Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 04-ний өдөр боллоо. Хурлын онцлог юу байв. 2017 оны төсвөөс ирэх оны төсөв хэдэн тэрбумаар нэмэгдэв?

Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцсэн. Үүнд төсвийн тодотгол, ерөнхий төсөв, мөн 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, ирэх оныхоо үндсэн чиглэлүүдийг хэлэлцэж баталлаа. Ирэх оны Өмнөговь аймгийн төсөв 171.4 тэрбум. 2017 оны төсвөөс 2018 оны төсөв 60 гаруй тэрбумаар нэмэгдсэн. Энэ нь Өмнөговь аймагт  төрийн өмчит уул уурхай, татварын нэмэгдэл гэх зэрэг хуулийн хүрээнд гол орлогууд нэмэгдэж байгаа юм.

Төсөвт суусан томоохон ажлуудаас дурьдвал?

2018 он Өмнөговь аймгийн хувьд их бүтээн байгуулалтын жил байх болно. Засаг даргын 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрт орсон ажлуудаас нэлээд нь ирэх жилд хийгдэнэ. Тухайлбал, Өмнөговь аймгийн театрын барилгын хувьд хуучирснаас гадна багтаамж муутайг иргэд маань мэднэ. Тиймээс шинэ театр барихаар төлөвлөсөн. Мөн музейн шинэ барилга барих асуудал үндсэн чиглэлд тусгагдсан. Дээрх төсвөөс аймгийн төв Даланзадгад хотод 10 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Цогтцэций сум уул уурхайн нөлөөлөлд өртөж хамгийн их тоосжилттой байгаа учир Цогтцэций сумаас Эрдэнэс Тавантолгой руу чиглэсэн 2,2 км хатуу хучилттай зам тавихаар шийдсэн. Ер нь сум болгонд л бодитой хөрөнгө оруулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн.

Аймгийн хэмжээнд уул уурхайн салбараас гадна орлогоо нэмэгдүүлэх ямар чиглэл барьж ажиллаж байгаа вэ?

Өмнөговь аймаг уул уурхайгаа дагуулж аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Байгалийн сайхан үзэсгэлэнт газрууд, архелоги, палентлогийн томоохон олдвор, үзмэрүүдээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Дээрээс нь Оюутолгойн 1300 метрийн гүнд газар доор ямар том бүтээн байгуулалт явагдаж байна. Алс хэтдээ жуулчид үзэхийг ч байг гэхгүй. Тийм учраас байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын олдворууд, нүүдлийн соёл иргэншлээ үзүүлж уул уурхайгаас ч илүү орлогыг аялал жуучлалаас олох бололцоо байна гэж харж байна. Тийм учраас уул уурхайгаас олсон орлогоороо дэд бүтцээ сайжруулж авах л хамгийн чухал. Цэцэрлэг, сургууль барьж байгуулахын зэрэгцээ үйлдвэрүүдийг бас бий болгох нь хөгжил авчирна гэж хардаг. Жишээ нь махны үйлдвэр, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд, хүнсний бусад чиглэлийн бага оврын үйлдвэрүүдийг байгуулах чиглэлээр бид цаашид бодлого гаргаж ажиллах ёстой.

Өнгөрсөн жил хийхээр төлөвлөсөн ажлаа Өмнөговь аймаг хэдэн хувьтай биелүүлэв?

Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 90 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн ажлыг хэрэгжүүлэх   хүрээнд аймгийн ИТХ-аас 17 томоохон хөтөлбөрийг гаргаж баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил эхлээд явж байна. “Зөгийн үүр”, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Англи хэлтэй Өмнөговьчууд”, “Говийн нэмэгдэл”, “Тонн баялаг нэг мод”, “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх”, “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр гэх зэрэг 17 хөтөлбөр хэрэгжиж байгаа.

2017 онд иргэдийн дунд тулгамдсан асуудал юу байв, яаж шийдэв?

Ард иргэдийн хувьд аймгийн ИТХ-ын талаар ямар нэг гомдол санал ирүүлээд байсан зүйлгүй байлаа. Төлөвлөсөн тооцоолсон ажлуудаа цаг тухайд нь хийж ирсэн. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Л.Энхболдын санаачлан зохион байгуулсан үйл ажиллагаан дээр Даланзадгад суманд тулгамдсан асуудал юу байна гэдгийг тодруулахад хамгийн нэгдүгээрт утааны асуудал л байсан. Тийм учраас энэ оны өвөл утааг бууруулах чиглэлээр 500-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд явж байна. Жишээ нь, яндангийн утааг шүүх шүүлтүүр байрлуулах, шалны халаалтыг туршиж үзэх, халаалтын шинэ технологи туршиж үзэх гэх зэргээр ажиллаж байна. 2018 онд утааг эрчимтэй бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Төлөвлөсөн ажлуудаа цаашид хамтдаа хийж хэрэгжүүлнэ. Ер нь аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг 90 хувьтай дүгнэж байгаа нь өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газартайгаа нягт хамтран ажилласны үр дүн.

Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан дээр таныг албан тушаалаас нь огцруулах тухай асуудал яригдсан. Гэхдээ бүр танай намын бүлгийн төлөөлөгч  нар байсанд хүмүүс гайхсан. Яагаад?

Өмнөговь аймгийн ИТХ 33 суудалтайгаас МАН аймгийн ИТХ-д 20 төлөөлөгчтэй, Ардчилсан нам 13 төлөөлөгчтэй. Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал урд өдөр нь болсон. Бүлгийн хурал дээр аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нарын талаар ажлаа муу хийж байна ч гэдэг юмуу, ямар ч асуудал яриагүй. Тэгсэн хэрнээ хурлын хэлэлцэх асуудал ярьж танилцаад батлах үед аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэрэнбаяр хурлын даргад итгэл үзүүлэх эсэх талаар асуудлыг хэлэлцье гэж санал гаргасан. Үүнд бид санал хураах боломж байгаагүй. Яагаад гэвэл Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24.1 дээр хурлын тэргүүлэгч, хурлын гишүүд, засаг дарга хуралд асуудал санаачлан оруулах эрхтэй гэж заасан. Эрхийг нь бол ингээд заагаад өгчихсөн. 24.3 дээр үүргийг нь заасан бий. Энэ хуулийн 24.1-т хуралд асуудал оруулах эрхээ эдлэхдээ хурлын төлөөлөгч хурал болохоос нэг хоногийн өмнө хурлын төлөөлөгч нарт материалыг нь тараана. Энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гээд хуулиндаа тов тодорхой заачихсан. Гэтэл С.Цэрэнбаярын хувьд 2000-2004 оны хооронд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ИТХ-ын дарга, тэргүүлэгчээр ч тодорхой хугацаанд ажиллаж байсан хүн ийм санал гаргасанд харамсаж байгаа. Өөрийгөө засаг дарга болох ёстой гэж үзээд байгаа хүн шиг байгаа юм. Нэг удаа аймгийн засаг даргаар ажиллахдаа огцорч байсан энэ хүнд иргэд итгэл үзүүлэх нь юу л бол. Тэгээд ч С.Цэрэнбаярын хувьд энэ бүрэн эрхийн хугацаанд хожуу ирсэн төлөөлөгч.  Тэгсэн мөртлөө би заавал дарга болох ёстой гээд зүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Энэ хүний хувьд Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн эсрэг санал гаргаад хурлын даргад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлаар санал хураалга гээд тулгаж байгаа нь нэгдүгээрт хууль зөрчсөн, хууль журам зөрчихийг тулгасан, хоёрдугаарт намынхаа бүлэг дээр ямар ч асуудал тавихгүй орж ирж байгаа нь ёс зүйгүй, бүр цаашилбал нам дамжсан бизнесийн бүлэглэлийн захиалга биелүүлэгч болжээ гэж харагдаж байгаа. Жаахан шударга ажиллах гэхээр өөрсдийн эрх ашгийн төлөө унагах гэсэн ийм увайгүй үйлдэл л боллоо гэж би ажигласан. Тухайлбал, Ваанчигийн Мөнхбат төлөөлөгч байнга л огцруулна, би Х.Сугирын оронд ИТХ-ын дарга болох ёстой гээд хаа сайгүй зарлаад явж л байдаг. Анхдугаар хуралдааны өмнө МАН-ын ИТХ-ын 19 төлөөлөгчөөс 4-5 хүн нэгдчихээд “Энийг энэ албан тушаалд тавь, энийг уурхайн даргаар сонго, энийг Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болго, энэ хүнийг аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонго, ингэхгүй бол бид сөрөг хүчинтэйгээ хамтраад өөр асуудал ярина” гэх зэрэг улс төрийн шантааж хийж байсан. Сонгогч түмнийхээ сонголт, итгэлийг хүндэтгэж, амласан амлалт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс тэдний тавьсан зарим асуудлыг нь шийдээд л явсан. Гэтэл “Таван Толгой” ХК-ийн захирал болго гэсэн хүнийг болгоогүй гэдэг ч юм уу, одоо байгаа “Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлнө гэхээр ТУЗ-ийн гишүүдийн 66,5 хувиар шийддэг учраас 49 хувиас ТУЗ-д ордог 4 хүний оролцоогүйгээр шийдэх боломжгүй байна. Тэгэхээр энэ уурхайн даргыг солино гэдэг хаана хаанаа хүндрэл байгаад байна. Ер нь нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ гэдгийг шуудхан хэлье.

Ирэх жил хийх бүтээн байгуулалт, бодлого үндсэн чиглэл, төсөв хэлэлцэж байхад дэмжихгүй суух нь ажиглагдсан л даа?  

С.Цэрэнбаяр төлөөлөгчийн хувьд тэргүүлэгчдийн хурал дээр ч тэр, ер нь хурал зөвлөгөөн болохоор хамгийн их хууль ярьдаг, хамгийн их зарчим ярьдаг. Тэгсэн хэрнээ өчигдрийн хурал дээр хурлын даргад итгэл үзүүлэх асуудлыг  хэлэлцэнэ гээд орж ирж байгаа нь цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчсөн асуудал оруулж ирэх гэж зүтгээд, санал хураалгасангүй гэж гомдоллож байгаа нь хэлсэн ярьсандаа байдаггүйгээ илэрхийллээ.     Ер нь аймгийн МАН-ын хорооныхоо 81 гишүүдийн 50-иас дээш хувийн саналыг авч байж аймгийн удирдлагаар сонгогддог. Гэтэл намынхаа гишүүдийн итгэлийг авч сонгогдчихоод байхад, намын гишүүдийнхээ саналаас зөрөөд намынхаа бүлэг дээр ч асуудлаа танилцуулахгүй хуйвалдаж байгаад гэнэт хурал дээр оруулж ирж байгаа нь намын гишүүнийхээ хувьд ч ёс зүйгүй ийм л зүйл болсон. Энэ хүн намынхаа дүрмийг ч, төрийнхөө хуулийг ч уландаа гишгэж байна. Цаашид МАН-ын гишүүн байх ёс зүй байхгүй гэж үзэж байгаа.

Намынхаа бодлогын эсрэг ажилласан хүмүүст хариуцлага тооцох арга хэмжээ авдаг уу?

Намын дүрмэнд намын олонх гишүүдийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй хүнийг намаас хасах ийм л шийтгэл байдаг. Тэгэхээр үүнийг аймгийн намын хяналтын хороо нь авч үзээд намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрээ гаргаад явах ийм л зүйл байдаг. Аймгийн МАН-ын хорооны хурал 12 дугаар сарын 24-нд болно. Тэр үеэр хариуцлагын асуудал яригдах байх. Иргэдийн хурлын төлөөлөгчийнх нь хувьд ямар нэгэн огцруулах зүйл байхгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчийг огцруулах үндэслэл нь юу гэвэл нэгдүгээрт өөрөө хүсэлт гаргасан, эсвэл эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон, эсвэл нас барсан гэх мэт шалтгаанууд байдаг.

В.Мөнхбат төлөөлөгчтэй ямар нэгэн хувийн асуудал байхгүй биз дээ?

В.Мөнхбатын хамгийн их гомдол мэдүүлж,  огцруулна гэж заналхийлж байгаа зүйл нь “Оюу толгой” компанийн Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгээр Ханбогд суманд баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн 7 тэрбум орчим төгрөгийн тендерийг надад өгсөнгүй гэдэг ийм л гомдол хэлдэг хүн. Тэгээд манай эхнэрийг ажлаас халлаа гэж. Эхнэр нь ажлаас халагдсан нь аймгийн удирдлагуудтай огт хамаарахгүй. ГБХЗХГ бол босоо удирдлагатай байгууллага. Байгууллагаас нь олон удаагийн гомдол очоод тэгээд л шийдвэрлэгдсэн гэж би сонссон. Энэ мэт гомдлоо барагдуулахын тулд намын бодлогын эсрэг ажлыг С.Цэрэнбаяртай нийлж зохион байгуулж байгаа юм болов уу гэж харж байна. Ер нь бол В.Мөнхбатыг шуудхан хэлэхэд Өмнөговь аймгийн хэмжээнд олон удаа хүн зодсон, дарамталсан, шүүхээс удаа дараа эрүүгийн хуулиар шийтгэгдсэн ийм хүнээр аймаг удирдуулна гэдэг ойлголт 33 төлөөлөгчийг сонгосон ард түмэнд ч, биднийг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч болгосон МАН-ын 3100 гишүүдийн дийлэнх олонхид ч лав байхгүй.

Таныг аймгийн ИТХ-ын даргын ажлыг авахад уул уурхайтай холбоотй хууль шүүхийн асуудал, өр нөхөн төлбөрийн асуудал нэлээн байсан. Энэ асуудлууд одоо яаж шийдэгдсэн бэ?

Биднийг ажил авахаас өмнөх Л.Батчулуун даргатай аймгийн ИТХ нэлээд олон газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байна. Тэр орон нутгийн тусгай хамгаалалтанд авах үед нь хайгуулын лицензтэй нэлээд олон компани байсан юм билээ. Тухайлбал, Балгасны Улаан нуур орчмын газрыг хамгаалалтанд авахад цаад Пибоди ХХК заргалдаад аймгийн иргэдийн хурлаас 3.6 тэрбум төгрөг өгөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр 2015 оны сүүлээр гарчихсан. Аймгийн иргэдийн хурал тухайн үедээ давж заалдаж чадаагүй, ингээд 3,6 тэрбум төгрөгийг 2016 оноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас байнга бичиг хүргүүлж нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлөхгүй бол аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргын дансыг хаах хүртэл арга хэмжээ авах хууль байдаг. Пибоди ХХК компани 3,6 тэрбум төгрөг авах хэмжээнд шүүхээр заргалдчихаад байгааг мэдсээр байж аймгийн иргэдийн хурал дахиад “Пибоди” ХХК-ийн Ноён суман дахь газрыг тусгай хамгаалалтанд авсан байгаа юм. Тэгээд тэр компани дахиад шүүхээр заргалдсан. Одоо 2,7 тэрбум төгрөг нэхэмжлээд шүүх дээр аймгийн ИТХ хариуцагчаар оролцоод явж байна. Тэрнээс гадна SGS компанийн ашиглалтын лицензийн талаар орон нутгийн хамгаалалтанд авсан гээд тэр нь бас заргалдаж байгаа. 2015 онд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун SGS компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. 2015 оны 6 сарын 15-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын дараа  тус компаний талбайг цагдаад шалгуулсан юм байна лээ. Тэргүүлэгчдийн хурлаар тэр асуудлыг авч хэлэлцээд энэ газрыг чөлөөлөх эсэх тухай асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жилийн эцсийн хуралдаанаар хэлэлцүүл гэж Засаг даргад үүрэг өгсөн юм билээ. Гэтэл ийм шийдвэр гарсан хэрнээ 7 сарын 10-нд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нь гэнэт эвлэрлийн гэрээ байгуулаад явчихсан. Нэгэнт эвлэрлийн гэрээ байгуулахаар захиргааны хэргийн шүүхээс эвлэрлийн гэрээг нь баталгаажуулаад хоёр тал аль нь ч шүүхээр хандахгүй гэсэн. Эвлэрлийн гэрээ байгуулна гэдэг нь SGS ХХК-ийн ашиглалтын лиценз авсан байсан талбайг буцааж аймгийн тусгай хэрэгцээнээс гаргах үүргийг л аймгийн иргэдийн хурал хүлээсэн байна гэсэн үг л дээ. Гэтэл өгөх шийдвэр нь хурлаас гараагүй, ингээд SGS ХХК бид нарт байнга хүсэлт тавиад эвлэрлийн гэрээний дагуу энэ талбайг гаргаж өг гээд байгаа.

Хурлын дарга нь дур мэдэн гэрээ байгуулсан гэсэн үг үү?

Эвлэрлийн гэрээгээ байгуулахдаа буцааж өгнө гэж байгуулсан. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдээгүй, хурлын дарга өөрөө дур мэдэн ийм эвлэрлийн гэрээг хийсэн гэж харагдаж байна. Хурлын дарга хамтын шийдвэр гаргадаг байгууллагын гаргасан шийдвэрийг албажуулдаг ийм л хүн. Гэтэл дур мэдэн өөрөө эвлэрлийн гэрээг байгуулсан нь тодорхой байна. Л.Батчулуун өөрөө би дур мэдэж байгуулаагүй гэдэг юм билээ.

Тухайн үедээ олон га газар хамгаалалтанд авлаа гээд зарлаж байсныг санаж байна?

Ер нь газар нутгийг хамгаалалтанд авч байгаа нь сайн хэрэг, хамгаалалтанд авахдаа эргээд өөрсдөө шүүхэд унахааргүй нөхцлийг бүрдүүлж байж авах ёстой юмыг зүгээр л бөөнөөр нь хамж аваад дараа нь нэг хэсгийг нь тусгай хамгаалалтаас гаргаад л, нэгэнт л авсан юм бол эргэж гаргах шаардлага байхгүй баймаар. Нэг хэсгийг нь буцаагаад гаргачихсан. Нэг хэсэг нь шүүх дээр уначихсан. Ингээд аймаг, иргэдийн хурал асар их мөнгийг аж ахуй нэгжүүдэд өгөх өрөнд уначихаад л байна. Бид нар ажлаа аваад 1 жил гаруйн хугацаанд 20 гаруй удаа шүүх хурлаар явсан. Ерөөсөө ажил хийлгэдэггүй, шүүхээс дуудаад л аль эсвэл нэг аж ахуй нэгж орж ирж мөнгө нэхдэг ийм байдалтай л байна.

Саяхан орон нутгийн тусгай хамгаалалтанд газар авсан гэсэн?

Саяхан Хүрмэн сумын нутагт ашиглалтын лицензтэй байгаа талбайг тойрсон газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Ер нь тусгай хэрэгцээнд авах хэдхэн зориулалт бий. Бэлчээр, бичил уурхай гэх мэт. Тэр талбайг бичил уурхайн зориулалтаар аваад орон нутгийн хамтарсан аж ахуй нэгж байгуулаад хайгуулын буюу ашиглалтын ямар нэг зардлыг аймаг хариуцахгүй, цаад 75 хувийг эзэмшиж байгаа компани 100 хувь хариуцаж явахаар шийдвэр гаргасан. Энэ нь хурлын бүрэн эрх учраас хуралд танилцуулахаар шийдвэр өгсөн. Энэ газруудыг хэн нэгэн хүн гадаадын иргэнд өгчих гээд байсан учраас цаг алдалгүй ийм арга хэмжээ авч саатуулсан. Бид Хүрмэний хоёр газар, Хармагтайн орд тойрсон газруудыг бичил уурхайн зориулалтаар гэдгийг нь болиулаад бэлчээрийн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд авчихсан. Нэгэнт бэлчээрийн зориулалтаар авчихсан учраас 5 жилдээ ямар нэгэн хайгуул гэх мэт үйл ажиллагаа явагдахгүй. Хармагтайн ордыг тойрсон газруудад хувиараа алт олборлогч нар очиж ухаад байдаг хууль бус үйл ажиллагаа л яваад байх магадлалтай. Хууль журмын дагуу албан ёсоор хайгуул, уул уурхай, бичил уурхай гэх мэт зүйл явуулах ямар ч боломжгүй болсон.

Аймгийн ИТХ-ын жилийн төсөв хэд вэ?

Аймгийн ИТХ 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ хүмүүсийн цалин хөлс, урсгал зардал гэх мэт 300-400 сая төгрөгийн л төсөвтэй. Энэ жил аймгийн иргэдийн хурлын 33 төлөөлөгчийг үндсэн тойрогтоо ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс нэг төлөөлөгчийн суудлын мөнгийг 7,2 сая төгрөгөөр баталсан. Тэгэхээр аймгийн иргэдийн төлөөлөгч нэг гишүүн сардаа 500-гаад мянган төгрөгийн зардал гаргаад сонгогч иргэдтэйгээ уулзалт зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Суудлын мөнгөний нэг сая төгрөгийг нэр дэвшүүлсэн нам нь авдаг. Тэгэхээр 6,2 сая төгрөгийг ажиллах тойрогтоо зарцуулна. Үүнийг аймгийн иргэдийн хурлаас журам гаргаад журмын дагуу санхүүжилтын тайланг нь аваад улирлаар олгоод явна.

Аймгийн иргэдийн хурлын хувьд төлөөлөгчдөө чадавхжуулах тал дээр ямар ажлууд хийв?

Аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс Өмнөговь аймагт тогтвортой ажлын байр бий болгоё, тогтвортой ажлын байр бий болгодог зүйл нь үйлдвэр юм байна, тийм учраас 20-иос доошгүй үйлдвэр байгуулъя гээд үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөртөө тусгачихсан. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөө, багийн ИНХ-ын төлөөлөгчдөө чадавхжуулах чиглэлээр олон сургалтанд хамруулж, хаана хаанаа илүү шинэлэг байдлаар иргэддээ хүрч ажиллаж байна.

Ярилцсан: Ж.Сайнжаргал

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …