УИХ-аас 1600 орчим зөрчлийг зохицуулах Зөрчлийн тухай хуулийг баталсан билээ. Энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарласан заалт байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тиймээс бодит байдалд энэ заалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг боомилж байгаа эсэхийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайханаас тодрууллаа.
-Зөрчлийн хуулинд жагсаал цуглаан зохион байгуулахдаа согтуу, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг албадан оролцуулсан бол хуулийн хариуцлага тооцно гэсэн заалт бий. Товчхондоо ирэх долдугаар сараас эдгээр бүлгийн хүмүүс эрхээ хамгаалж жагсаал цуглаан хийх эрхгүй болж байна уу?
-Энэ асуудал нэлээд эртнээс эхэлсэн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй, жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль батлагдсан. Журмыг хуулиар тогтооно гэсэн нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг эдлүүлэх боломжийг хүн болгонд олгоно гэсэн агуулгатай юм. Энэ хуулийн заалтаар тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй. Харамсалтай нь, 1994 оны Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.5-аар жагсаал, цуглаан зохион байгуулагч нь жагсаал, цуглаанд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг оролцуулахгүй байх үүрэг хүлээлгэсэн. Энэ үүргийг биелүүлэгч сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулсан, уриалсан бол торгуулах, цаашлаад 14-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалт мөн байсан. Сэтгэцийн өвчин бол хөгжлийн бэрхшээлийн нэг хэлбэр юм. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг ийнхүү хязгаарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж 1996 онд иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц уг асуудлыг авч хэлэлцээд “Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эрх зүйн чадамжгүйд тооцох тул тэднийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байхаар хуулиар зохицуулсан нь үндэслэлтэй байна” тиймээс тэдний эрхийг хязгаарлах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн алдаатай шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөг хүртэл сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал цуглаанд оролцуулах нь зөрчилд тооцогдоод явж байгаа юм.
-Тэгэхээр Зөрчлийн тухай хуулиар бүр тодотгоод хөгжлийн бэрхшээлтэй гэж нэмж оруулж ирсэн байх нь ээ?
-УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хууль нь бусад хуулиудад байсан зөрчил, түүнд хүлээлгэх шийтгэлтэй холбоотой заалтуудыг нэгтгэж системчилсэн. Энэ хуулийн 5.8 дугаар зүйлд сэтгэцийн өвчтэй хүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг жагсаал, цуглаан санаачлагчаас гаргуулж хувь хүнийг 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно гээд заалт оруулаад ирсэн. Эндээс харахад ерөөсөө сэтгэцийн өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн жагсаал, цуглаанд оролцох эрхгүй болчихоод байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хүний тооноос шууд л хасчихаж байна. Энэ нь Үндсэн хуультай харшилж байгаа юу?
-Одоогийн хуулиар энэ хүмүүс цуглах эрх чөлөөгүй болчихоод байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн явдал юм. Үндсэн хуулийн 16.16-д иргэн бүр тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Хүн бүр гэж байгаа учраас хэн нэгнийг ялгаварлаж болохгүй.Манай Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, хэн ч ялгаварлан гадуурхлаас ангид байх эрхтэй гэдгийг мөн баталгаажуулсан. Сэтгэцийн өвчин дотроо янз бүр шүү дээ. Хааяа татаж унадаг, сардаа, жилдээ нэг бие нь хямардаг байж болно. Тэрнээс сэтгэцийн өвчтэй гэхээрээ хүн өдөр бүр өвчтэй байна гэсэн үг биш шүү дээ. Бүр хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эрх ашиг ноцтой зөрчигдвөл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч үүний эсрэг жагсаал, цуглаанд эдгээр хүмүүсийг ч оролцуулах нь нээлттэй байх ёстой. Бүхэлд нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг оролцуулахгүй байгаа нь тэдний суурь эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөн л адил их бага зэргийн сонсголын бэрхшээлтэй эсвэл харааны бэрхшээлтэй байж болно.Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд уг согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нэгдэн нийлсний улмаас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг. Үүнээс бусдаар эдгээр хүмүүс бол бусадтай адилхан хүн. Гэтэл бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй гээд аливаа хүний эрхийг нь хязгаарлаж болохгүй. Гэхдээ Үндсэн хуульд жагсаал цуглаан хийхийг шаардлагатай тохиолдолд хориглож болдог.
-Ямар тохиолдолд?
-Бусдын эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болдог. Энэ тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын эрхийг зөрчөөгүй, нийгмийн дэг журмыг алдагдуулаагүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулаагүй байхад тайвнаар жагсч, цуглах эрх чөлөөг ингэж хааж боож байгааг зөвтгөх боломжгүй.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид энэ талаар юу гэж тусгасан байдаг юм бол?
-Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэж орсон. Энэ конвенцийн нэгдүгээр зүйлд маш тодорхой заасан байгаа. Конвенцийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, тэдний нэр төр, нандин чанарыг хүндэтгэн дээдлэхэд оршино гэж бий. Эдгээр хүмүүс хүний эрх, эрх чөлөөг бүрэн эдлэх эрхтэй гэсэн үг. Тухайлбал, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактад заасан бүх эрх, жишээлбэл тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт бусдын нэгэн адил эдлүүлэх үүргийг Монгол Улс Үндсэн хуулийнхаа 10 дугаар зүйлээр хүлээдэг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл зэргээр нь хүнийг ялгаварлан гадуурхах ямар ч асуудал байх ёсгүй.
-Саяхан 29 дүгээр сургуулийн сурагчид жагсаал, цуглаан хийж нийгэмд багагүй цочроо өгсөн. Тэгвэл энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар бол тэдэнд хариуцлага тооцох болж байна уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний жагсаал, цуглаан хийх эрхийг нь хязгаарлана гэдэг ноцтой асуудал. Нийгмийн амьдралд бүрэн, үр дүнтэй оролцох тал дээр бэрхшээлтэй болохоос эдгээр хүмүүс бусад хүмүүстэй яг адилхан нэр төр буюу эрхэм чанартай хүн. Саяхан 29 дүгээр сургуулийн сурагчид багш нар нь дохионы хэлээр хичээл заадаггүйн улмаас уншиж бичиж сураагүй, суурь боловсрол бүрэн эзэмшиж чадаагүй тухайгаа жагсаал, цуглаан хийж олон нийтэд ил гаргаж ирсэн. Үүний үр дүнд тэр сургуулийн захиралд хариуцлага тооцсон. Мөн, БСШУСЯ-аас ажлын хэсэг гараад намар хүртэл тус сургуулийн бүх багш нарыг нь дохионы хэлтэй болгох сургалт явуулах, дараа нь шалгалт авч энэхүү шаардлагыг хангахгүй бол ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө санаачилж жагсаал хийлээ. Нэг хүүхэд нь санаачлаад бусад хүүхэд дэмжиж нэгдсэн байж магадгүй. Тэгвэл энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар бол жагсаал зохион байгуулсан, санаачилсан хүүхдийг торгох болж байна уу. Энэ мэтчилэн асуудлууд гарч ирж байна.
-Жагсаал цуглаан хийх нь ард түмний хувьд эрхээ хамгаалах нэгэн хэлбэр гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй гээд байгаа хүмүүст дуу хоолойгоо хүргэх хамгийн чухал зам гэж та хэлж байсан?
-Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний гол давуу тал нь нийгэмд тулгамдсан, хүний эрхтэй холбоотой бугшсан асуудлыг гаргаж ирж олон нийтийн анхааралд авчрах, ингэснээр зохих шатны хүмүүс нь уг асуудлыг шийдвэрлэхэд хүргэдэг. Энэ утгаараа 29 дүгээр сургуулийн жишээн дээр гарсан шиг сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг хүний эрхийг хамгаалахад жагсч, цуглах эрх чөлөө тусалдаг. Энэ чухал эрхийг нийгмийн цөөнх сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бүрэн эдлүүлэхгүй байгаа нь тэд өөрсдийнхөө эрхийг хамгаалж дуугарах, дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг нь хааж байгаа хэрэг. Эдгээр хүмүүс бусдын эрх, эрх чөлөөг зөрчөөгүй, хүчирхийлэл үйлдэж амгалан тайван байдал алдагдуулаагүй. Хүнийхээ хувьд бусад хүмүүстэй адил эрхийнхээ төлөө жагсаж цуглая гэхээр ингээд хязгаарлачихлаа шүү дээ.
Д.БААСАНЖАВ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ГАРУЙ ИРГЭНИЙ ТООНД ОРДОГ ХЭРНЭЭ ЯАГААД БУСАДТАЙ АДИЛ ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖГҮЙ ЮМ БЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох Д.Баасанжавын үзэл бодлыг сонслоо. Тэрээр сонсгол сул хэдий ч бусдын адил хөдөлмөрлөж 29 дүгээр сургуулийн Дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар цөөнгүй жил ажиллажээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх тухай хуулийн заалт ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Энэ талаар мэдээлэл авсан уу?
-Саяхан л мэдлээ. Төр засаг яагаад бидний санаа бодлыг асуухгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа сонсголгүй иргэд нийгэмд болж буй үйл явдал, улс төрөөс явуулж буй бодлого зэрэг мэдээ мэдээллийг төдийлөн цаг бүрт нь аваад байж чаддаггүй. Гэвч бид олон нийтийн үйл ажиллагаа, жагсаал цуглаанд орох эрхтэй.Бид бусдын л адил хүн шүү дээ. Үндсэн хуулинд иргэн бүр, хүн бүр ижил тэгш эрхтэй гэж хүртэл заасан байгаа шүү дээ. Гэвч ямар нэг байдлаар бидний эрх өдөр тутамд, цаг тутамд зөрчигдөж нийгмээс гадуурхагдаж байдаг. Гэтэл одоо төр засаг биднийг хүний тооноос хаслаа гэж би ойлгож байна.
-Жагсаал, цуглаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хэр чухал вэ?
-Биднийг мухарт шахсантай ялгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөдөө тулгамдсан асуудлаа илэрхийлэх цорын ганц боломж бол жагсаал цуглаан хийх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг хааж байгаа нь илт ялгаварлан гадуурхаж байгаатай адил. Хэрвээ бид үзэл бодлоо илэрхийлэхгүй, тулгамдаж байгаа асуудлаа ил гаргаж чадахгүй юм бол хэн болж хувирах юм бэ. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Гэтэл төр засаг бидний дуу хоолойг сонсохгүй юм бол хүн байхын утга учир байна уу.
Монгол Улсын гурван сая иргэний тоонд багтдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол Улсын иргэн гэж хүн амын тооллогод орж тоологдож байна. Тэгвэл эрхзүйн хувьд ч, иргэн хүнийхээ эрхийг эдлэх ёстой. Бэрхшээл бол тухайн хүний нэг л дутагдалтай асуудал. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэлхийн улс орнуудад тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаж эх орныхоо нэрийг дуурсгаж байна.Бусад орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн олон зүйлийг хийж байна. Гэтэл манай улс хууль тогтоомжоороо хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний эрхийг улам хумиж байна.
Д.ДАВААСҮРЭН
Эх сурвалж: Өдрийн сонин