Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн дарга Х.Даваахүүтэй энэ жилийн ургац хураалт, хадлан тэжээлийн талаар ярилцлаа.
-Өнөөдөр ургац хураалтын явц ямар шатандаа явж байна вэ?
-Ургац хураалтын урьдчилсан балансаар манай тариаланчид үр тариа 17.7 тонн түүний дотор улаан буудай 15.5 тонн хураан авахаар тогтсон байгаа. Ургац урьд жилүүдийн адил сайн байна. Биднээс шалтгаалахгүйгээр цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалаад тариа хураалтын явц удааширч байна. Бороо нилээд орж, газар чийгтэй байгаагаас ангилж болохгүй байна.
Сүүлийн өдрүүдэд хяруу унаж, шууд хураалт эхэлсэн. Одоо хүлээх хугацаа ч байхгүй. Намрын налгар өдрүүд харьцангуй бага үлдсэн. Одоогоор арваад мянган га ангилсан дүнтэй байна. Энэ нь аймгийн ургац хураалтын 7-8 хувь гэсэн үг. Ангилаад хэвтүүлчихсэн 10 гаруй мянган га байна. Цаашид га-гийн ургац өснө. Энэ жилийн онцлогоос хамаараад чийгтэй будаа буух төлөвтэй байгаа. Хоёр хоногийн өмнө манай Яамны сайд ирж, суманд ажилласан. Нөхцөл байдлын талаар ярилцсан. Чийгтэй будаа ихээр буух учир хатаалгын зардал гарна.
-Тариаланчдын шатахуун, будааны үнийн асуудал энэ жил ямар хэмжээнд байна вэ?
-Манай аймаг улсын хэмжээний улаан буудайн 50 гаруй хувийг нийлүүлдэг. Энэ жилийн хувьд намрын ургац хураалтад Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас шатахуун олж чадсангүй. Жил бүр улаан буудайн үнийг Яамнаас тогтоодог байсан бол энэ жил зах зээлийнхээ жамаар явах чиглэлийг өгсөн. Ийм болохоор газар тариалангийн үйлдвэрлэл жаахан хэцүү байх бололтой. Манай тариаланчид тариагаа 400 мянгаар өгчих бодолтой байгаа. Үүндээ тээврийн зардлаа шингээчих юмсан. Манайхан чинь будаагаа өөрсдийн зардлаар хүргэж өгдөг. Энэ сарын эхээр бид баруун урд талын долоон сумын Засаг дарга нартайгаа уулзаж, ярилцсан.
Сайхан сумын Тариалан дэмжих сан дээр холбогдох гурилын үйлдвэрүүдийн удирдлагуудыг урьж ирүүлээд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, урьдчилгаа өгч шатахуун тосоо бэлдэх, будаагаа тэнцүүлж зах зээл дээр гаргах тухай тохиролцоонд хүрсэн. Энэ тал дээр “Улаанбаатар” гурилын үйлдвэрийнхэн манай аймагтай сайхан хамтарч ажиллаж байгаа. Мөн “Алтан тариа” компани Цагааннуурын чиглэлд хамтарч байгаа.
-Ургац хураалтын техник хэрэгсэл, хүн хүч бүрэн хангагдаж чадсан уу?
-Одоогоор техник, хүн хүчээр дутагдсан зүйл алга. Түрүүчийн оюутнууд, бас цэргүүд тариа хураалцахаар ирсэн байгаа. Одоогоор 200 гаруй ажиллах хүчин байна. Ажил жигдрээгүй учир дахиад хэдийг авах нь тодорхойгүй байна. Оюутнуудыг өдөрт 20 мянгаар ажиллуулахаар ярьж байна. Ямар ч байсан тариагаа цасанд даруулахгүйгээр хурааж авах зорилттой ажиллаж байна. Онцын бэрхшээл хүндрэлгүйгээр ажил ид явагдаж байна.
-Төмс хүнсний ногооны хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлын явц ямар шатандаа явна вэ?
-Сайдтай байгуулсан гэрээгээр манайх 60 мянган тонн төмс хураан авах ёстой. Ургац сайн байна. Өнөөдрийн байдлаар 30-аад мянган тонныг хураасан. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд манай ногоочидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод явсан. Ногооны борлуултад анхаарлаа хандуулахаа амалсан. Энэ амлалт сайн хэрэгжиж байна. УБ хотод ногоо борлуулах 28 цэгт манай 100 гаруй ногоочид ажиллаж байгаа мэдээ байна. Жил болгон зохиогддог “Намрын ногоон өдрүүд”-эд 14 сумын 160 гаруй ногоочин оролцохоо мэдэгдээд байна. Манай тосны ургамал нэмэгдсэн. Хуучин 10-аад мянган га-д тариалдаг байсан бол энэ жил 25 мянган га-д тариалсан.
Хадлангийн хувьд 300 мянган тонныг бэлтгэх ёстой. Өнөөдрийн байдлаар 50-иад мянган тонныг бэлтгээд байна. Хадлан дээр саад болох зүйл байхгүй. Одоо мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ид явагдаж байна.