Эрчим хүчний яам, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг хамтран сэргээгдэх эрчим хүчний асуудлаар өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр хуралдсан. Мөн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум” зохион байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангарагтай ярилцлаа.
-Танай салбарынхан өнгөрсөн долоо хоногийг сэргээгдэх эрчим хүчээр амьсгалж өнгөрөөлөө гэж хэлэхэд буруудахгүй байх. Ерөнхийдөө хурлын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Энэхүү хурал, форумын гол ач холбогдол нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцох явдал гэж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл төрөөс сэргээгдэх эрчим хүчний талаар ямар бодлого барьж байгаагаа аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, аж ахуйн нэгжүүдэд ямар бодол санаа байгааг төр нь сонсох, цаашлаад олон улсын түвшинд хэрэгжүүлж буй техник, технологийн дэвшилтэй танилцах, туршлага судлах ач холбогдолтой.
-Сэргээгдэх эрчим хүчинд төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Нэгдүгээрт аж ахуйн нэгжүүдэд тарифын дэмжлэг үзүүлж байгаа. Салхины эрчим хүчийг нэг мВт-ыг нь 9.5, нарныхыг 18-20, усны эрчим хүчийг таван мВт-аас дээш бол 4-6 центээр худалдан авч байгаа. Гэхдээ төлбөрийг ам.доллараар хийж байгаагаас валютын зөрүү гэсэн асуудал гарч байна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг бүгдийг нь гаалийн татвараас чөлөөлчихсөн. Дээрээс нь аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлчихлөө.
-Манайд сэргээгдэх эрчим хүчийг хөдөө орон нутагт багагүй хэрэглэж байна. Хот суурин газруудад айл өрх түлхүү хэрэглэж болдоггүй юм уу?
-Манай оронд сэргээгдэх эрчим хүч нэлээд эртнээс нэвтэрсэн. Малчин айл бүр л салхин болон нарны эрчим хүчийг амьдрал ахуйдаа өдөр тутам хэрэглэж байна шүү дээ. Харин хотын төвлөрсөн хангамжид зориулан хэрэглэх гэхээр хөрөнгө, мөнгө хаанаас гарах нь тодорхойгүй байдаг. Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд шинэ төлөвлөлттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний асуудал гарч ирж, яригдаж байгаа.
Байшин, барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглахын тулд бид цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх шаардлагатай болно. Үүнд барилгын дулаан алдагдлыг бууруулах орно. Дулааны алдагдлаа бууруулаагүй тохиолдолд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад нэмэргүй, хий хоосон хөрөнгө оруулалт болж хувирах юм.
Цаашлаад аймаг орон нутгийн дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулсан байдлаар шийдвэрлэх талаар ярилцаж байгаа.
-Хотын иргэдэд зориулсан хамгийн ойр сэргээгдэх эрчим хүчний ямар шийдлүүд байж болох вэ?
-Юуны өмнө сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэхийн тулд цогц шийдлүүд хэрэгтэй болно. Дэд бүтцийг нь шийдээгүй атлаа утаагүй болгох талаар ярьж хөндөнө гэдэг боломжгүй зүйл.
Хотод зориулсан смарт грид гэж шийдэл бий. Үүнийг бид ухаалаг хэрэглээ гэж нэрлээд байгаа. 10-20 айлын дунд, дээвэрт нь нарны эрчим хүчний эх үүсвэрийг тавиад өгөхөөр иргэд маш боломжийн үнээр эрчим хүч хэрэглэж болно. Мөн гараж байна. Манайд авто машины гараж маш олон бий. Үүн дээр нарны панель байгуулчихвал эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болох боломжтой. Гэхдээ төрөөс гэр хорооллын айлуудад сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж тараагаад өгчихвөл гэр хорооолол энэ чигээрээ үлдэх бас нэг аюул бий.
Түүнээс гадна нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын нийтийн халуун усыг халааж, дэд бүтцийг нь шийдэж өгөхөөр хэд хэдэн газар ажиллаж байна. Цаашдаа эдгээр газар нэгдэж, нэг чигээр явах болов уу хэмээн найдаж байгаа.
-Сэргээгдэх эрчим хүч нь уламжлалт эрчим хүчнээс өртөг өндөртэй гэж ярьдаг юм билээ?
-Тийм ээ. Шинэ технологи учраас эрчим хүчний салбарт илүү зардал болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өндөр үнэтэй эрчим хүчийг хүмүүс худалдаж авах ёстой болдог.
Тиймээс хөрөнгө оруулагчийг татахын тулд эрчим хүчийг нь үнэтэй авч, өөрсдөөр нь бариулъя. Харин 10 жилийн дараа хөрөнгө оруулагчид зардлаа нөхөөд, ашгаа олог.
Бид 15-25 жилийн хамтын ажиллагааны баталгаа өгч, цахилгаан авъя гэхээр улсын төсөвт ачаалал үүснэ.
Түүнээс гадна манай улсын нэг онцлог бол газрын баялаг ихтэй, нүүрсний үлэмж их нөөцтэй учраас нүүрснээсээ эрчим хүч гаргаж авах нь хямд тусдаг. Гэтэл Герман, Япон, БНСУ зэрэг улсууд өөрсдөө байгалийн нөөцгүй учир сэргээгдэх эрчим хүч рүүгээ орохоос өөр аргагүй.
Эдгээрээс гадна бас нэг том саад бий. Энэ нь хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн механизм дутагдаж байгааг дурдууштай.
Өнөөдөр нүүрсний бодлого нь эрчим хүчний хангалтын асуудлаасаа дээгүүр тавигдаад байгаа учир бусад салбартаа хөрөнгө оруулалт хийх боломжийг багасгаж, улмаар энэ төслүүд дэмжигддэггүй асуудал бий. -Энэ онд Салхитын салхин цахилгаан станц ашиглалтад орлоо. Ирэх онд ашиглалтад орох томоохон төслүүд юу байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн томоохон төсөл бий. Тухайлбал “Clean Energy” компанийн 50 мегаваттын салхин цахилгаан станц, мөн хоёр суманд төвлөрсөн бус нарны дулааны шийдлийг хэрэгжүүлэх төсөл бэлэн болсон.
Ер нь сэргээгдэх эрчим хүчинд манай яам нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа.