УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цогтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр улстөрийн хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын явц хэр байгаа бол?
-Монголчууд энэ өдрийг хүндэтгэл, дурсгалын гэж нэрлээд 18 жилийг ардаа орхиж байна. Өөрөөр хэлбэл бид түүхэн хэлмэгдүүлэлтийн талаар л яриад байгаа юм. Уг нь бид үүнээс сургамж авч төрийн бодлогыг чиглүүлж, дахин давтахгүй байх талаас нь ажиллах учиртай юм.
Өнгөрсөн зууны эхний хагаст тухайн үеийн ЗХУ-ын бодлогын хүрээнд олон зуун, мянган хүнийг хэлмэгдүүлж, цаазалсан явдлыг мартаж болохгүй төдийгүй мөнхөд дурсаж байх ёстой. Дахин давтуулахгүйн тулд шүү дээ.
-Гэхдээ орчин цагт хэлмэгдүүлэлт гэдгийг тэр бүр ойшоохгүй, миний гэр бүлээс хэн нэгэн улстөрийн хэргээр хувь заяагаа өөрчлүүлээгүй л бол хамаагүй гэсэн байдлаар ханддаг үзэгдэл нийгэмд болчихоо юу даа?
-Заавал түүхэн бус шүү дээ. Төрөөс ямар нэгэн байдлаар зохион байгуулалттайгаар хүний эрхэнд халдаж буйг зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл улстөрийн аль нэг нам засгийн эрх авсны дараа төрийн албан хаагчдыг хоморголон халах нь ч хэлмэгдүүлэлт гэж харж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл хүний эрхэнд халдаж байгаа нь хэлмэгдүүлэлт болчихно.
Хэлмэгдүүлэлтийг би хохироогүй, надад хамаагүй гэж бодох нь эндүүрэл. Энэ маань өөрөө нийгмийн үзэгдэл учраас хэнд ч ямар ч хэлбэрээр тохиож болно. Тиймээс нийгэмд энэ асуудлыг зөвөөр мэдэрч, ойлгох хэрэгтэй.
-Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан. Түүнээс хойш олон хүний нэр хүндийг цагаатгаж, бас ч үгүй нөхөх олговор өгсөн байх?
-Энэ хуулийг батлаад 15 жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 17584 иргэнд 16 тэрбум 326 сая төгрөг нэг удаа олгосон байдаг юм.
Орон нутагт зарим хүнд байр сууц өгөх байдлаар ажил үргэлжилж байгаа. Дахиад 6000 гаруй хүний асуудал орхигдчихсон байгаа болохоор жаахан хойргодуу байна уу гэж би хараад байгаа юм.
-Төрөөс цагаатгалын ажлыг дуусгана, өргөдөл авахгүй гэдэг шийдвэр гаргасан биш билүү?
-УИХ-аас 2011 онд тийм шийдвэр гаргасан юм билээ. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Миний хувьд үүнтэй санал нийлдэггүй.
Тиймээс УИХ-ын намрын чуулганаар үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барих гэж байгаа юм.
-Цагаатгах ажлыг үргэлжлүүлэх тухай юу?
-Тийм ээ. Уг нь дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хаврын чуулганаар өргөн барих гэсэн боловч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон завсарласаар байгаад амжаагүй. Тиймээс намрын чуулганаар өргөн барих юм. Цагаатгалын ажлыг үргэлжлүүлж өргөдөл, гомдлыг хүлээн авах хугацааг нээлттэй болгох, нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх зэргийг тодотгосон.
-Нэг сая төгрөгийг нэмэгдүүлнэ гэж үү?
-Хүний амь ганцхан сая төгрөгөөр үнэлэгдэх эсэхийг бодох ёстой. Үүнтэй зэрэгцүүлээд яривал долоодугаар сарын 1-ний хэргийг аваад үз. Төр таван хүнээ алсан. Дараа нь тавин сая төгрөгөөр үнэлсэн. Тэгэхээр өнөөгийн ардчилсан төрийн ёс суртахууны үүрэг гэж ойлгоод энэ мөнгийг нэмж олгоё гэдэг саналыг тавьж байгаа юм.
-Хэлмэгдүүлэлт, цагаатгах ажил гэхээр хэсэг хүний тухай ямар ч сураг гардаггүй. Энэ асуудлыг хэрхэх вэ?
-Нуулгүй хэлэхэд цагаатгах гэхээр хэлмэгдсэн эсэх нь тодорхойгүй хүмүүс байдаг. Гэхдээ бид үүнийг орхихгүй. Харин ч эрчимжүүлэн ажиллах ёстой.
-Орчин цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс ихэнхдээ Хүний эрхийн хороонд ханддаг болсон. Тэгвэл энэ хороо таны толгойлж буй комисстой хэр уялдаа холбоотой ажилладаг бол?
-Тодорхой уялдаа бол алга. Манай комиссын хувьд шүүхээр цагаатгагдсан хүмүүсийн нэр төрийг сэргээх, нөхөн олговор олгох, дурсгалыг хүндэтгэх зэрэг багц арга хэмжээ авдаг. Бүрэлдэхүүнд маань дээд шүүх, тагнуул болон прокурорын байгууллага ордог.
Иргэдийн хувьд ч манай байгууллагыг сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Тухайн хүн хилс хэргээр хэлмэгдэж, хохирсон нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд бидэнд хандаж болно.
-УИХ-ын дэд даргатай уулзсаных ээлжит бус чуулганы товыг мэдмээр байна. Энэ сарын 16-нд гэсэн сураг байгаа ч УИХ-ын дарга албан ёсоор захирамж гаргаагүй. Даргын зөвлөл дээр хугацааны тухай яригдсан уу?
-МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай санал гаргасан гэж сонссон. Бүх гишүүнд шаардлага хүргүүлснийг нь авсан.
Гэхдээ яг албан ёсоор даргын зөвлөл дээр яригдаж, шийдвэр гараагүй. Завсарлага үргэлжлээд, аравдугаар сарын 1-нээс чуулганы үйл ажиллагаа эхэлнэ гэсэн байр суурьтай байгаа. Нийгэмд эдийн засгийн байдал хүндэрч, төгрөгийн ханш унаж, доллар өссөн учраас УИХ-ын чуулганыг хуралдуулах ёстой гэсэн ойлголт байна. Хэрвээ шийдвэр гарчихвал бид бэлэн байгаа.
-Хувь гишүүний хувьд ээлжит бус чуулганыг дэмжиж байна уу. Эсвэл Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахыг хүлээсэн нь дээр гэж үзэж байгаа юу?
-Харах ёстой. Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Харин хариу арга хэмжээ авахгүй бол бид чуулганы үеэр хатуухан ярьж болно. Цахилгааны үнээс эхлээд, төгрөгийн ханш уначихсан байхад ард түмний амьдрал ямар байгааг харах хэрэгтэй. Засгийн газрыг хамаагүй сул тавьж болохгүй.
-Сул тавьж болохгүй гэж байна. УИХ-ын зүгээс Засгийн газрыг хэр сайн хянаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүд Засгийн газарт давхар алба хаших нь хяналтыг бууруулж буй хамгийн том асуудал. Үндсэн хуульд хулгайгаар оруулсан долоон заалтын нэг нь энэ юм. Миний хувьд үүнтэй санал нийлдэггүй. Засгийн газрыг хянасан шиг хянаж, ажиллуулсан шиг ажиллуулахын тулд гишүүд сайд байх ёсгүй.
Энэ утгаараа бидний хяналт үр дүн муутай байгаа. Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж аль аль талдаа ажил нь урагшлахгүй л байгаа юм.
-Хяналт муутай ч Засгийн газар бүтэн нэг жилийг ардаа орхичихлоо. Та тэдэнд ямар дүн тавих бол?
-Бүтэн жил бонд гэж яриад, хуваах гэж явсаар ирлээ. Одоо бид сайн, муу гэхээс илүү үр дүн нэхэх нь чухал гэж бодож байна.
-Сөрөг хүчний зүгээс үр дүн нь өнөөгийн эдийн засгийн хямрал гэж дүгнээд байгаа шүү дээ?
-Эдийн засаг олон зүйлээс шалтгаалдаг. Тэгэхээр аливаа асуудлыг ялгаж хандах ёстой. Өмнөх засгийн хийсэн ажлын үр дүн өрнөж байгааг ч үгүйсгэх аргагүй. Эвссэн гэдэг утгаараа өмөөрөх гэж байгаа юм биш.