуульд ялагдал хүлээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж хомс боллоо гэлээ. МАН сөрөг хүчний үүргээ муу биелүүлж байгаа гэсэн шүүмжлэл эртнээс гарч байгаа нь нам дотроо олон хэсэг хуваагдаж, хүч суларсны шинж гэж байгаа. Нөгөө талаас сөрөг хүчин үүргээ сайн биелүүлбэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бий гэж харж байгаа?
-Сөрөг хүчний намын улс төрийн гол тавцан нь УИХ. Тэнд ард түмний итгэлийг хүлээж, мандат авсан төлөөлөгчид бодлого хөтөлбөрөө уралдуулахаас гадна харилцан эрх баригчдын хуулиас гажсан буруутай үйл ажиллагаанд хяналт тавих тэр чиг үүргийг хэрэгжүүлэх асуудал.
Тэр талаас нь УИХ дахь манай намын бүлгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг хэсэг нам дотор байдгийг үгүйсгэх аргагүй. Үүнд эрх баригчдын ДАНХАЙСАН бодлого ч нөлөөлсөн гэж хэлж болно. Жишээ нь өнөөдрийг хүртэл УИХ дахь байнгын хороонд цөөнхийн төлөөллийн тоог хязгаарласан хэвээр байгаа.
Эрх баригчид 2-3 байнгын хороонд харьяалагдаж байхад цөөнхийн бүлэг нэг л байнгын хороонд харьяалагдсан хэвээр байгаа. Энэ нь цаад утгаараа парламент дахь төлөөллийн ардчиллыг боомилсон жишиг болсон гэдгийг эрх баригчид өөрсдөө ч гэсэн хэлж ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа УИХ нь хяналтаасаа алдсан.
-Улс төрийн намуудын хоорондын асуудлаас үүдэн өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байдалд орлоо гэх юм. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн гол үзүүлэлттэй холбоотой төсөв, бондын хөрөнгийн зарцуулалт, Монголбанк, Засгийн газрын их бүтээн байгуулалтад зарцуулж байгаа хөрөнгийн ашиглалтын зарцуулалт эцсийн дүндээ УИХ дээр яригдах ёстой ч тоон мэдээлэл, үйл ажиллагааны мэдээлэл бүгд ард түмэнд хаалттай хэвээр байна.
Цаад утгаараа ард түмний төлөөлөл болж мандат авсан УИХ-ын гишүүдээс эдгээр мэдээллийг нууж байна. Нэгэнт ингэж хааж нууж байгаа нь цаанаа асуудалтай гэж хардах тодорхой үндэслэлүүд байна гэдгийг хэлж байна. Энэ ч гэсэн өөрөө эдийн засагт сайнаар бус саараар тусч байгаа.
Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эдийн засгийн хямралыг хурдан даван туулах хэрэгтэй гэдэг үүднээс манай намаас шаардлага тавьсан.
-Засгийн газрын зүгээс Чингис бондын хөрөнгийг зарцуулах бүтээн байгуулалтын ажилд тийм ажилд төчнөөн төгрөг зарцуулна гэдгээ зарласан. Гэтэл нууц далд байгаа гэдэг нь ямар учиртай юм бэ?
-“Чингис” бондын хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа гэж байгаа ч ямар арга хэмжээнд хэдий хэрийн хөрөнгийг ямар хөтөлбөрт зарцуулсан бэ гэдэг задаргааг ерөөсөө танилцуулахгүй байгаа. Өнөөдөр валютын нөөц хэд болсон бэ гэсэн асуудал хаалттай байна.
Жилийн өмнө гурван тэрбум ам.долларт хүрч байсан валютын нөөц албан бус мэдээллээр 300 сая ам.доллар хүртэл багассан гэх эзэнгүй ярианд Засгийн газар, Монголбанкнаас албан ёсны хариулт өгөхгүй л байна. Дээрх газраас хариулт өгөхгүй, мэдээллээ улам хаагаад байхаар иргэд хямрал гүнзгийрсэн юм байна гэсэн цуу яриа дэгдээж, тэр нь валютын ханшид нөлөөлж байгааг бас үгүйсгэх аргагүй.
Тийм учраас ил тод ажиллана гэдэг нь бодитой мэдээллийг ард түмэндээ өгөхийг хэлж байгаа юм. Хямралыг богино хугацаанд даван гарах ажил мэдээллээ ил тод болгохоос эхлэх учиртай.
-Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг өмнөх Засгийн газрын үйл ажиллагаатай холбож тайлбарлах юм байна?
-Шинэчлэлийн Засгийн газар ажлаа аваад жил болж байна. Өмнөх Засгийн газар эдийн засгийг 17.5 хувиар өсгөж, валютын нөөцийг гурван тэрбум ам.долларын нөөцтэйгөөр хүлээлгэн өгсөн. Бурууг өмнөхөөс хайх шалтаг, цаг хугацаа эрх баригчдын хувьд нэгэнт өнгөрсөн. Харин одоо хийсэн ажлаа тайлагнах хэрэгтэй. Эрх мэдэл гэдэг нь эрх ямба биш, харин үүрэг хариуцлага гэдгийг ойлгож, урьдын адил сөрөг хүчин байсан шиг арга барилаасаа түргэн салах хэрэгтэй.
-Үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэлээ. МАН-ыг шинэчлэлээр нэгдсэн хүмүүс ч гэсэн энэ зүйлийг ярьж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлээд байгаа шүү дээ. Дэмжиж байна уу?
-Хувь хүнийхээ үүднээс Засгийн газрыг бүхэлд нь харлуулахыг буруу гэж бодож байна. Энэ Засгийн газарт ажлын зөв санаачилгатай тодорхой шинэчлэлийн зарчим хэрэгжүүлж байгаа сайд байна. Жишээ нь, Хууль зүйн салбарыг энэ Засгийн газрын шинэчлэлийн нүүр царайг ганц төлөөлж байгаа салбар гэж хувьдаа хардаг.
Маш олон бүтээлч ажлыг хийж, хууль эрх зүйн салбарт өөрчлөлт хийхээр зорьж байгаа гэдгийг хэлмээр байна. Гэтэл Ерөнхий сайд нь хууль ёсны наад захын сэтгэхүй байхгүй. Ерөнхийлөгч хуулийн засаглалыг хэрэгжүүлэх ёстойг хэлж байгаа.
Хуулийн засаглалыг анхлан хэрэгжүүлж эхлэх гол хүн нь Ерөнхий сайд өөрөө болчихоод байгаа. Энэ хүн хуулийг үлгэрлэхгүй, зөрчих нь зүй ёсны юм шиг халдварыг нийгэмд тархааж байгаа. Ийм хууль ёсны мэдрэмжгүй Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг хариуцна гээд сууж байх нь өөрөө буруу.
-Танай намаас “Бодлоготой хөгжье” гэсэн уралдааныг зарласан нь мөн л одоо үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой юу?
-МАН-аас “Бодлоготой хөгжье” уриан дор улс орны 4-8 жилийн буюу дунд хугацааны хөгжлийн хэтийн төлвийг боловсруулах ажил яг одоо явагдаж байна. Энэ хүрээнд олон улсын туршлагаас гадна өнөөгийн нөхцөл байдлаа зөв тооцоолохоос эхлээд олон нийтийн оролцоотой санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж байна.
Тиймээс залуу эрдэмтэн судлаачдын дунд 20 сая төгрөгийн шагналын сантай эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарласан. Залуу судлаачид улс орны хөгжлийн асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, санаа бодлоо уралдуулж оролцоосой гэсэн үүднээс уралдааныг зарласан.
Улс орнууд хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж ирдэг. Манай улсын хувьд өмнөх Засгийн газрын бодлогыг бүхэлд нь үгүйсгэж байгаа дүр зураг гарч байгаа нь төрийн хар хайрцагны бодлого алдагдаж буйг л илэрхийлж байна.
Тийм учраас аль нэг нам бие биеийнхээ үйлдлийг үгүйсгэхдээ гол нь бус зөв зүйтэй санаачилгыг дэмжиж урт хугацааны тогтвортой бодлого манай улсад маш хэрэгтэй, шаардлагатай болж. Харин тогтвортой бодлогын үндэс нь зөвшилцлийн ардчилал байх ёстой.
Бидний хувьд боловсон хүчин, бусад туршлагын хувьд хөтөлбөрөө боловсруулж чадахгүйдээ уралдаан зарласан юм биш. Уралдааны зорилго хэд хэдэн зүйл дээр зангилагдаж байгаа. Өнгөрсөн жил нийт ард түмнээр хэлэлцүүлэн боловсруулсан Т21 олон улсын хөгжлийн стратеги боловсруулдаг аргачлал дээр суурилсан бэлэн хөтөлбөр байгаа.
Харин тэр хөтөлбөрийг тодотгох улс төр эдийн засгийн нөхцөл бий болсон гэдгийг дээр хэлсэн. Хоёрт, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Аль болох Монголчууд хөгжлийн хөтөлбөр дээрээ санал бодлоо нэмэрлэж байж тэр нь нэг намын бус нийт түмний дэмжлэг хүлээсэн хөтөлбөр болж чадна. Эргээд гардан хэрэгжүүлэх, бас идэвхтэй оролцогч нь болох бодит хөрс, үндэс нь ч тэгж байж бүрдэнэ.
Э.Пагма
Эх сурвалж: http://www.mminfo.mn