Ц.Мандах: Эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандахтай ярилцлаа.

-Энэ оны хагас жилийн байдлаарх гэмт хэргийн тойм гарсан гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын шүүх 2017 оны хагас жилд нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулаад байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн.

-4130 хүн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл авсан гэлээ.Хэдээс хэдэн насныхан ямар гэмт хэрэгт түлхүү холбогдож байна?

-Энэ оны хагас жилийн байдлаар гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоог өсөлт, бууралттай харвал, хүнийг санаатай алах гэмт хэрэг 10.7 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 12.2 хувиар өссөн байна. Танхайрах гэмт хэрэгт 24 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт 39.4 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт 42.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 44.3 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэгт 58.1 хувиар ял шийтгүүлэгчдийн тоо тус тус өссөн үзүүлэлт гарлаа. Харин хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 1.9 хувиар буурсан дүнтэй гарсан.Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны буюу идэр залуу насныхан 1794 байгаа. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 43.4 хувьтай тэнцэж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дийлэнх хэсгийг эзэлсэн хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх хувь нь идэр залуу насныхан байна гэсэн үг. Иймээс энэ насны онцлогт тохирсон гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг нэгдсэн цогц бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Сүүлийн үед санаанд оромгүй гэмт хэрэг их гарах болжээ. Энэ нь юутай холбоотой юм бол оо?

-Үүний шалтгаан нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хямрал, ядуурал. Угаас эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг нь нэгэнт тогтоогдсон зүйл.

Онц ноцтой гэмт хэргүүд гарахад нөлөөлж буй гол гурван хүчин зүйлийг нэрлэе. Энд хүн амын нягтаршил, эдийн засгийн хямрал, нийгмийн бусад хүчин зүйл гэсэн албан тайлбар гарсан байдаг. Ер нь хүмүүсийн амьжиргааны түвшин доошлоод ирэхээр ёс суртахуун дагаад доройтдог тал бий. Мөн ажилгүйдлын түвшин нэмэгдэхийн хэрээр, орлого нь буурдаг. Эдгээр байдал цөхөрсөн зарим нэгний гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна уу даа гэж бодож байна.

-Сүүлийн үед цагдаа, шүүхийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой бэлтгэх, тээвэрлэх, хадгалах тохиолдлууд ихээр бүртгэгдсэн гэж сонссон. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Гэмт хэргийн төрөл тус бүрээр ял шийтгүүлэгчдийн тоон өсөлт, бууралтыг авч үзвэл хамгийн их өсөлттэй байгаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт 94.5 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал. Үүнтэй тэмцэхийн тулд хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, учирч болох эрсдэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 20.7 дугаар зүйлд “1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан. Мөн энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулттай гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа юм. Өмнөх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санкцтай харьцуулбал, шинэ хуулинд торгох, баривчлах ялын төрлийг хасч, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар заасан ба хорих ялын дээд хэмжээг гурван жилээр нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгасан.

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны хагас жилийн тайлан мэдээнээс үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэгт нийт 95 хүнд холбогдох 44 хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ. Уг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нийт 95 хүний 15 нь 16-17 насны, 60 нь 18-29 насны, 26 нь 30-34 насны, долоо нь 35-аас дээш насныхан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны буюу идэр залуу насныхан хамгийн ихээр холбогдоод байна.

Энэ жил мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” баталсан. Цагаа олсон, маш зөв зүйтэй зүйл болсон. Одоо энэ хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, ажиллах хэрэгтэй.

-Улс хөгжих хэрээр сайхан амьдрах нөхцөл бололцоо улам нээлттэй болж байна. Сайны хажуугаар саар гэдэг. Хулгай хийж, хүмүүсийн үнэтэй эд хөрөнгө дээрэмдэх хэрэг их гарах болсон гэл үү?

-Энэ оны хагас жилийн байдлаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 58.1 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 44.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Хулгай, дээрмийн гэмт хэрэг гарч байгаа шалтгааны нэг хэсэг нь ажилгүйдэл, ядуурал гэдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ажил хийхийг үл хүсэгчид, бусдын бүтээсэн баялгийг завшигчид олширсон нь нөлөөлдөг байх. Зөвхөн архи эсвэл мансууруулах бодис худалдаж авахын тулд үгүй бол компьютероор тоглоом тоглохын тулд хулгай, дээрэм хийж байгаа нь олон удаа бүртгэгддэг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.

-Манай улсад шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдийг онцолж сонирхмоор байна?

-Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй этгээдийн тоо дагаад өссөн үзүүлэлттэй гарсан. Тодруулбал, ял шийтгүүлсэн нийт 4130 хүний 400 буюу 9.7 хувь нь эмэгтэй, 244 буюу 5.9 хувь нь насанд хүрээгүй этгээд ял шийтгүүлсэн. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоог өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 158 хүн буюу 65.3 хувиар, насанд хүрээгүй этгээдийн тоо 91 хүн буюу 59.5 хувиар тус тус өссөн.

Насанд хүрээгүй этгээдийн хувьд эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нар хүүхдийг хараа хяналтгүй орхисноос гэмт хэрэгт холбогддог. Мөн сургуульд суугаагүй завсардсан, эцэг эх нь хайхрахаа больсон, орон гэрээсээ дайжсан хүүхдүүд гэмт хэрэгт ихээр холбогддог юм. Насанд хүрээгүй хүн яагаад гэмт хэрэгт холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллага судалгаа гаргасан байна лээ. Ингэхэд гэр бүлийн орлого бага байдаг хүүхэд гэмт хэрэг үйлдэж, холбогддог. Мөн эцэг, эхийн төлөвшил, гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийнхнээсээ олсон хүмүүжил, санхүүгийн байдал, амьдрах чадвараас ихээхэн хамааралтай байдаг юм билээ.

Эмэгтэйчүүдийн хувьд хулгай, залилан, зам тээврийн осол, бусдын биед гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэгт түлхүү холбогдох болжээ.

-Гэр бүлийн хүчирхийллийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш нөхцөл байдал ямар байгаа бол?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр энэ хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч тус хуулиар шийдвэрлэсэн хэрэг 39 хэрэг буюу 95.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь нас нь хохирсон эмэгтэй зургаан хүнээр буюу 66.7 хувь, амь нас хохирсон хүүхэд хоёр хүнээр буюу 50 хувь буурсан юм. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл буурсан гэж хэлж болно.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2017.08.01 №163 /5730/

ШЕЗ

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …