Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хуульчдын анхдугаар их хурлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Уг хуралдаанаар сонгогдсон Монголын хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэж цаашдын ажилд тань амжилт хүсье. Хуульчдын холбоо байгуулагдсанаар хуульчид нэгдсэн нэг зохион байгуулалтад орж байна. Ер нь холбооны зүгээс хамгийн эхэнд ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Хуульчдын холбоо байгуулагдах болсон үндсэн шалтгаан нь хуульчдын мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх, нийгэм дэх нэр хүндийг өсгөхөд чиглэгдэж буй юм. Тэр ч утгаараа манай холбооны хийж хэрэгжүүлэх үндсэн ажил бол хуульчдын мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх явдал.
Ингэхийн тулд хуульчдын мэргэжлийн дүрмийн дагуу нэгдсэн нэг тогтолцоог бий болгох шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм.
Хуульчид маань өөрсдөө хариуцлагатай байж чадах юм бол нэр хүнд нь аяндаа өснө. Хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд нэлээд ажил хийхээр төлөвлөөд байгаа.
-Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр өмгөөлөгч хүн сонгогдсон нь өмгөөлөгчдийг эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх байх хэмээн харж байгаа?
-Холбооны ерөнхийлөгчөөр өмгөөлөгч хүн сонгогдлоо гээд зөвхөн өмгөөлөгчдийн нийтлэг эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш.
Олон салбарын хүмүүс нэг тогоонд ороод ирэхээр өөр өөрсдийн эрх ашиг, амбицийг л ярьдаг тал бий. Холбооны гишүүд маань өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө, прокурор нь прокурорынхоо асуудлыг яриад ороод ирвэл нийтлэг эрх ашиг юу байх вэ гэдгийг нь л харна.
Товчхондоо хариуцлага, мэргэжлийн ур чадварыг өсгөх тал дээр л анхаарч ажиллана.
-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдэд шүүгч, прокурорууд болоод, өмгөөлөгчдийн хооронд маргаантай асуудлууд багагүй гарах болсон. Үүнд танай холбоо ямар нэгэн байдлаар хяналт тавьж ажиллах уу?
-Хуульчдын холбооны үйл ажиллагаа аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай ямар ч холбоогүй байх ёстой. Бидэнд шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй.
Харин уг үйл ажиллагааг явуулдаг хуульчдын мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг л явуулах ёстой.
Тодорхой яригдаж байгаа хэргүүдэд шүүгч, прокурорууд өөр өөрсдийн хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа болохоор уг хэрэгт гаднаас нь ямар нэгэн байдлаар оролцож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагагүй.
Хэрэв ингэсэн тохиолдолд хуульчийн хараат бус шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болж хувирах эрсдэлтэй.
-Та НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ хэрэгт Хуульчдын холбооны ерөнхийлөгч өмгөөлөл үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцож болно гэж үү?
-Холбооны дүрэмд заасны дагуу би энэ хэрэгт өмгөөлөл үзүүлэхээс татгалзах ёстой. Тэгэхээр энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаас албан ёсоор татгалзана. Харин бусад өмгөөллийн багийн гишүүд үргэлжлүүлэн ажиллана.
-Хуульчдын холбооны ерөнхийлөгч хүн өөр албан тушаал хаших ёсгүй гэж дүрэмд заасан байгаа. Тэгэхээр та Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөсөө албан ёсоор татгалзах хэрэгтэй болох нь ээ?
-Тиймээ. Дүрэмд заасны дагуу дараагийн хуралдааныг эхлэх хүртэл 30 хоногийн дотор Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч гэсэн албан тушаалаасаа бууж зөвхөн Хуульчдын холбооныхоо л ажилд анхаарлаа хандуулах учиртай.
-Тэгвэл Өмгөөлөгчдийн холбооны дараагийн ерөнхийлөгчийг хэзээ, яаж сонгох бол?
-Энэ асуудлыг холбооны удирдах зөвлөлийн хурлаар ярилцаж шийдвэрлэдэг. Дараагийн ерөнхийлөгчөө хэзээ, ямар байдлаар сонгож ажиллуулах вэ гэдгийг тус холбоо өөрсдийн хүрээндээ л шийднэ гэсэн үг. Дэд ерөнхийлөгч нь удирдаад явах уу, эсвэл холбооны нийтлэг эрх ашгийн хүрээнд ерөнхийлөгчөө сонгох ёстой юу гэдгийг л шийдэх юм.
-Хуульчдын холбоо бие даасан томоохон байгууллага гэдэг утгаараа хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй юу?
-Манай холбоонд олгогдсон нэг том боломж нь шинээр гарах хууль тогтоомжид судалгааны болон нөлөөллийн үйл ажиллагаа явуулах эрх, боломж бүрдэж байгаа.
Мөн хэрэгжиж байгаа хууль тогтоомж амьдралд нийцэхгүй тохиолдолд бодлогын нөлөөлөл хийх эрх нь хуулиар олгогдсон.
-Ингэхэд Хуульчдын холбоо санхүүжилтээ хаанаас яаж бүрдүүлэх вэ?
-Холбооны санхүүжилтийн асуудал их хурлын шийдвэрээр батлагдсан. Манай холбооны гишүүд сар бүр 20 мянган төгрөгийн татвар төлөхөөр тогтлоо. Гол санхүүжилтээ гишүүдийнхээ татвараар л бүрдүүлэх байх. Түүнээс гадна бусад төрийн бус байгууллагуудын адил хандив авч болно.
Үндсэндээ энэ хоёроор л холбооны санхүүжилт бүрдэх юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлыг дагаж мөрдөх тухай хуульд зааснаар манай холбоо гишүүдийнхээ татвараар санхүүжилтээ бүрдүүлээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх хүртэл шаардагдах тодорхой санхүүжилтийг төсвөөс гаргана гэсэн заалт байгаа.
Гишүүнчлэлийн хувьд нэлээд өргөн цар хүрээг хамарч байгаа том холбоо болохоор санхүүгийн асуудлаа зохицуулаад явж болох байх.
-Хандив тусламжаар санхүүжилтээ бүрдүүлнэ гэж байна. Хэрэв хэн нэгэн албан тушаалтан, улстөр, бизнесийн бүлэглэлийнхэн их хэмжээний хандив тусламж үзүүллээ гэхэд энэ нь холбооны бие даасан хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй юм биш үү. Үүнийг дүрэм журмаараа яаж зохицуулж байгаа вэ?
-Хуульчдын холбооны үйл ажиллагаа нь өөрөө аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцохгүй учраас хэн нэгэн албан тушаалтан, өөр зорилгоор хандив тусламж үзүүлэх, үүгээрээ дамжуулаад хуульчдын холбооны дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх зүйл гарахгүй гэж бодож байна.
Нэгэнт холбоо маань өөрөө удирдах зарчимд тулгуурлан байгуулагдаж төрөөс хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах учир тиймэрхүү асуудал гарахгүй.
-Манайд хуульч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль олон байдаг. Үүнийгээ дагаад чадваргүй олон хуульч бий болж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг шүү дээ?
-Манай холбоо хуульчаар сургууль төгссөнөөс нь эхлүүлээд үдэх хүртэл бүхий л эрхийг авсан гэхэд болно. Хуульч бэлтгэдэг их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх эрхийг манай холбоонд өгсөн. Хуулиар бол магадлан итгэмжлэгдээгүй их дээд сургуулийг төгссөн хуульчийг холбоо бүртгэхгүй гэж заасан байгаа.
Тэгэхээр Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдээгүй их дээд сургууль төгссөн эрх зүйчид энэ холбоонд орох боломж нь хаалттай болж байгаа хэрэг. Ингэснээр хуульчид бэлдэх, давтан сургах, зэргээр чанарт нь тодорхой ахиц дэвшил гарах юм.
Түүнчлэн алдаа дутагдал гаргасан хуульчдад хариуцлага тооцох, цаашлаад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэжээг авна.
Тухайлбал өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйгээ умартаж, алдаа дутагдал гаргалаа гэж бодоход түүнд хариуцлага тооцох асуудлыг өмгөөлөгчид биш шүүгч, прокурорууд хариуцаж ямар хариуцлага тооцох эсэхийг шийднэ.
Шүүгчдийг өмгөөлөгчид, өмгөөлөгчдийг прокурорууд гэх мэтээр. Ингэхлээр хариуцлага тооцох механизм нь өөрөө чангарч шударгаар шийдвэрлэхээс гадна хуульчдын мэргэжлийн хариуцлага ч нэмэгдэнэ.