Л.Хангай Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдоод удаагүй байна. Эрх зүйч мэргэжилтэй тэрээр Шүүх яам (одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам)-ны Хууль боловсруулах, системчлэх хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараагаа эхлэн улмаар Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж олон хуулийг боловсруулахад гар бие оролцож байсан юм. Хуульч Б.Чимид нэгэн дурсамжиндаа “би Улсын Бага Хуралд байхдаа Л.Хангайн үзэж нягтлаагүй хуульд гарын үсэг зурдаггүй байсан минь залхуурсных биш юм шүү. Тэр хууль тогтоомжийн техникт гаршсан хүн” гэж бичсэн байдаг юм билээ. Л.Хангай мөн Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
Ингээд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүн, хуульч Л.Хангайтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
– Таныг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон тухай мэдээ саяхан гарсан. Иймд юуны өмнө энэхүү зөвлөлийн талаар товч ярина уу?
– Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана гэж заасан байдаг. Зөвлөлийн бас нэг чухал үүрэг гэвэл Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавихад оршдог. Хуульд заасны дагуу иргэний нийгмийг төлөөлөх 15 гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог юм билээ. Миний хувьд гэвэл зөвлөлийн гишүүнд харшлах өөр ажил хийх болсон нэгэн гишүүний оронд томилогдсон хэрэг.
– Та хуульч хүн. Тийм болохоор авлига гэж чухам юу болох, тэр нь бидний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар Таны бодлыг сонсмоор байна?
– Манай ард иргэдийг бухимдуулж байгаа, улс орны хөгжлийг чөдөрлөж байгаа, гадныханд биднийг муухай харагдуулж тэр хирээр гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг саатуулж байгаа зүйл бол яах аргагүй авлига юм. Тэгэхээр авлигыг хуульд юу гэж тодорхойлсныг уншиж өгье. “Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” авлига гэж ойлгоно гэжээ.
Ер нь авлига нэн эртний түүхтэй юм билээ. Авлига байхгүй ч юм уу, эсхүл түүнийг бүрмөсөн устгасан улс орон гэж бараг байхгүй. Харин авлига их үү, бага уу гэдэг нь асуудал. Олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын авлигын индексийг жил бүр гаргадаг бөгөөд үүнд манай улс нилээд хойгуур бичигдсэн байгаад зохих дүгнэлд хийж ажиллах нь чухал байна.
– Авлигатай тэмцэх ажлыг чухам юунаас эхлэх нь зүйтэй гэж Та үзэж байна?
– Нэгэнт зөвлөлийн гишүүн болсон учраас би холбогдох хууль тогтоомж, авлигын талаарх гадаад, дотоодын нилээд материалыг судалж үзлээ. Миний бодлоор ард иргэдийг соён гэгээрүүлэх, авлига, хээл хахуулийг тэвчишгүй үзлийг нийгэмд бүрдүүлэх талаар юуны өмнө анхаарч ажиллах хэрэгтэй юм. Манай улсад авлигын гэмт хэрэг хэрээс хэтэрлээ гэхээсээ илүүтэй авлига, хээл хахууль, шан харамж өгөх нь хэвийн үзэгдэл болж хүмүүс түүнийг тэр бүр анзаарахаа больсон юм шиг байгаа дүр зураг харагдаж байна. Мэдээж авлигын том хэргүүдийг илрүүлж шийтгэлгүй л яахав. Гэтэл эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхэд, хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахад заавал “хэдэн бор юм” өгөх нь хэвийн үзэгдэл болжээ.
Авлига биш л дээ. Гэхдээ монголчууд бидний ухамсартай холбоотой нэгэн зүйлийг жишээ болгож хэлье. Бөхчүүдийн цол бараг тогтсон “тариф” (улсын цол бүр хэдэн зуун сая хүрдэг гэсэн)-тай болсныг хүн бүр мэднэ. Үүнийг бүгд ярьдаг атлаа зогсоож чадахгүй юм. Нэр алдрыг гагцхүү хүч, явъяасаараа авдаг, хэрэв мөнгөөр авбал түүнийг жигшдэг тийм уур амьсгал нийгэмд бий болгох хэрэгтэй байна. Нутгаасаа цолтой бөх төрүүлэх гэж нутгийн зөвлөлд мөнгө өгснөөр тэр хүнд юу наалдах юм бэ гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү юм ярилаа гээд намайг хүмүүс шүүмжлэх л байх.
– Ер нь яагаад авлига өгдөг юм бэ?
– Хахууль гэж хэлэх нь зөв байх. Ажлаа бүтээх гэж л хахууль өгдөг биз дээ. Нэгэн эрх мэдэлтэн нь өөрийн ашиг хонжоо хараад хийх ажлаа хийхгүй суучихна. Тэгэхээр нь ажлаа бүтээхийн тулд заавал “нэг юм” өгөх болно. Эрх мэдэлтнүүд болохгүй юмыг хүртэл болгочихож байгаад хүмүүс дургүйцэж байгаа юм. Хууль битгий хэл хүндэлж дээдэлж явдаг хаадынхаа зарлигийг хүртэл зөрчих болсныг иргэд авлигатай холбоотой гэж харж байна. Хэдэн зууны өмнөөс хааны зарлигаар дархлан хамгаалж ирсэн Богд уулыг хуваагаад өгчихлөө. Уг нь голын эргээс 50 метрийн дотор хашаа, барилга барьж болохгүй хуультай. Гэтэл нийслэлд Туул голд тулгаад хашаа барьчихсан байх юм. Ингээд иргэд маань Богд ууландаа ч гарч чадахгүй, Туулынхаа эргээр ч зугаалж чадахгүй боллоо. Үүнийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр бичиж байгаа нь сайн хэрэг. Хэрэв эрх мэдэлтнүүд авлига аваагүй л юм бол үүнийгээ нотолж залруулах хэрэгтэй. Залруулж чаддаггүй юм бол ядаж зогсоох хэрэгтэй. Эс тэгвээс хардлага салахгүй шүү дээ.
– Авлигатай тэмцэх газар ажлаа хэр хийж байна гэж Та дүгнэж байна?
– Би түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн болоод удаагүй учраас одоохондоо бусад иргэдийн хэмжээнд л мэдээлэлтэй байна. Гэхдээ гайгүй ажиллаж байна гэж хэлнээ. Тоймтой ажлуудаас нь дурдвал өнгөрсөн оны сүүлчээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр авлигатай тэмцэх ажлын чиглэл, стратегитай болсон гэсэн үг. Энэ оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулж батлуулснаар уг хөтөлбөр хэрэгжих баталгаагаар хангагдаж байгаа юм. Яагаад гэвэл төлөвлөгөөнд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хугацаа, байгууллагаас гадна санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгийн хэмжээг нь хүртэл заасан байна.
– Одоо хоёулаа Олон нийтийн зөвлөлийн талаар ярилцья.
– Энэ зөвлөл Авлигатай тэмцэх газар болон олон нийтийн хооронд “гүүр” болдог учраас эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрддэг. Зөвлөлийн ажиллах журмыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг юм билээ. Журамд заасны дагуу улиралд хоёроос доошгүй удаа хуралдан зөвлөмж гаргадаг юм байна. Намайг томилогдсоноос хойш нэг удаа хуралдлаа. Гишүүд нь хуралдаа их идэвхтэй оролцох юм билээ. Цаашдаа зөвлөлийн дэргэд Авлигын эсрэг иргэд, залуучуудын клубууд байгуулж олон нийтийн оролцоог өргөжүүлэх юм гэсэн.
– 2015 оны сүүлчээр батлагдсан шинэчилсэн Эрүүгийн хуулийг энэ 7 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Хуульд авлигын холбогдолтой ямар өөрчлөлтүүд орсон бэ?
– Шинэчилсэн Эрүүгийн хуульд авлигын холбогдолтой гэмт хэргүүдийг “Авлигын гэмт хэрэг” гэсэн 11 зүйл бүхий 22 дугаар бүлэгт багтаан оруулжээ. Зүйл нэг бүрийн талаар ярилгүйгээр зарим өөрчлөлтүүдийг онцолмоор байна. Юуны өмнө авлигатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээ чангарсан байна лээ. Тухайлбал, оногдуулах торгуулийн хэмжээ, тодорхой эрхийг хасах болон хорих ялын хугацаа одоо байгаагаасаа илүү өндөр болсон байна. Бас нэг шинэлэг зүйл гэвэл цөөн тооныхоос бусад авлигын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болжээ. Өнөөдрийн хуулиар албан тушаалын гэмт хэргийн хувьд заавал хохирлын хэмжээ харгалзан хэрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл учруулсан хохирол нь тодорхой хэмжээнд хүрээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй. Харин одоо бол хохирлын хэмжээ нь чухал биш. Үүнийг тодорхой жишээн дээр тайлбарлая: нэгэн этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь цагдаа зогсоож шалгахад өөрийн танил цагдаагийн дарга руу утасдаж улмаар уг дарга түүнийг явуулахыг цагдаад даалгасан бол согтуу этгээдэд давуу байдал бий болгосон гэмт үйлдэл гэж үзэх нь байна. Хууль ингэж өөрчлөгдсөнөөр хохирол заасан хэмжээнд хүрээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал зогсоно. Өөртөө болон бусдад давуу байдал олгож шийдвэр гаргасан албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болох нь.
Мөн аргагүй байдалд орон хахууль өгч төрийн үйлчилгээ авсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдэж ялаас чөлөөлөхөөр болжээ.
Шинэчилсэн Эрүүгийн хуультай хамт бас шинээр баталсан Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийг 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөх ёстой. Гэтэл энэ хууль одоо хүртэл хэвлэгдээгүй байгаа тул түүнийг үлдсэн энэ хугацаанд яаж судалж хэрэглэж эхлэх нь ойлгомжгүй байна.
Шинэчилсэн хуулиудыг хэрэглэх талаар хуулийн байгууллагын ажилтнуудад зориулж сургалт явуулж байгаа юм билээ. Энэ сайн хэрэг. Үүний хамт эдгээр хуулийг ард нийтэд сурталчлах талаар ажил хийх хэрэгтэй байна. Энэ ажилд хууль тогтоогчид, хуулийн байгууллагын ажилтнууд төдийгүй эрдэмтэн, багш, тэр байтугай их, дээд сургуулийн ахлах ангийн оюутан, магистрант, аспирант нарыг ч өргөн оролцуулж болох юм.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон, Авлигын эсрэг хууль байна, Авлигатай тэмцэх үндэсний хэмжээний төлөвлөгөө батлагдлаа, Эрүүгийн хуульд “Авлигын гэмт хэрэг” гэсэн тусгай бүлэг бий болголоо. Ингэснээр авлигатай тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно. Одоо төрийн албан хаагчид, түүний дотор хуулийн байгууллагын ажилтнууд болон манай иргэд идэвхтэй байх юм бол бид авлигыг дийлж чадна гэж бодож байна.
“Зууны мэдээ” сонин