Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатартай ярилцлаа.
-Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгээс үзвэл их хэмжээний алдагдал хүлээсэн байна. 2012 оноос өмнө ашигтай ажиллаж байсан Төв банк яагаад ийм алдагдалтай ажиллах болов?
-2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос эхлэн алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцсийн байдлаар хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна.
-Монголбанкны энэхүү хуримтлагдсан алдагдлыг он тус бүрээравч үзвэл хэдэн онд илүү алдагдал хүлээсэн вэ?
-2012 онд 181, 2013 онд 251, 2014 онд 535, 2015 онд 498 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн нь шалгалтаар тодорхой болсон.
-Гурван их наяд төгрөгийн алдагдалд хүүгийн алдагдал жин дарж байгаа гэсэн?
-Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд олгосон зээлийн хүү бодлогын хүүгийн түвшнээс хэт бага байсан учраас хүүгийн орлого бага байсан. Нөгөө талаас уламжлалт бус арга хэрэгслүүдээр зах зээлд их хэмжээний мөнгөнийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом буурсан. Улмаар зах зээлээс илүүдэл мөнгийг татах зорилгоор гаргасан Төвбанкны үнэт цаасны хүүгийн зардал хэт өндөр байсан. Үүний зэрэгцээ “Чингис” бондын хүүгийн зардал, Хятадын ардын банкинд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байна.
-Уламжлалт бус арга хэрэгслүүд гэж юуг хэлж байна вэ?
-Хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн, тухайлбал төсөвтэй ижилтгэх шинж чанартай Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилт, “Сайн” хөтөлбөрүүд зэргийг хэлж байна. Эдгээр арга хэмжээг Монголбанк хэрэгжүүлэх ёсгүй байсныг хууль зөрчиж хийсэн гэсэн үг юм.
-Своп, форвард зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн алдагдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд своп, форвард хэлцлийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байсан.Гэвч Монголбанкны зүгээс 2012-2016 онд дотоодын банкуудтай давхардсан тоогоор нийт 1880 ширхэг 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн болон юанийн своп хэлцэл хийжээ. 2012-2016 оны хооронд Монголбанк своп, форвард хэлцлээс нийт 1 их наяд 726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын дийлэнх буюу 1 их наяд 683тэрбум төгрөг нь 2014-2016 онд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банк, хөгжлийн банкны ханшийн рискийг өөр дээрээ хүлээж, их хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн үг юм.
-Гадаад валют арилжааны алдагдал их гарчээ. Ялангуяа Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад их хэмжээний хөнгөлөлт эдлүүлсэн. Ханшийн хөнгөлөлтөөс хэдий хэмжээний алдагдал хүлээсэн бэ?
-Гадаад валют аржилжааны алдагдал 2016 онд 424 тэрбум төгрөг гарсан байна. Жишээлбэл, шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Монголбанк нийт 1 тэрбум 579 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354 тэрбум 278 сая төгрөгийн алдагдал хүлээсэн.
-Шалгалтын дүнг хэлэлцэх үеэр нэг хүнд хоёр ч удаа орон сууцны дэмжлэг үзүүлсэн тухай яригдаж байсан. Ер нь энэ чиглэлээр Монголбанк хэчнээн төгрөг зарцуулсан байдаг юм бэ?
-Нийгмийн хөгжлийн санд 2012-2016 онд нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, энэхүү хөрөнгийг явцуу хүрээнд зарцуулсан нь шалгалтаар тогтоогдлоо. Тухайлбал, 2012-2016 онд ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум, тусламжид 3.4 тэрбум төгрөг, шагнал, баяр ёслолын арга хэмжээнд 1 тэрбум төгрөгийг зарцуулж тансагласан байна. Ноцтой зардлуудаас дурдвал, өмнө нь орон сууц олгосон атлаа дахин их хэмжээний мөнгөн шагналыг зарим удирдлагуудад Нийгмийн хөгжлийн сангаас дахин олгожээ.
-Ямартай ч Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгээр гурван их наядаар хэмжигдэх алдагдал учруулсан нь тогтоогджээ. Ийм хариуцлагагүй ажилласан өмнөх удирдлага, эрх баригчидтай ямар хариуцлага тооцох вэ?
-Улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг хууль, хяналтын байгууллага шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцож, хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Сүүлийн хэдэн жил эдийн засаг сульдахад Монголбанкны энэ мэт бодлогын алдаа нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. Цаашид төгрөгийн ханшийг чангаруулах чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эдийн засгийн бодлогын алдаа улс орон, ард иргэдийн амьдралд маш хүндээр тусдагийн тод илрэл нь энэ юм. Монгол банкны алдаатай бодлогоос болоод доллар, юанийн ханш өсч монгол төгрөг үнэгүйдсэн, иргэд аж ахуйн нэгжүүдэд зээл олдохоо больсон, зээлийн хүү өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд сөрөг үр дагаврыг ард иргэд нуруундаа үүрч байна. Нэг хүний буруу бодол, зөрүү үйлдлийн төлөөсийг монголчууд бүгдээрээ төлж байна. Бид эхний ээлжинд бодлогын алдааг засаж, эдийн засгийн уналтыг зогсоох гэж зүтгэж байна. Амаргүй ч гэсэн энэ ажлыг хийж байж төгрөгийн ханш тогтворжиж зээлийн хүү буурч амьдрал дээшилнэ.
-Олон улсын валютын сангаас Монголбанкны хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байдаг шүү дээ. Энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэх бол?
-2012-2016 онд өмнөх эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын улмаас эдийн засаг туйлын хүндэрсэн. Эдийн засаг хямрахад 2012-2016 онд Монголбанкны явуулсан алдаатай бодлого том үүрэг гүйцэтгэсэн. Бидэнд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт үлдээгээгүй. ОУВС-гаас манайд тавьж буй үндсэн шаардлагуудын нэг нь Төвбанкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсвөөс гадуурх уламжлалт бус үйл ажиллагааг зогсоох шаардлага байсан.
А.Уян