“Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогттой ярилцлаа.
-Та сүүлийн үед “Ээж”, “Шүүдэр дундуур”, “Сахиусан тэнгэр”, “Бүү март”, “Өртөө” зэрэг хэд хэдэн кинонд тоглоод амжиж. Ер нь кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?
-Уран бүтээлчид кино их хийдэг болж дээ. Киноны урилга ч их ирж байна. Саяхан гурван кинонд оролцон тоглолоо. Мөн “Боловсрол” телевиз хийж байгаа нэгэн сериалд тоглож байна. Дэлгэцийн бүтээл ч гэлтгүй хэсэг залуустай хамтран тайзны уран бүтээлд ханцуй шамлан орчихоод байна. “Нисдэг театр”ын маань залуус одоогоор хоёр ч хүүхдийн уран бүтээлээ гараас гаргачихсан. Энэ театрын маань уран бүтээлчид Москва, Ленинград мөн Монголынхоо урлагийн сургуульд мэргэжил эзэмшсэн. Арав гаруй залуус бий. Цагийн шалгуур давах нь даваад үлдэнэ биз дээ.
Яахав хүмүүс театрын уран бүтээл хийгээд ашиг байгаа юм уу гэх мэтчилэнгээр ярьж байна л даа. Ашиг харж уран бүтээл хийх хэрэгтэй бол би наймаа хийсэн нь дээр биз. Миний мэргэжил бол арилжаа наймаанаас хол шүү дээ. Урлаг гэдэг бол оюуны ажил. Нийгэмд хүмүүжил, ёс суртахууныг бий болгоход нөлөөлж, оюуны хөрөнгө оруулалт хийдэг.
-Та ч гэсэн дээрх залуучуудын адил театрын тайзнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Ингэхэд тэр үед театрын алтан үеийн мандагчуулаас ямар уран бүтээлчидтэй хамтарч байв?
-Сайхан хүмүүс их байсан. Намайг ороод удаагүй байхад Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай гавьяаныхаа амралтад гарахаар болчихсон, тайлан тоглолтыг нь хийхээр зэхэж байсан юмдаг. Алдарт “Оттело”, “Лир ван” гэх жүжгүүдийг тоглосон. Харин би “Лир ван” жүжгийн салбадайн дүрд тоглож, Г.Гомбосүрэн гуайтай нэгэн тайзнаа гарч билээ. Ингээд бодоход их хувь заяа юм даа. Мөн Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гээд сайхан ах нар минь байсан. Ж.Оюундарьтай оюутны нэг анги болоод ч тэрүү Жаамаа ах надтай их дотно. Нэг удаа Жаамаа ах намайг өрөөндөө дуудлаа. Тухайн үед би “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрд тоглоод удаагүй байсан юм. Ингээд би өрөөнд нь ч орлоо. Кофе уу л гэж байна. Тэрээр “Би чиний тоглосон киног үзлээ. Мухар Базарын дүр тун чиг дөхөж шүү. Баяр хүргэе” гэж билээ. Би театрт ороод тийм ч их удаагүй байсан болохоор сүрдээд л олигтой ч юм ярьж чадаагүй. Одоо эргээд бодохоор амьдралын тухай санаа бодлоо солилцоод сайхан ярьсан бол хэмээн харамсдаг л юм. Гэхдээ хэт илэн далангүй биш ч яриа их нийлдэг байсан шүү. Харин Гантөмөр ахтай яриа нийлэхэд амаргүй. Хааяа нэг их таниад л сүрхий ярина. Дараа нь танихгүй болчихно.(инээв) Сайхан хүн байсан шүү. Ер нь тэгээд их л хүнд үе байж дээ. Намайг орохоос өмнө театр төсөв байхгүй. Бүтэн жилийн турш уран бүтээл хийгээгүй байж билээ. Тэр хүнд үеийн дараахан нь би орсон юм. Миний хувьд ч тэр театрт дагалдан жүжигчнээр ч болов орохгүй л бол миний том зорилго амьдрал хаашаа эргэх нь тодорхойгүй болчихсон байсан үе л дээ. Театрдаа ч орсон. Гурван сар дагалдан жүжигчин хийгээд “Сарны инээд” гэх жүжигт гол дүр бүтээж билээ. Айдастай хэдий ч сайхан мөч л дөө. Театрт байхдаа баримлын шавар шиг л найруулагч ямар хэлбэр дүрст цутгана, түүнд л хувирч, өөрчлөгдөхийг хүсдэг байлаа. Бүгдийг л чаддаг, учрыг нь олох гэж эрмэлздэг байж дээ.
-Харин яагаад драмын урлагаа орхиж дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон юм бэ?
-Би театраас гарсан л болохоос драмын урлагаа орхиогүй, хөндийрөөгүй гэж боддог. Яахав театраас гараад л зах зээл рүү орж үзье гэж бодсон. Алдсан, оносон ч юм их бий. Гэхдээ театраас гараад баян чинээлэг амьдраад явья гэж бодоогүй. Ганцхан биеэ дааж л үзмээр байсан. Намайг театрт байх үед манай ангийн Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү, И.Одончимэг, О.Энхтуул мөн Аглуу, Бооёо, Дооёо гэх жүжигчид орчихсон байсан. Тэр сайхан алтан үеийнхэн болоод үе тэнгийнхэнтэйгээ хамт нэгэн тайзнаа гарч байснаа эргэн дурсахад үнэхээр сайхан байдаг юм.
-Та хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд тоглож байв?
-Оюутан байхдаа “Хүн чулууны нулимс” кинонд цэрэг малгайтай, буу барьчихсан жижигхэн хэсэг гардаг юм. За, бараг танигдахгүй дээ. Гэсэн ч тоглож байгаа үедээ их идэвхтэй байж билээ. Зураг авалтын үеэр бараг л амьсгаа авахгүй, хөдөлгөөнгүй зогсож байснаа санадаг юм. (инээв) Харин хамгийн анхны гол дүрийн кино маань “Ноён солиот” байсан. Анхны гол дүр учраас миний хувьд том шалгуур байсан. Басхүү сэтгэлд их тод үлдэж дээ. Мөн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм. Харин “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан. Ер нь тэгээд “Ноён солиот”, “Салхи Дамбий”-ийн дүр л намайг олонд таниулсан даа.
-Та цэргээсээ оргон байж кино, драмын ангид элсэн орж байсан юм билээ. Ер нь таныг ингэтэл нь урлагт юу татсан юм бэ?
-Их сонин л доо. Би алиалагч болно гэж боддог байсан юм. Үүнд Чарли Чаплин, Юрий Никулин гэх хоёр нөхөр л нөлөөлчихсөн юм байхгүй юу. Энэ хоёрын киног үзээд л шүтчихсэн. Бас хүүхэд болоод ч тэрүү би Чарли Чаплинийг алиалагч гэж боддог байсан юм. Тиймдээ ч энэ хоёр шиг л хүн болно гээд зүтгэсэн минь тэр. Гэхдээ би бас зүгээр ч үгүй арван жилд байхдаа үлээвэр хөгжмийн дугуйланд таван жил явсан юм. Тиймдээ ч арван жилд байхдаа ангийнхныхаа урлагийн үзлэгийг авч гардаг байлаа шүү дээ. Манай үлээвэр хөгжмийн багшаар Гомбо гэх сайхан хүн байсан юмдаг. Багш намайг урлагаа л хөө гэнэ. Гэхдээ багшаасаа нуугдаж спортоор хичээллээд гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй, волейболын спортын дэд мастер цолтой болсон шүү. Гэсэн ч багын хүсэл мөрөөдөл минь арилаагүй. Урлагийн л хүн болно гээд л хичээсэн дээ. Харин намайг арван жилээ төгсөхөд буюу 1985 онд УБДС-ийн кино драмын анги ирээгүй юм. Ингээд Төмөр замын техникумд нэг жил сураад цэрэгт явахаар шийдсэн л дээ. Барилгын цэргийн 0119-р анги хуваарлагдсан. Харин халагдах жилээ УБДС-ийн кино, драмын ангид элсэх шалгалт өгөхийн тулд оргочихсон юм. Урлагийн хүн болох гэсэн хүсэл, тэмүүлэл нь л тийм үйлдэл хийлгэсэн биз. Харин эргээд цэргийн ангидаа ирэхэд аз болход манай цэргийн ангийн удирдлагууд их хүндээр тусгаж аваагүй юм. Хүний хувь тавилан сонин шүү. Ингээд л жүжигчин болох гараа минь эхэлсэн дээ.
-Таны оюутан ангийнхнаас мундаг жүжигчид их төржээ…
-Ангийнхаа хүүхдүүдээр их бахархдаг юм. МУГЖ Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү гээд бүгд л өөр, өөрийн өнгө төрхөө олцгоосон байна. Эд нар ч гэлтгүй манай ангид суралцаж байсан бүх хүүхдүүдээрээ бахархдаг даа. Манай ангийнхан чинь их сонин хамт олон цугласан юм. Дөнгөж арван жилээ төгссөн, цэргээс халагдаад орж ирсэн эсвэл цэрэгт явчихаад ажиллаж байгаад ирсэн гээд насны хувьд харьцангуй байж билээ. Сэтгэхүйн хувьд ч тэс ондоо. Гэхдээ бие биетэйгээ уусаж, нэг хамт олон болж чадсан даа. Бид уран бүтээлч төлөвшихөд ангийнхан минь л нөлөөлсөн. Найруулагч жүжигчинг төрүүлдэг гэхээс жүжигчин, жүжигчнээ л төрүүлдэг гэж боддог юм.
Харин ангийн багш минь Г.Доржсамбуу гуай байсан юм. Багшийнхаа тухай ярих бүрт л зүрх минь шимширдэг юм даа. Намайг урлагт хөлд оруулсан, мөн надад дүүлэн нисэх далавчийг өгсөн Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу гэх хоёр сайхан багштай хүн л дээ би. Энэ хоёр багш байсан тулдаа л би өдий зэрэгтэй явж байгаа юм. Миний хоёр багш хоёулаа л агуу хүмүүс. Гэхдээ ингээд бодоход хүнийг бурхан болсных нь дараа агууг нь мэдэрч, агуу гэцгээх юм даа. Үнэндээ байхад нь хэлэх ёстой юм шүү дээ.
-Та Завхан аймгийн уугуул байх аа?
-Ээж, аав минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүмүүс. Аав минь үйлдвэрийн слесарь хүн байсан. Бид эхээс гурвуулаа. Би чинь айлын бага юм. Манайх гэдэг айл хөдөө орон нутгаас төв газар суурьшсан айлуудын нэг л дээ.
-Хүү тань “Тагнуулч аав” кинонд тоглосон байсан. Мэргэжлийн тал дээр хүүдээ хэр их зөвлөж байна вэ?
-Хүү минь миний мэргэжлийг өвлөж, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. “Тагнуулч аав” киноноос гадна “Тэнгэрийн продюсер” кинонд тоглосон. Одоо ч гэсэн нэг кинонд тоглож байгаа. Миний хувьд хүүгээ нэгэнт л урлагийн хүн болж байгаа юм чинь алдаж, оноод туршлагажиг л гэж боддог юм. Туршлагаараа л мэргэшдэг ажил шүү дээ. Харин охин минь IT чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
dnn.mn
ӨДРИЙН СОНИНЫ ДУГААРТ
О.Ариунцэцэг