Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд сар бүр мэдээлэл хийдэг уламжлалтай. Уг мэдээллийн үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой уулзаж манай улсад хүний эрх хаана, ямар нөхцөлд зөрчигдөөд байгаа талаар ярилцлаа.
-Сүүлийн үед ХЭҮК-д иргэдээс багагүй санал гомдол ирүүлэх болсон. Ихэвчлэн ямар гомдол ирдэг вэ?
-Тиймээ ХЭҮК-д ирүүлдэг санал гомдлын тоо сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа. Хүний эрх зөрчигдөж байгаа хэд хэдэн томоохон шалтгаан нөхцлүүд байгаагаас хамгийн их гомдол санал ирдэг нь хуулийн байгууллагад шалгуулсан, байцаагдсан иргэдээс ирдэг гомдол. Ялангуяа манай цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Тухайлбал хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтнийг айлган сүрдүүлдэг, үг зааж өгч гарын үсэг зуруулдаг, хүчээр хэрэг хүлээлгэдэг зэрэг гомдлууд ихээр ирдэг. Орхон аймгийн нэг иргэн мөрдөн байцаалтын явцад зодуулсны улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон харамсалтай хэрэг ч гарсан. Бид энэ хэрэгт төрөөс 40 гаруй сая төгрөгийн нөхөн олговор олгуулах шийдвэрийг шүүхээр гаргуулсан.
-Мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэх явдал байсаар байна гэлээ. Үүнийг таслан зогсоохын тулд яах ёстой вэ?
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид өнөөх л хуучин аргаараа ажиллаад өөрөөр нь хэргийг нь хүлээлгэх гэж дарамталдаг, айлгаж сүрдүүлдэг үзэгдэл байсаар байгаа юм. Дээр нь гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс дунд бичиг үсэг мэдэхгүйгээсээ болоод эрхээ зөрчүүлж, хилс хэрэгт уналаа гэх гомдол их ирдэг.
Бичиг үсэг мэдэхгүйгэээсээ болоод буруу зөрүү мэдүүлэг дээр гарын үсэг зурж түүнээсээ болоод сонсдог. Бид энэ ондоо багтаж холбогдох газруудын мөрдөн байцаагч нар, УИХ-ын хүний эрхийн дэд хороотой хамтарч уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Уг уулзалын үеэр энэ талаар тойм мэдээллийг танилцуулна.
-Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдээс гомдол их ирдэг гэсэн?
-Хорих ангиудад илэрдэг нийтлэг зөрчлүүдийн ихэнх нь хянагч нартай холбоотой гомдол санал байдаг. Хорих ангид хүмүүжигчдийг гар утас хэрэглэхийг хориглодог шүү дээ. Харин хүмүүжигчид өөрсдөө нууцаар гар утас хэрэглэх, өөр бусад хориглосон зүйл хэрэглэж зөрчил гаргасны улмаас хянагч нартайгаа таарамжгүй харилцаа үүсгэж түүнээсээ болоод дарамтлуулах явдал гараад байх шиг байна.
Түүнээс гадны хилс хэргээр ял эдэлж байгаад дараа нь цагаадсан иргэд нөхөн олговор гаргуулж авахар манайд ханддаг. Энэ хэрэгт төрөөс нөхөн олговор олгох тал дээр нэлээд хойрго хандаж байгаа. Гэвч бид энэ асуудлыг зохих төрийн байгууллагад нь мэдэгдэж нөхөн олговор гаргуулж өгөх тал дээр ажилладаг. Зарим иргэний нөхөн олговорыг нь гаргуулж өгсөн байгаа. Түүнээс гадна манайд хоригдож буй гадаадын иргэнтэй холбоотой гомдол бас ирсэн. Гомдлын дагуу шалгалт явуулахад ямар нэгэн хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил илрээгүй.
-Гадаадын иргэнээс гомдол ирсэн гэлээ. Яг ямар гомдол ирсэн бол?
Манайд хоригдож байгаа Малайз улсын иргэний эгч нь Малайзаас захидал илгээсэн. Захидалдаа авлига өгсөн талаар дурдсан байсан болохоор ажлын хэсэг гарч, санхүүгийн нарийвчилсан шалгалтыг хийж тухайн хүнтэй нь хүртэл уулазж асуудлыг тодруулсан. Шалгалтаар хүний эрхийг зөрчсөн зүйл илрээгүй.
-Гадаадын иргэн гэснээс Филиппин улсад хүүхдээ алдсан гээд буй Т.Аятунгаа хүүхдийнхээ сургийг гаргахад туслаач гэж танай байгууллагад хандсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?
Т.Аятунгаагийн хүүхдийн асуудлаар бид Филиппиний үндэсний комисст албан бичиг хүргүүлсэн байгаа. Тэндээс бидэнд ирүүлсэн мэдээллээр хүүхдийн эцэг нь өөрөө Филиппинд байхгүй, Канадад байж болзошгүй, танайхаас ирүүлсэн хүсэлтийг Канадын элчин сайдын яаманд хүргүүлсэн гэсэн бичиг л бидэнд ирүүлсэн. Уг нь энэ асуудалд Засгийн газар анхаарал тавих ёстой. Засгийн газар өөрөө иргэддээ анхаарал хандуулах үндсэн үүрэгтэй шүү дээ. Энэ талаар гадаад харилцааны яамнаас л асуух хэрэгтэй болов уу. Ирэх аравдугаар сарын 1,2-нд Ази номхон далайн Хүний эрхийн үндэсний комиссын ээлжит хурал болно.
Уг хурлын үеэр эл асуудлаар холбогдох хүмүүстэй нь уулзаж асууна гэж бодож байна. Танай энэ хүн өөрийн орондоо байгаа юм уу, үгүй юу. Хэрэв байхгүй бол олж өггө үү гэдэг санал тавина. Тэрнээс өөрөөр арга хэмжээ авах боломж манай байгууллагад байхгүй шүү дээ.