Өвөл айсуй…

Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдддог Монгол оронд өвлийн улирал гадаа ирж хаалга тогшлоо. Энэ намар харьцангуй удаан үргэлжилж, урин дулаан байсан намар цаг өнөө өглөөний  нэвсийтэл  дарсан цасаар өвлийн улирлыг дагуулан ирлээ.

Өвлийг өнтэй давахаар эртнээс бэлтгэлээ базаасан нүүдэлчин малчдын хувьд энэ цас сандрах ажрах асуудал биш. Намрын налгар цагт найр наадмаас илүүтэй хадлан тэжээлээ бэлтгэж, мал ахуйгаа оторлож, өвөлжилтийн бэлтгэлээ базаасан малчид юу юугүй зад турхан болчихгүй л бол сэтгэл тэнүүн өвлийг угтаж байхад эсрэгээрээ найр наадам хэсэж, хадлан тариалан базааж аваагүй залхуу хойрго малчид өвлийн эхний цаснаар сандарч эхлэх нь зүйн хэрэг. Үүний нэгэн адил нийслэлчүүд та бидний өвлийн бэлтгэл хэрхэн хангагдсан вэ гэдэг асуулт анхаарал татна.

Юуны өмнө шинээр орсон цас автомашины зам дээр халтиргаа гулгаа үүсгэх тул жолооч нар өвлийн дугуйгаа машиндаа тавих нь юу юунаас чухал. Зуны улиралд тавих зориуллалттай  хатуу дугуй өвөл хөлдөж, мөстсөн зам дээр хий эргэн түгжрэл үүсгэх, машинууд өөр хоорондоо шүргэх, мөргөлдөх магадлалыг ихэсгэдэг. Түүнчлэн автомашин бариад анхны өвөлтэй золгож байгаа шинэхэн жолооч нар халтиргаатай зам дээр  өмнөх шигээ шууд тоормоз гишгэснээр улам гулгах магадлалыг нэмэгдүүлдэг тул шинэ жолооч нар  сонор сэрэмжээ дээшлүүлж, ойр хорхон тормзоо гишгэж хөдөлгөөнд оролцох нь чухал.  Мөн авто зам ашиглалтыг хариуцдаг компаниуд, дүүргүүдийн НҮГ-ууд зам дээр цацах элс, давсаа сайн нөөцлөх хэрэгтэй. Ноднин өвлийн хотын даргын хэлсэн шиг  нэг сард 13 удаа цас орсноос болоод зам дээр цацахаар нөөцөлсөн давсаа дуусчихлаа гэж хэлээд сууж байж болохгүй гэдгийг хаана хаанаа анхаарна биз. Энэ өвөл хир хэмжээний цас,  хэдэн удаа орохыг хотын дарга та бид  мэдэхгүйгээс хойш бэлтгэлээ сайн базаасан нь аминд өлзийтэй биз.

Дээр нь Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаан болохоор л завсарлага авч, зав гарахаар хор найруулдагаа больж, өөрсдийг нь сонгосон нийслэлчүүдийнхээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын төлөө НИТХ-аа хуралуулж, хуримтлагдсан асуудлуудаа шийдээд явах шаардлагатай байна. Эс бөгөөс нийслэлчүүдийн амьдралтай холбоотой төрийн байгууллагын олон шийдвэрүүд та нарын улс төржилтийн “золиос”  болж хоцроход хүрээд байна.

За тэгээд зун намаржин ухаагүй, дулаалаагүй усны хоолойг  уур цан татуулан өвлийн хүйтэнд ухаж янзлах улс манайхаас өөр байдагч юмуу үгүй ч юмуу. Гэр оронгүй, орц хонгилоор орон гэрээ хийдэг хүмүүсийг төр засаг нь ядаж өвлийн улиралд “ивээлдээ аваад” уудаг архинаас нь холдуулаад, дээдлийн улирлыг өнтэй давуулчихаасай  билээ дээ. Өвөл болохоор бид даарч хөрснөөсөө болоод ханиад томуу тусаж, ялангуяа хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахгүй дээрээ тулдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, халуун чацарган, витамин өгч, дулаан хувцаслаж цэцэрлэг сургуульд нь явуулаарай.

Өвөл айсуй…

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …