УСОУХМ Д.Батжаргал: Уулын хүн холыг хардаг

???????????????????????????????Монголын хүүхэд залуучуудын спорт аялалын холбооны тэргүүн, уулын спортын ”Сутайн бор” клубын дасгалжуулагч, УСОУХМ Д.Батжаргалтай ярилцлаа.

 – Та бүхэн хэдэн хоногийн өмнө хаданд авиралтын улс, хотын аварга шалгаруулах тэмцээнээ явуулсан юм байна, энд нийт хэдэн тамирчид оролцсон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

– Монголын уулчдын үндэсний холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаданд авирагчдын улс, хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-аас 8-ны өдрүүдэд Дуган хад амралт цогцолборт амжилттай болж, аваргуудаа шалгарууллаа. Энэ жилийн тэмцээнд нийт 9 багийн 100 орчим тамирчид оролцсноос хотын аваргад 77 тамирчин, улсын аваргад  83 тамирчин тус тус оролцлоо. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5 насны ангиллаар явагдсан, энэ удаагийн тэмцээн  Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Дархан-Уул, Хэнтий, Өмнө-говь, Эрдэнэт, Багануур зэрэг 10 гаруй аймгийн хөдөө орон нутгийн баг тамирчид оролцсон, мөн  оюутнууд, өсвөр үеийнхэн, ахмад уулчид гээд үе үеийн уулын спортынхон маань нэгэн дор чуулж өрсөлдснөөрөө онцлог байлаа. Улсын аваргад багийн дүнгээр “Эверист” баг түрүүлэн,   “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг удаалж,  3-р байранд Говь-Алтай аймгийн Тонхил  сумын харьяат Я.Жанцангийн нэрэмжит ”Сутайн бор” баг  шалгарсан бол хотын аваргад 1-р байранд  “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг, 2-р байранд Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” баг, 3-р байранд  “Эверист” баг шалгарч амжилттай оролцлоо. Мөн улсын аваргын тэмцээнд анх удаа Говь-Алтай аймгийн Тонхил сумаас оролцсон  уулын спортын   “Сутайн бор” баг амжилттай оролцож  улс, хотын аваргаас медаль хүртсэн  нь онцлог байлаа. Бусад багуудын амжилт жигд сайн байсан ч насны ангилал дутуу гэх зэрэг багийн үзүүлэлтээр хойшоо ухрах тохиолдол ажиглагдаж байлаа.

–   Улсын аваргын тэмцээн хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

– Ханан хаданд авиралтын хотын аваргын тэмцээн 43 дахь жилдээ, улсын аваргын тэмцээн 1990 оноос хойш 13 дахь жилдээ тасралтгүй явагдаж байгаа. 1970 онд Хүрэлтогоотод анхны тэмцээнийг уулын спортын гавьяат багш н.Зориг санаачлан зохион байгуулж байсан түүхтэй байдаг. 1973 оноос эхлэн хаданд авирагчдын хотын аваргын анхдугаар тэмцээн Дуган хаданд зохиогдож эхэлснээс 40 жил болж байна.

–  Та шүүгчээр ажилладаг хүний хувьд анзаарсан байх, жил бүрийн тэмцээний баг тамирчдын бэлтгэл  ямар байна?

–  Багуудын бэлтгэл сургуулилт жил ирэх тусам сайжирч, өрсөлдөөн нэмэгдэж байна. Одоо бол баг тамирчид бэлтгэлээ өөрсдөө базаадаг. Социализмын үед  төрөөс бүх зүйлийг нь хариуцаад тамирчдыг  14-21 хоног  уулын бэлтгэлд  шахаад гаргачихдаг байсан бол одоо баг тамирчид, холбоо клубууд өөр өөрсдийн байгаа  оршин суугаа газраа бэлтгэлээ базааж байна. Миний хувьд 4-5 багийг 12 хоногийн өмнө авч гарч бэлтгэл хийлгэсэн. Тэр бэлтгэлийнхээ үр дүнгээр тэмцээнд дасгалжуулсан баг тамирчид маань тэмцээнд амжилтай оролцсон байх гэж бодож байна. Ямар ч байсан хүүхдүүд маань улс хотын аваргад амжилттай оролцсондоо баяр хөөр,  урам зоригоор дүүрэн байгаа.  Энэ удаагийн тэмцээн уулын спортын  гавьяат тамирчин Б.Гангаамаагийн нэрэмжит болсноороо онцлог байсны зэрэгцээ шинэ залуу олон тамирчид олноороо төрж гарснаараа бас нэг онцлогтой тэмцээн боллоо.

–    Уулын спорт дотроо хэдэн төрөлтэй, төрөл тус бүрийн ялгааны тухайд?

–   Уулын спорт нь өндрийн авиралтаасаа салаалан дотроо мөсөнд авиралт, хаданд авиралт, спорт авиралт гэсэн үндсэн гурван төрөлд хуваагддаг. Дэлхий дахинд эдгээр төрлүүдээс мөсөнд болон спорт авиралтын төрөл жигд хөгжиж байгаа. Спорт авиралт гэдэг нь зохиомол хана үүсгэж түүнд авиралт хийхийг нэрлэж байгаа юм. Энэ нь гэхэд дотроо бас төрлүүдтэй. Манайд бол хаданд авиралт 43 жилийн түүхтэй бол спорт авиралт нь 1984 оноос хойш буюу 29 жил хөгжиж ирсэн. Гэхдээ зах зээлтийн харилцааны эхэн үед уулын спортын төрлүүд нэг хэсэг уналтанд орсон бол сүүлийн 10 жилд харьцангуй эрчимтэй хөгжиж байна. Спорт авиралтаар  гадагшаа 2002-2005 онд тэмцээнд ороод, тэрнээс хойш тасраад 2010 оноос хойш дахин дэлхийн хэмжээний  тэмжээнд орж эхлэсэн байдаг. Манайд бол өндөр уултай, мөсөн ханатай, ханан хадтай болохоор уулын спортын спорт аялалаас бусад чиглэл нь хөгжих бүрэн боломжтой. Харин  спорт аялал нь заал танхим, зохиомол хана шаарддаг, тэрнийг нь бэлтгэж байж энэ төрлийг хөгжүүлдэг онцлогтой.

–    Уулын спортоор хичээллэх нь эрүүл мэндэд  сайн нөлөө үзүүлэхээс гадна  ямар ач холбогдолтой вэ?

–    Уулын спорт авиралтын төрөл нь  бүх спортын  суурь гэж ойлгож болно. Авиралт хийхэд хүний гар хурууны үзүүрийн үенээс хөлийн хурууны үзүүр хүртэлх бүх үе, булчин шөрмөс бүгд ажиллаж, хүний  биеийн ерөнхий порпорци жигд хөгждөг. Мөн  уулын спортоор хичээллэж байгаа хүн эрүүл чийрэг байхаас гадна,  өөрийгөө ялах, сэтгэлзүйгээ удирдаж сурах,  байгаль эх дэлхийгээ хайрлах,  эх орноороо бахархах, цаашлаад хэн хүний хүрч мэдэрч чадахгүй өвөрмөц сайхан мэдрэмжийг авч чаддаг. Сүүлийн үед ширээний хойно суугаа ажилтай хүмүүс энэ спортын төрлийг их сонирхох болсон. Хүн  20-30 минут авиралт хийхэд 3-5 км гүйсэнтэй тэнцэх хэмжээний хөлс  хүч гаргадаг гэдэг. Олон хүмүүс  над руу ярьж энэ төрлийн спортоор хичээллэх хүсэлтай байгаагаа илэрхийлдэг боллоо. Одоо чинь интернэт сайн хөгжсөн болохоор хүмүүс уулын спортын ач холбогдлын тухай тэндээс олж мэдчихээд, хичээллэх сонирхол төрдөг бололтой юм билээ.Өндөр ууланд гарсан хүн холыг хардаг гэдэг. Үүнийг шууд утгаар нь ойлгож болохоос гадна ууланд авирах явцдаа хүн байгаль дэлхийтэй холбоотой гэдгээ илүү мэдэрч, “хүн” гэдэг уг байгалийн мөн чанараа илүү таньж, бардам зан, ихэмсэг байдлаа гээж,  аливааг урьдаас  төлөвлөн тооцох, алсын хараатай амьдрах арга ухаанд сургадаг гэж би боддог.

–  Уулын спортыг хөгжүүлэх боломж ямар байна  вэ? Төр засгийн зүгээс дэмжлэг  хир үзүүлдэг вэ?

–  Уулын спортын өндрийн төрлөөр бид дэлхийн хэмжээний амжилтуудыг нэгэнт үзүүлж чадсан. Эрэгтэй эмэгтэй тамирчид маань дэлхийн дээвэр болсон Гималайн ноён оргил Эверистэд хэдийнээ гарсан. ХХххХхХхххххХарин  хаданд болон спорт авиралтын төрлийг илүү хөгжүүлэх шаардлага байна. Дашрамд хэлэхэд уулын спортын мастерын болзлыг хангахын тулд хаданд авиралтын тэмцээнд нэг бус удаа оролцож, тодорхой амжилт үзүүлсэн байх ёстой болдог. Уулын  спортоор хичээллэж мэргэжлийн тамирчин болж, амжилт үзүүлэх нь нэг талаас тамирчны ур чадвартай, нөгөө талаас  хөрөнгө мөнгөтэй салшгүй  холбоотой. Манай тамирчдын иж бүрэн гутал хувцас, багаж хэрэгсэл гэхэд л  дэлхийн стандартад нийцсэн нь 10 гаруй мянган долларын үнэтэй байдаг. Энэ бүхнийг тамирчид маань төр засгаас биш спортод элэгтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэгтэйгээр л зохицуулж ирсэн. Спорт авиралтын зааланд барьдаг зохиомол хана гэхэд л дундаж нь 30-50 мянган ам.долларын үнэтэй байдаг. Бид өнөөдрийг хүртэл төр засагт ийм тийм зүйл хэрэгтэй байна гэж хүсэж байсан удаагүй.

Уулын спорт манайд хөгжин, энэ чиглэлд дэлхийн хэмжээний амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг  сүүлийн үед  дотооддоо зохиогдож байгаа тэмцээнүүдийн үзүүлэлт харуулж байна. Мөн энэ спортыг хөгжүүлэхэд элэгтэй хандаж байгаа хүмүүсийн оролцоо энд чухал үүрэгтэй. Энд онцлон нэг хүний нэрийг  дурьдмаар байна. Энэ хүн бол уулын спортын ууган мастеруудын нэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Ядамын Жанцан агсаны охин Ж.Туяа захирал юм. Я.Жанцан мастер 1980-аад онд өөрийн төрөлх Тонхил сумандаа уулын спортын  “Сутайн бор” гэдэг клубыг байгуулсан байдаг.  Тус клубын үйл  ажиллагаа 1990-ээд он хүртэл явагдаж байгаад түүнээс хойш  2001 он хүртэл зогсонги байдалтай байсан. 2010 онд уулсын спортын эл клубын үйл ажиллагааг  сэргээн  явуулах боломж байгаа тухай  Ж.Туяа захиралд бид хандахад, тэрээр нааштайгаар  хүлээн авч, аавынхаа байгуулсан “Сутайн бор” клубын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж оролцох болсон. Саяхан болж өнгөрсөн хаданд авиралтын улс хотын аварга шалгаруулах тэмцээнийг Ж.Туяа захирал ивээн тэтгэн, шагналын данг нэг дахин өсгөж, олон улсын тэмцээний журмаар зохион байгуулсан  нь  уулчдыг тэмцээнд оролцох итгэлийг төрүүлж, тамирчдын дунд өрсөлдөөнийг бий болгон,  уулын спортыг сонирхох хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн гэж ойлгож байгаа.  Уулын спортын  холбооны ажилд  нэг жижигхэн клуб  идэвх санаачлагатай оролцон, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бусад олон клуб,  уулчдын талархалыг хүлээж, дэмжлэгийг аваад байгаа юм. Тиймээс энэ дашрамд Монголын уулчдын үндэсний холбооны  нэрийн өмнөөс, үе үеийн уулчдынхаа өмнөөс  “Сутайн бор” клубын тэргүүн Ж.Туяад талархаж яваагаа илэрхийлье.

Мөн “Оюу толгой” ХХК нь манай холбоонд 30 гаруй мянган долларын өртөгтэй,  7х7 метрийн  спорт авиралтын хана бэлэглэсэнд талархсанаа хэлэх нь зүйтэй. Харамсалтай нь одоогоор бидэнд  энэ ханыг барих спорт заал танхим байхгүй байна. Төр засаг, харьяа яамны зүгээс ханыг барих заал танхимын асуудлыг шийдэж өгнө байх  итгэж байгаа. Ингэснээр  спорт авиралтыг хөгжүүлэх чиглэлийн сургалт явуулах хувь нэмэртэй  үйл хэрэг болох юм.

– Удахгүй Европд авиралт хийнэ гэсэн мэдээлэл  байсан?

–  Тиймээ, 9 сарын 25-аас 10 сарын 05-ны  хооронд  уулын  спортын “Сутайн бор” багийн 7 тамирчин баруун Европын   Альпийн нурууны далайн түвшнээс дээш 4808 м өргөгдсөн ноён оргил болох Мон Бланд оргилд  Герман улсын  уулын спортын баг тамирчидтай  хамтран  авиралт хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа базааж дуусаад одоо явах өдрөө хүлээж байна. Эндээс ирээд дараа нь 10 сард Солонгос улсад болох  спорт авиралтын дэлхийн цомын тэмцээнд улсаа төлөөлөн 3 тамирчныг “Монголын хүүхэд залуучуудын Спорт авиралтын холбоо”-ноос оролцуулахаар бэлтгээд байгаа.

–   Та бүхнийг аян замдаа сайн явж, амжилт гаргаад ирэхийг ерөө.

–  За баярлалаа, ерөөл оршиг ээ.

Ярилцсан  Ц.Мөнх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …