“Бид мартахгүй” уран сайхны киноны Аюуш, “Ирж яваа цаг” киноны Готов, “Мандах нарны туяа” киноны Д.Сүхбаатар жанжны дүрээр бидэнд танил болсон жүжигчин Бямбажавын Базаррагчааг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Тэрээр шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.
-Монгол Улсын Гавъяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн өдөр “Монгол Улсын гавъяат жүжигчин” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Миний амьдралд хамгийн том гавъяатай эрхэм бол Монгол Улсын гавъяат зүтгэлтэн нэрт кино найруулагч Х.Дамдин агсан. Тэрээр намайг кино урлагийн салбарт хөтлөн оруулсан юм. Х.Дамдин багшдаа талархаж байна. Мөн “Монгол кино нэгтгэл” болон үе үеийн уран бүтээлчиддээ талархаж байгаа хэлмээр байна. Намайг өдий зэрэгтээ амжилтад хүрэхэд дэмжиж тусалж, сэтгэлийн дэм өгч байсан ах дүү, анд найз, журмын нөхөддөө талархаж байна. Миний бүтээсэн дүрүүдийг үзэх дуртай, хайрлаж явдаг, үе үеийн үзэгч олны сэтгэлийн шившлэг болж, намайг төр өндөр цол хэргэмээр шагналаа. Үзэгч түмэндээ маш их талархлаа.
-Цэргийн хүн урлагтай хэрхэн холбогдсон бэ. Энэ түүх манай уншигчдад сонирхолтой байх болов уу?
-Би урлагийн хүн болно гэж боддоггүй байсан. Нисгэгч л больё гэж мөрөөддөг байлаа. Тэгээд л иргэний агаарын тээврийн нисгэгч, байлдааны нисгэгч, сүүлдээ сөнөөгч онгоцны нисгэгч болно гэж зүтгэсэн. Гэхдээ дутуу зүтгэсэн юм уу эсвэл ямартай ч нисгэгч гэх мэргэжил надаас холуур өнгөрсөн. Тэгээд цэргийн офицер болсон. Энэ үед буюу 1985 онд Х.Дамдин багштайгаа танилцаж “Бид мартахгүй” киноны Аюушийн дүрийг бүтээж байлаа.
-Цэрэг хүн, тэр тусмаа бэлтгэгдсэн офицероо жүжигчин болгоод явуулахад тийм ч амар байгаагүй болов уу. Х.Дамдин найруулагч ч таныг жүжигчин болгохоор их хөөцөлдсөн гэж дуулсан?
-Армийн бодлого хүчирхэг, чанга байсан. Тийм үед офицероо Соёлын яам руу алдчих сонирхолгүй байсан юм биз. Миний багш Х.Дамдин найруулагч кино урлагийн жүжигчин болгьё гээд ангийн захирагч руу ороход “офицер хүн эх орноо манддаг учир жүжиглэдэггүй” гэж хариу өгөөд багахан маргаан гарсан гэдэг. Тэгээд Х.Дамдин найруулагч Батлан хамгаалах яаманд хүсэлтээ тавьж намайг жүжигчин болгож байлаа.
-Аюуш гэх эрэлхэг цэрэг эрийн дүрийг та тун чадмаг бүтээсэн. Эндээс л бид эх оронч үзэл, дайны үеийн хүнд хэцүүг ойлгож, мэдэрдэг. Таны хувьд Аюушийн дүрийг хэрхэн бүтээж байсан бэ?
-Намайг Аюушийн дүрд тоглох үед “Монгол кино нэгтгэл” жилд дөрвөөс, таван кино хийдэг байсан. Хяналт шалгалт чанга хатуу байсан үе л дээ. Тухайн үед дүрд тэнцэнэ гэдэг бол мундагт тооцогдог байсан. Гэхдээ одоо мэргэжлийн жүжигчин болчихоод тэр үеийг эргээд харахад найруулагч дотроо харчихсан дүрийг хайдаг учир хүнийг авьяастай юу авьяасгүй гэдэг чухал биш юм байна лээ. Тэр үед Аюушийн дүрийг бүтээхээр маш олон мундаг жүжигчид өрсөлдөж байлаа. Ж.Сүххуяг, Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрбаатар, Б.Жаргалсайхан нар байсан. Гэхдээ л найруулагчийн дотор амилсан Аюуштай би л адил байсан бололтой. Анхны кино байсан учир юу ч мэддэггүй байсан. Их бужигнаан дунд өнгөрсөн. Одоо бодоход тэр үед би азтай байж дээ.
-Өмнө нь цэргийн дүр бүтээж байсан хүн гэнэт жанжин Д.Сүхбаатарын дүрийг бүтээхэд хэр байсан бэ. Мэдээж Х.Дамдин найруулагч таныг энэ дүр тохирно л гэж сонгосон байх?
-Д.Сүхбаатар жанжны дүрд тоглох үед Х.Дамдин найруулагч “чи Дашнамжил гуайтай уулзаж болохгүй. Кинонуудыг нь үзэж болохгүй, чи жанжны дүрд яг өөрийнхөөрөө тогло” гэж зөвлөсөн. Дашнамжил гуайтай уулзвал жанжны дүрийг өөрийнхөөрөө гаргаж чадахгүй, түүнийг дууриаж тоглоно гэж сэрэмжлүүлсэн хэрэг л дээ. Тиймээс найруулагчийн хэлснээр хэнтэй ч уулзаагүй. Тэрнээсээ болоод Дашнамжил гуай “Жанжны дүрд нэг шинэ залуу тоглож байгаа гэнэ. Надтай ирж уулзаагүй” гээд шүүмжилж байсан гэсэн. Намайг танигдаг хүмүүс “чи яасан их пээдгэр болчихсон юм бэ” гэж хэлж ч байсан үе бий. /Инээв/
Би Аюушийн дүрийг бүтээхдээ их баярлаж байсан. Байнгын бэлтгэл сургуулилттай байсан болохоор дүр бүтээхэд амар санагдсан. Харин “Мандах нарны туяа” киноны Д.Сүхбаатар жанжны дүрд тоглох үед айдас төрж эхэлсэн. Зүгээр жирийн хүний дүр биш Монгол Улсын Ардын Засгийг байгуулсан хүний дүрд тоглож байгаа гэдэг утгаараа. Тэгээд ч хариуцлага өндөртэй нийгэм байсан учир өөрийн эрхгүй дотроо элдвийг бодож, эргэцүүлж дүр бүтээсэн. Харин хэрхэн дүр бүтээснийг минь ард түмэн мэдэх байх. Тухайн үед Соёлын яам, уран сайхны зөвлөл “Сайн тоглосон байна” гээд магтан сайшаасан.
-Олон сайхан эрийн дүрээр дэлгэцнээ мөнхөрсөн байна. Мэдээж эдгээр дүрүүд дундаас таны хайртай дүр гэж бий л байх. Аль дүрдээ илүү хайртай байдаг вэ?
-Анхны дүр гэдэг утгаараа “Бид мартахгүй” киноны Аюушийн дүрдээ хайртай. Харин хүмүүс намайг Готовын дүрээр илүү мэдээд байх шиг санагддаг. Гэтэл Готов бол дүр гол биш. Мөн яригдаж, яригдаж байгаад радиогоор нэг мэндчилгээ дэвшүүлээд киноны төгсгөлд гарч ирдэг. Энэ үзэгдэл л манай үзэгчдийн сэтгэлд тодхон үлдсэн юм шиг байна. Олон түмний хайртай дүрийг би ч бас хайрлалгүй яах вэ дээ.
-Жүжигчин хүний хүсэлд хязгаар үгүй шүү дээ. Танд одоо бүтээхийг хүсч буй ямар дүр байна вэ?
-Би баатар, жанжин, сайн залуугийн дүр бүтээсэн. Харин одоо бол Ц.Төмөрхуягийн тоглоод байгаа сөрөг дүр надад яагаад “олддоггүй юм бол оо” гэсэн бодол сүүлийн үед төрдөг болчихоод байна. Насаараа эерэг дүрд тоглосноос үзэгч түмэндээ өөрийгөө яаж эвдэж, хувирч, сэтгэлд нь зэвүүцэл төрүүлэм дүр бүтээж чадах вэ гэдгээ харуулж, өөрийгөө сорьж үзмээр санагдаад байдаг боллоо. Гэхдээ “Он цагийн эрэлчид”, “Итгэл”, “Маш нууц” зэрэг кинонуудад сөрөг дүр бүтээгээд амжсан шүү./Инээв/
-Та БНСУ-д 17 жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн гэсэн. Таныг ирэхэд Монголын кино урлагийн салбар хэрхэн өөрчлөгдсөн байв?
–Кино урлагийн салбар намайг эх орондоо ирэхэд өөрчлөгдөж эхэлж байсан. Жишээлбэл шинэ техник, технологи, шинэ нэр томьёо нэмэгдэж байлаа. Постер, Мaking Movie гэх зүйлсийг мэдэхгүй хүн л эх орондоо ирж байсан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл намайг ирэхэд Монголын кино урлагийн салбар сэргэж эхэлсэн байсан. Одоо улам л чангарч, сайжирч, сайн уран бүтээлүүд хийдэг болсон байна. Баргийн аавын хүү кино урлагийн салбараар оролдохоо байж. Энэ л зөв юм. Ингэж байж л чанартай уран бүтээл төрөн гарна. Нэг үе Монголын кино урлагийн салбар үзэгчдээсээ дэндүү холдчихсон байсан. Шалтгаан нь, Монгол Улсынхаа онцлогийг харуулахаа байчихаад Америк, Хонконгийн кино дээр гардаг шиг мафи, тусгайгийн сүр хүчийг л харуулж, атомын бөмбөг шидэх нь холгүй, алж хяддаг болчихсон байсан. Өнгөц харвал загвар хөөсөн байв. Харин одоо хүний дотоод сэтгэл, үндэсний онцлог руу өнгийсөн бүтээлүүд хийгддэг болсон байна. Энэ бол дэвшил юм шүү.
–Та Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д. Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” кинонд дүр бүтээсэн. Кино хийгдсэний дараа Д.Сумъяаг олимпоос медаль хүртэхэд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Киног үзсэний дараа зөгнөл биеллээ олжээ л гэж санагдсан?
-“Цагаан хадаг” бол маш гоё бэлгэдэлтэй, зөгнөж хийсэн кино. Гэхдээ алт авч чадалгүй, Бразилийн Силвад ялагдаж мөнгөн медальтэй ирсэн. Энэ л жаахан зөрчихлөө. Хэрвээ алтан медаль авсан бол “Цагаан хадаг” кино төгс зөгнөсөн бүтээл болох байлаа. Д.Сумъяагийн олимпийн барилдааныг үзэхэд галзуурах шахсан. Өөрийн эрхгүй биеэ чангалж үзсээр байгаад хөшчихсэн байсан./Инээв/
-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу. Авьяас удамшдаг гэдэг дээ. Аав ээж нь ямар мэргэжилтэй аль нутгийн хүмүүс байдаг вэ?
-Ном ёсоороо аавыгаа дагавал Завхан аймгийн Цагаанчулуутын хүн. Миний төрсөн газар бол Улаанбаатар. Манай аавыг Л.Бямбажав гэдэг. Насаараа боловсролын салбарт ажилласан. Аав минь их сайхан дуулдаг. Бага байхад Нисэгчийн тухай дуу, Зулай Цагаан Алтай зэрэг дуунуудыг хана цуултал дуулдаг байсан. Ээжийг минь Г.Бүлтэн гэдэг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат. Төрмөл дуучин хүн. Жаахан шаргыг уянгалуулж ирээд л маш сайхан дуулна шүү дээ. Одоо ч нас өндөр болцгоож дээ.
– “Сайн эр хүний ард сайхан эмэгтэй хүн түшиг тулгуур болж явдаг” гэдэг. Та Б.Базаррагчаагаар овоглох өөрийн гэр бүлээ танилцуулахгүй юу.
-Би эхнэртэйгээ 1997 онд БНСУ руу яваад 2013 онд эх орондоо ирсэн. Тэр хооронд манай хоёр хүүхэд төрсөн. Том хүү 7-р анги, бага охин дөрөвдүгээр ангид суралцаж байгаа. Одоогоор хүү, охин маань тус тусдаа дөрөв, дөрвөн кинонд тоглочихоод явж байна. Манай хүн бас урлагийн хүн. Харьковтийн сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн С.Сарангэрэл гэх бүсгүй бий. Одоогоор Сити Их сургуульд багшилж байгаа. Бид хоёр хүүхдүүдээ “жүжигчин болгоё” гээд зориод хүссэн зүйл алга. Өөрсдөө л дур сонирхлоороо кинонд тоглоод яваа. Одоо чинь сурах, мэдэх нас. Үүний дараа өөрсдийн зорилгоо тодорхойлох биз.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Олон гол дүрийн эзэн болоорой.
-Баярлалаа.
Г.Нараа