Утааны эсрэг ТББ-ын ээж аавууд утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийх болжээ.
Тус төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид энэ сарын 10-ны өдөр Хотын захиргааны гадна талд 12-14 цагийн хооронд жагсана гэдгээ мэдэгдлээ. Утааны эсрэг ээж аавуудын зүгээс Хотын дарга С.Батболдоос утааг арилгах эрчимжүүлэхийг шаардаж жагсах юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газар Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр 2017-2025 онд хэрэгжиж 9.9 их наяд төгрөгийг зарцуулж орчны бохирдлыг бууруулахаар зарцуулна гэсэн судалгаа бий. Харин энэ онд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулна гэж тусгажээ.
Тэгвэл тус төрийн бус байгууллагын үзэж буйгаар энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах шаардлагатай 1их наяд 100 тэрбум төгрөг салхинд хийсч, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжээгүйн бодит жишээ гэдгийг онцоллоо.
Мөн тус хөтөлбөрийг ахин боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газар, холбогдох байгууллагуудаас шаардаж албан бичгийг хүргүүлжээ.
Утааны эсрэг ээж аавууд ТББ-аас хийсэн судалгаагаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг сугууль, хүүхдийн эмнэлгийн тасгуудад агаар цэвэршүүлэгчийн тоог нэмэхийг Хотын даргаас шаардаж нийт 3500 гаруй агаар шүүгчээр хангах шаардлагатай гэдгийг санууллаа.
Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү “Гэр хорооллыг дэд бүтцэт холбож орон сууцжуулж байж Улаанбаатарын агаарын бохирдол буурна. Гэтэл хотын дарга энэ ажлыг хийхгүй байна. Өнөөдрийг хүртэл газар чөлөөлөх ажил дээр явагдаж байна. Энэ хөтөлбөр үнэхээр хангалтгүй хэрэгжиж байна. Хотын дарга өнгөрсөн жилээс “Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ гэж амласан. Нүдэнд харагдах гарт барих хөтөлбөр хэрэгжихгүй хэвээр. Гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилнэ гэсэн ч өдий болтол бодитой хэрэгжүүлсэн төсөл алга. Нийслэлд 2017-2020 онд ширхэг сервис центр байгуулахаар төлөвлөсөн. Гурван жилийн дотор 100 сервис центр барина гэж тооцвол жилд 33-ыг барихаар байгаа юм. Гэтэл одоогоор таван сервис центрийн эхлэл тавигдсан. Тийм учраас хотын даргыг гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлээч ээ гэж бид хүсэж жагсаалыг хотын даргад хаяглаж байна. 2018 онд Монголын төр утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зориулна. Харин утаанаас болж өвдсөн хүүхэд насанд хүрэгчдийг эмчлэхийн тулд 160 тэрбум төгрөг зарцуулна гэсэн судалгаа бий. Тиймээс утаатай тэмцэх зөв шийдлийг иргэдэд танилцуулж хэрэгжүүлээч ээ гэж шаардаж байна. Жагсаалд иргэдийг идэвхтэй оролцоосой гэж уриалъя” гэж мэдэгдлээ.