Б.Энхбаяр: Шүүхээс хэргийг мөрдөн байцаалт руу буцаахгүй болно

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр хуулийн төслийг хэлэлцүүлэх шатанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан юм.
     -УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа. Хүний эрхийг хангах чиглэлд хэр дэвшил авчирсан хууль болов?
     -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийг илрүүлэх, нотлох, нотолсон баримтын хүрээнд шүүхээс шударга шийдвэр гаргах хүртэлх бүхий л процессыг зохицуулдаг. Засгийн газрын гол баримталсан зарчим бол процессын бүхий л шатанд хүний эрх хангагдах ёстой гэж үзэн, хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцүүлгийн шатанд хэд, хэдэн зарчмын асуудлаар хууль тогтоогч болон Засгийн газрын байр суурь өөр байсан асуудал бий. Гэсэн ч хуулийн төслийн гол ноён нуруу эвдрэлгүй батлагдаж чадлаа.
     -Хэлэлцүүлгийн шатанд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгч хяналт тавих нь зөв юм биш үү гэдэг асуудал яригдсан. Хуульд яаж суусан бэ?
     -Шинэ Засгийн газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барихдаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэдэг зорилго тавьсан. Тэр ч утгаараа 2015 онд батлагдсан ч ёсчлогдож чадаагүйгээс буцаагдсан Процессын хуульд хэд, хэдэн зарчмын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт, мөрдөн шалгах нууц ажиллагаанд шүүгч зөвшөөрөл өгөхөөр байсныг прокурор болгон өөрчилсөн.
     -Яагаад прокурор хяналт тавих ёстой гэж?
     -Монгол Улсын Үндсэн хуульд мөрдөн шалгах үйл ажиллагаанд прокурор хяналт тавина гэж заасан бол шүүх бол хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ гэж бичсэн байдаг. Хяналт тавих, хянан шийдвэрлэх гэдэг нь өөр, өөр агуулгатай. Хяналтыг зөвшөөрөл өгөх байдлаар, хянан шийдвэрлэнэ гэдэг өөрт ирсэн баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Шүүгч хүнд шүүхэд ирсэн нотлох баримтаас өөр сэжиг таамаг, баримт байж болохгүй гэдэг нь процессын хамгийн суурь зарчим юм.
     Гэмт хэрэг гараад түүнийг дөнгөж илрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ үйл ажиллагаанд тэр хүний гэм буруутай асуудал нотлогдоогүй, баримт цуглуулах ажил л хийгдэж байна. Үүнд прокурор хяналт тавих суурь зарчимтай.
     Прокурор өөрөө мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, шүүхэд аваачиж байгаа баримтын үнэн, зөвийг өөрөө хамгаалж, яллах дүгнэлт гаргаж, саналаа танилцуулж, нөгөө талаас өмгөөлөгчтэй мэтгэлцэж, шүүхийн өмнө цуглуулсан баримтынхаа үнэн мөнийг хамгаалж шүүлгэдэг. Гэтэл дөнгөж мөрдөн шалгаж байгаа үйл ажиллагаан дээр шүүгч оролцоод зөвшөөрөл өгөөд, тэр дотроо мөрдөн шалгах нууц ажиллагаа хийх буюу тэрний утсыг нь чагнаад ир, гэрт нь ороод нууц үзлэг хийгээд ир гэдэг зөвшөөрөл өгөөд явна гэдэг процессын үйл ажиллагааг бантагнуулна.
     Хэрэг маргааныг хараат бусаар шийдэх ёстой шүүх нөгөө хүний гэм буруутай эсэхийг дөнгөж нотолж байгаа үйл ажиллагаанд оролцоод, өөрөө даалгавар чиглэл өгөөд эхэлж байгаа юм.
     Энэ тохиолдолд өөрийнхөө даалгавар өгсөн юмыг туйлын үнэн гэж бодоод итгэл үнэмшилтэйгээр яллах талд нь алх тогших байдалд хүргэнэ. Суурь зарчимтай нийцэхгүй асуудал учраас Үндсэн хуульд нийцүүлж, прокурорын хяналтад байхаар өргөн барьсан, энэ хэлбэрээрээ батлагдлаа.
     -Шүүхээс хэргийг буцаадаггүй байхаар хууль батлагдлаа. Энэ тохиолдолд ямар давуу эрх үүснэ гэж харж байна вэ?
     -Дахиад л Үндсэн хуулийн зарчим юм. Үндсэн хуулийн Хүний эрхийн бүлэгт шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж бичсэн байдаг. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл шүүгчид ч тухайн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэсэн урьдчилсан итгэл үнэмшил байх ёсгүй шүү гэсэн үг.
     Хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг олон талаас нь шүүн хэлэлцлээ, эцсийн дүндээ шүүхээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад буцаах нь буруу гэж УИХ үзээд Засгийн газрын өргөн барьсан суурь хэлбэрээр баталлаа.
     Прокурор бол хангалттай нотолж чадсан гэсэн хэргийг шүүх рүү шилжүүлдэг. Хэрвээ тухайн хэргийг хэлэлцэх явцад Эрүүгийн хуулийг хэрэглэх, эсвэл гэм буруугийн асуудал хангалттай нотлогдохгүй байна гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гээд биччихсэн. Процессын хуулийн суурь зарчим бол энэ.
     Гэтэл одоо юу болоод байна вэ гэхээр шүүх хурлаар тэр хүнийг гэм буруутай юм уу, үгүй юм уу гэдгийг тал, талаас нь мэтгэлцээд явж байхад шүүгч хэргийг анхан шат руу буцааж байна гэдэг нь өөрөө гэм буруугийн зарчимтай харшилж байгаа. Энэ нөхөр хэрэг хийсэн байж магадгүй байна, гэхдээ прокурор чи сайн нотолж чадаагүй байна, дахиад сайн нотлоод аваад ир гэж хэлж байгаагаас ялгаагүй болж, суурь зарчмаа эвдээд байгаа юм.
     Гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байгаа бол тэр хүнд ял шийтгэлийг нь өгөх ёстой, хангалттай нотлогдоогүй бол тэр хүнийг цагаатгах ёстой. Энэ хоёр шийдвэрийн аль нэгийг л шүүгч гаргах ёстой. Гэтэл манайд гурав дахь шийдвэрийг гаргадаг. Энэ шийдвэр нь шүүхийг хараат бус шүүгч биш болгодог.
     -Хэргийг анхан шат руу буцааснаар тухайн хүнийг хэлмэгдүүлж байсан бол цагаатгах боломжтой болно. Буцаахгүй болчихоор иргэнээ хохироочих вий гэдэг асуудал давхар хөндөгдсөн. Нөгөөтэйгүүр, хэргийг буцаадаггүйгээс болоод гэм буруутай хүнийг цагаатгачихвал яах вэ. Ял завшина гэгч болохгүй юу?
     -Хэргийг буцаадаг байснаас болж, ямар үр дагавар үүссэн бэ гэдэг талаар эхлээд яръя. Маш олон үндэслэл бий. 2012 онд Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтраад хэргийг буцаах нь зөв байна уу, буруу байна уу, ямар үндэслэлээр хэрэг шүүхээс буцааж байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн байдаг.
     Нийт шүүхээс буцаж байгаа хэргийн 70-75 хувь нь мөрдөн байцаалтыг бүрэн биш хийсэн гэсэн үндэслэлээр буцаагдсан. Өөрөөр хэлбэл, нийт буцсан хэргийн дөрөвний гурав нь шүүгч яллагч талын байр суурийг барьж, дутуу шалгасан байна, бүрэн болгоод над дээр аваад ир, тэгээд би шийтгэл ногдуулаад өгье гээд буцаасан байдаг. Шүүхийн шударга ёсны буюу хараат бус, хөндлөнгийн байх утгыг алдагдуулж байсан заалт энэ юм.
     Хяналтын шат буюу Улсын дээд шүүх хэргийг ямар хүрээнд хянах ёстой вэ гэдэг дээр одоогийн хуульд ч тэр, сая баталсан хуульд ч бичсэн байгаа. Гэм буруугийн асуудлыг Улсын дээд шүүх хянахгүй. Хоёрхон зүйлийг л хянана. Нэгдүгээрт, тухайн шийдвэрийг ногдуулахдаа анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн процессын хуулийг зөв хэрэглэсэн үү, үгүй юу. Хоёрдугаарт, шүүх хэргийг шийдэхдээ процессын алдаа гаргасан байна уу, үгүй юу. Тэрнээс биш тухайн шийдвэрт авагдсан гэм буруутай эсэх асуудлаарх бүх нотлох баримтыг дахин эхнээс нь ярьдаггүй онцлогтой. Гэтэл Улсын дээд шүүхээс хүртэл хэргийг буцаадаг болчихсон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт руу буцаачихаж байгаа. Тэндээс нь прокурор хэргийг хэрэгсэхгүй болгодог олон тохиолдол ч гарсан. Өөрөөр хэлбэл, анхан ба давах шатны гэм буруутай гэсэн шийдвэр сүүлдээ прокуророор үгүйсгэгдэн алга болдог болсон гэсэн үг. Энэ тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ер нь яг яаж гарсан болж таарах уу. Огт гэм буруугүй хүнд ял өгөөд явж байсан болж таарах уу, эсвэл хяналтын шатны шүүх авлигад өртөөд хувийн үзэмжээр хэргийг буцаагаад байгаа юм уу гэдэг хардлагад аваачиж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ заалт бүхэлдээ шүүх тогтолцооны эрүүл ажиллах системийг бүхэлд нь ганхуулж байсан.
     Шүүхийн шийдвэр зөвхөн хууль хэрэглэж гардаг. Шүүхийн шийдвэр олон нийтэд таалагдахгүй байж болно, гэхдээ шүүх дээр цугларсан баримт нь хангалттай байх ёстой. Яагаад гэвэл шүүх цугларсан нотлох баримт, хууль хоёрт үндэслэж шийдвэр гаргана. Тэгж байж хараат бус, нэр хүндтэй шүүхтэй байна.
     Хоёр дахь шалтгааныг тайлбарлая, энэ буцаадаг заалт мөрдөгч, прокурор хоёрын үйл ажиллагаандаа хандах хандлагад нөлөөлж байсан.
     Яаж нөлөөлж байсан бэ гэхээр бүх талаас нь гарцаагүй нотолчихлоо гэсэн итгэл үнэмшил байхгүй байсан ч гэсэн зарим ээдрээ түвэгтэй хэргийг бүрэн бүтэн болж боогдоогүй байсан ч юу ч гэсэн шүүх рүү шилжүүлээд үзье, шүүгч юу гэх нь вэ, болж байна гэх нь үү, нэмж шалга гэх нь үү, чиглэл даалгавар авъя гэдэг практиктай болсон байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны эцсийн нотлох баримтын иж бүрдлийг бүрэн хангалттай нотолсон байдлыг прокурор хариуцна гээд биччихсэн байхад тэр хариуцлагыг шүүх рүүгээ займчуулах буруу дадлыг мөрдөгч, прокурорын шатанд бий болгосон байсан.
     –Цаг хугацаанд хавчигдсанаас хэргийг бүрэн гүйцэд нотлох баримт цуглуулж чадахгүйд хүрдэг эрсдэл байна уу, үгүй юу?
     -Мөрдөгч ч тэр, прокурор ч тэр цаг хугацаандаа шахагдана. Тэрнээс болоод хэргээ дутуу боож шүүх рүү шилжүүлж болохгүй.
     -Шинэ хуулиар хугацаагаар шахах уу?
     -Хугацаагаар шахна.
     -Энэ тохиолдолд зарчмын өөрчлөлт гарахгүй юм биш үү?
     -Үгүй, буцаах заалт байхгүй болчихоор мөрдөгч, прокурор хоёрын ажлын хариуцлага сайжирна. Хэрвээ хэргийг дутуу боогоод хөнгөн гоомой материал цуглуулаад шүүх рүү оруулах юм бол хэрэг нь цагаатгагдана. Нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр. Нөгөө талдаа гэм буруутай этгээд ял завшина. Прокурор гэмт хэрэгтнийг суллаж явуулсан хариуцлага ирнэ. Прокурорт хариуцлага эргэж буух учраас дутуу материал шүүх рүү шилжүүлэхгүй болно. Тийм үйлдэл гаргасан прокурортой ярих хариуцлагыг ч нэмэгдүүлэх шаардлага бий болно. Нөгөө талаар хангалттай нотлогдоогүй гэдгээр цагаатгагдсан тэр хавтаст хэрэг бүр мөсөн алга болчихгүй. Дутуу шалгасан асуудлаа шинээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэн дахин чамбай боож, тохирсон ялын дүгнэлттэйгээр дахин шүүхэд нүүр бардам нотолгоотойгоор оруулах боломж нь хуулиараа байгаа. Тийм учраас гэмт хэрэгтэн ял завшаад бүр мөсөн цагаадаад явна гэж ойлгож болохгүй. Буцаадаг заалт үгүй болсноор шүүгч ч, прокурор ч, мөрдөгч ч хариуцлагатай болно.
     -Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг юм орж ирсэн. Энүүгээр юуг зохицуулах юм бэ?
     -Урьдчилсан хэлэлцүүлгээр 15 асуудлыг засах гэж, хянах гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг бий болгосон.
     Өөрөөр хэлбэл, шүүхээс хэрэг буцдаг олон шалтгаан бий. Тухайлбал, мөрдөн байцаалтыг хууль зөрчиж хийсэн, нотлох баримтыг иж бүрэн шинжилж судлаагүй, нотлох баримтууд зөрүүтэй. Жишээ нь, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байж магадгүй. Гэрчээс нэмж мэдүүлэг авах шаардлага байхад аваагүй байдаг ч юм уу, эсвэл процессын хууль зөрчигдсөн, өмгөөлөгчгүй байцаалт хийсэн, эрүүдэн шүүсэн, айлгаж зодож байгаад хэрэг хүлээлгэсэн эсэх зэрэг мөрдөн байцаалтад буцаад байдаг байсан тэр олон үндэслэлийг урьдчилж хянадаг үе шат гаргаж ирсэн юм.
     Үр дүнд нь шүүх хурал олон дахин хойшлохгүй, иргэд олон дахин чирэгдэж, шүүхийн хаалга сахиж суухгүй. Хэрэг шалгаж байна гээд хэдэн арван жилээр яах нь мэдэгдэхгүй явдаг байдлыг эцэслэх зорилготой юм.
     -Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг мөрдөн байцаалт руу ч юм уу буцааж болно гэсэн үг үү?
     -Тийм ээ, Засгийн газар анхнаасаа урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг мөрдөн байцаалт руу буцдаг байх ёстой гэдэг төслийг өргөн барьсан, тэр хэлбэрээрээ батлагдсан.
     Хийдэл гарч магадгүй, алдаа гарч магадгүй гээд байгаа тэр зүйлүүдийг шүүх өөрөө урьдчилж хянаад, засах боломжийг олгох юм.
     -Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд прокурорын зөвшөөрлөөр яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүй байж болно гэсэн заалт орж ирээд нэлээн маргаан дагуулсан. Энэ заалт ямар учиртай заалт байсан бэ, яаж батлагдав?
     -Өмгөөлөгч бүх шатанд оролцоно. Өөрийн тань хариулт нэхээд байгаа асуудал бол хамтран ажиллах, гэрч этгээд гэдэг цоо шинэ ойлголттой холбоотой байсан юм. Ойлголцлын зөрүү гарснаас дэмжлэг авч чадалгүй, энэ заалт унасан.
     Авлига албан тушаалын гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг / тагнуул хийх, гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажиллах, улсын нууц задлах/ зэрэг дээр хамтран ажиллах этгээд гэдэг ойлголт бий болгосон байсан. Эдгээр хэргүүд дээр тэр этгээд хамтарч ажиллах юм бол арай хөнгөн ял оноох заалт байсан юм. Өөрөөр хэлбэл, нуугдмал үйлдэгддэг, өндөр зохион байгуулалттай гэмт хэргүүдийн цаад эздийг илрүүлэхэд хэрэг болох баримтыг илчлэх юм бол өөрийнх нь үйлдсэн хэргийг хөнгөлнө гэсэн үг л дээ. Тэр процесст өмгөөлөгчийг нь оруулна гэхээр өөр нууц үйлдэгдсэн хэргийг ярихад мэдээлэл алдагдах учраас энэ төрлийн хэрэгт өмгөөлөгчийг байлцуулах шаардлагагүй гэж, томъёолсон байсан. Цагаан захтнуудын гэж яригддаг хэргийг илрүүлэхэд их хэрэг болох чухал заалт ойлголтын зөрүүгээс болж унаад хуульд сууж чадсангүй.
     -Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байгаа. Үүнийг 24 цаг болгохоор төсөлд заасан байсан, энэ хугацаа хэвээрээ юу?
     -Өргөн барьсан хувилбараараа буюу 24 цагаар батлуулж чадаагүй. Гэхдээ 48 цаг болгож бууруулж чадсан.
     -Гүйцэтгэх ажиллагааг ямар тохиолдолд явуулах вэ. Хорьчихсон байж гүйцэтгэх ажиллагаа явуулна гэж юу гэсэн үг вэ гээд маргаад байсан. Дээр нь малын хулгайч нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах байж, авлига албан тушаалын хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох нь шударга бус гээд асуудал боссон. Эцсийн дүндээ яаж шийдсэн бэ?
     -2015 онд батлагдаад буцаагддаг хуулиар цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хумьсан байсан. Терроризм, тагнуул хийхтэй холбоотой хэргүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулахаар заасан байсан юм. Шинэ Засгийн газар тэр концепцийг хэвээр хадгалж, хуулиа өргөн барьсан.
     Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийнэ гэдэг хорьж мөрдөнө гэсэн үг. Би бол гүйцэтгэх ажлын нарийн ширийнийг мэдэхгүй, танилцдаггүй албан тушаалтан.
     Бид аль болох хорьж мөрддөг, залхааж хэргийг илрүүлдэг аргаас татгалзахын төлөө байна. Орчин үеийн мөрдөн шалгах ажиллагааны дэвшилтэт арга барил, технологийг процессын шатанд нэвтрүүлэх, түүн лүү түлхэх агуулгаар л энэ заалтыг оруулсан юм.
     УИХ-аар хэлэлцүүлгийг хийх шатанд бусдыг санаатай алах, авлига албан тушаал, малын хулгай, мансууруулах бодис, хулгайлах гэмт хэргийг нэмж цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа хийхийг зөвшөөрч, хүрээг нь өргөтгөсөн.
     Мөн үндэсний аюулгүй байдлын эсрэг хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлгээр нь цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийхийг зөвшөөрлөө.
     -Хүрээг өргөтгөсөн нь хүний эрхэнд хэт халдсан хэрэг болохгүй юу. Олон улсын төвшиндөө яаж зохицуулагддаг юм бол?
     -Хар тамхи, үндэсний аюулгүй байдлын эсрэг тагнуул хийсэн, гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан, бусдыг санаатай алсан, зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг маань мафи, цагаан захтнуудын гэмт хэрэг нуугдмал хүрээнд зохион байгуулалттай хийгддэг. Энэ хэргийг илрүүлэх нэг гол хөшүүрэг бол гүйцэтгэх ажил. Үүнийг үгүйсгээд байж болохгүй. Улс гэж байгаа бол, төр гэж байгаа бол хараатай, чихтэй байх ёстой. Тэгж байж улсын дархлаа оршино. Хүний эрх гэдэг зүйлээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх бүх боломжийг устгаж болохгүй. Энэнтэй би санал нийлдэггүй.
     Гол нь хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Залхаан цээрлүүлж, хорьж мөрдөхийг түрий болгохгүйгээр бусад аргыг ашиглаж манай мөрдөх байгууллагууд ажиллах ёстой л гэж боддог.
     -Улсын ерөнхий прокурорын дэргэд тусгай чиг үүргийн байгууллагуудтай холбогдох хэргийг мөрдөх алба байгуулъя гэдэг асуудал яригдсан. Одоогийн хуулиар Авлигатай тэмцэх газрын нэг албан хаагчтай холбоотой хэргийг тус газар нь өөрөө мөрдөж, шалгах болж байгаа нь маш буруу гээд. Тагнуул, цагдаа гээд энэ бүхэнтэй холбогдох хэргийг хаана шалгана гэсэн үг вэ? 
     -Прокурор Үндсэн хуулиараа мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй учраас өөрөө хажуудаа мөрдөх албатай байж болохгүй л гэж УИХ-ын олонхи шийдлээ.
     -Хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэж ойлгосон. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
     -Хуулиуд дөнгөж батлагдлаа. Нэлээд олон журам дагаж батлагдана, сургалт, сурталчилгаа гээд нүсэр ажил бидний өмнө байна. Тайлбар тавиад суух цаг байхгүй. Хууль батлагдсан. Хэрэгжүүлнэ.
Эх сурвалж:http://www.news.mn/c/1?id=890
http://www.judcouncil.mn/main/5796–.html

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …