Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн Засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд хамтарсан ажлын хэсэг байгуулан, саналын зөрүүтэй асуудлууд дээр ойлголцох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Хууль санаачлагчийн тайлбараар дээрх хуулийг батлагдсаны дараа Засгийн газраар хилийн заагийг батлуулаагүй байх үед буюу 2009 оны долдугаар сарын 16-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль 2010 оны зургадугаар сарын 17-нд батлагдах хүртэл 11 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл олголт хэвийн явагдаж байсан. Энэ хугацаанд олгогдсон 120 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд шинээр дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ. Эдгээр тусгай зөвшөөрлүүдэд болон хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон 789 хайгуулын тусгай зөвшөөрөлд, түүн дээр хуулийг дагаж мөрдсөнөөс хойш олгогдсон 77 ашиглалтын тусгай зөвшөөрөлд энэ хуулийн нэмэлт өөрчлөлт үйлчлэхгүй гэнэ.
Харин хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын 346 тусгай зөвшөөрлийн хувьд цааш үйл ажиллагаа үргэлжлүүлэх өргөдөл гаргах боломж бий болж байгаа аж.
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хуульд заасан хилийн заагт хамаарч буй асуудлуудыг шийдвэрлэх, хуульд заасан хилийн заагт хамаарч буй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх өргөдөл гаргах бөгөөд тодорхой шаардлага, нөхцлүүдийг биелүүлэх боломжтой гэх дүгнэлт гарвал гэрээ байгуулах ба тусгай зөвшөөрлийг цуцлах болон дуусгавар болгох хүртлэх ашигт малтмалын ашиглалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төр, орон нутаг, олон нийтийн мэргэжлийн байгууллагын хяналтан дор зохицуулах журам болон гэрээний загварыг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх боломжтой аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн дунд ойлголтын зөрүү их байсан нь хурлын уур амьсгалыг бүхэлд нь шүүмжлэлтэй болгож байсан бөгөөд ажил хэрэгч байдлаар асуудалд хандах нь зүйтэй, ойлголтоо нэгтгэх үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэх санал гарч гишүүдийн олонх дэмжсэнээр хамтарсан хуралдаан өндөрлөлөө. Хамтарсан ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Д.Арвин ахлахаар болсон байна.
эх сурвалж: ньюс.мн