Өнөө маргаашийг харж, ирээдүйгээ баллаж болохгүй
УИХ-ын гүшүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын гол агууллага нь юу байв?
-УИХ-ын ээлжит бус чуулган эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг улс орны өмнө тулгараад буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хуралдаж байна гэж ойлгож байгаа.
Ганцхан сарын дотор валютын ханшийг 400 орчим төгрөгөөр алдаж байна. Үүнээс болж иргэдийн гар дээр болон хадгаламжинд нь байгаа мөнгө “цаас” болон хувирч байна. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгтэй хүний худалдан авах чадвар нэг сая төгрөгөөр биш, 600-700 мянган төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд хүрчихээд байна. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын сайд нар эдийн засаг өсөлттэй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэж тэс эсрэг юм яриад явж байх юм. Эдийн засагт үүсээд байгаа тодорхойгүй байдал, мөн Оюу толгойн тухай Ерөнхий сайдаас асууж, олон нийтэд ил тод байхыг шаардаж байгаа юм.
-Засгийн газраас эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд эрдэс баялаг, хөрөнгө оруулалттай холбоотой таван багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байгаа шүү дээ?
-Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт таван багц хуулийг оруулж ирсэн.
Эдгээр хуулиудын үзэл баримтлал, агууллагыг нь судлаад үзэхээр байгаль орчныхоо эмзэг бүс нутгийг хамгаалъя гэсэн үзэл баримтлалаасаа ухарч, алтаа ухъя гэсэн чиглэл рүү явж байна. Мөн алт олборлогчдыг дэмжих бодлогын цаана Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” ХХК-д дэмжлэг үзүүлэх санаа цухалзаж байгааг ч хэлэх ёстой.
Тодруулбал “Рио Тинто” урт хугацаатай их хэмжээний зээлд зуучлан өөртөө баталгааны шимтгэл болгон бусад хэлбэрээр 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежментийн төлбөр болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг нэмэгдүүлэн авч, харин зээлийн барьцаанд нь Оюу толгой компанийн биет болон биет бус бүх хөрөнгийг бүхлээр нь тавж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бүрдүүлчихээд байна. Үндсэндээ “Рио Тинто”-гийнхон өөрсдийн эрсдэлийг олон тооны зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллагад шилжүүлж Монгол Улсыг хэдэн үе дамжсан өрийн дарамтад оруулж олон улсын банк санхүүгийн байгууллагын аманд барьж өгөх бодлого баримталж байна. Нөгөө талаараа энэхүү том төслөөс ирээдүйд манай улсын авах ашиг, орлого буурах нөхцөл бүрдээд байгаа.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй алтанд хамаарах энэ гурван хуульд МАН-ын бүлэг өөрсдийн байр сууриа илэрхийлээд завсарлага авч байгаа. Эдгээр хуулийг эргэж сайн нягтлах хэрэгтэй гэдэг дээр “Шударга ёс” бүлгийн гишүүд, бие даагчид санал нэг байна.
-Лондонд Оюу толгойн ТУЗ хуралдах гэж байна. Манайхаас төлөөлөх гишүүд ч оролцохоор явсан. Тэгэхээр Оюу толгойтой холбоотой асуудалд одоо шаардлага хүргүүлээд нэмэр байна уу?
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, монголчууддаа өр өгөөж нь илүү байх хувилбарыг сонгох хэрэгтэй гэдэг асуудлыг ганцхан энэ жил ч ярьж байгаа юм биш. Өмнөх парламентад сууж байсан гишүүдээс нэр бүхий гишүүд эсэргүүцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Тэдгээр гишүүдийн зарим нь өнөөдөр уул уурхайн асуудлын гол цөм болон бусад хариуцлагатай албыг хашиж байна. Тодорхой ярих юм бол Д.Ганхуяг гишүүн Уул уурхайн, Н.Батбаяр гишүүн Эдийн засгийн хөгжлийн, Ч.Улаан Сангийн, Д.Тэрбишдагва гишүүн Шадар сайд болчихоод байна.
Дэрээс нь Оюу толгойн асуудалд бидэнтэй санал нэг байдаг З.Энхболд УИХ-ын дарга болчихсон байгаа. Өнгөрсөн онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг Засгийн газраас гарган ажилласан. Харамсалтай нь өнөөдөр ойлгомжгүй байдалтай болчихлоо.
Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан энэ асуудлыг дахин тавихаас өөр аргагүй байна. УИХ-ын олон гишүүн дэмжиж байгаа. Бидний энэ шаардлага УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулиуд, Оюу толгойн ТУЗ-ийн хурал гэх мэт толдорхой үйл явдлуудтай уялдаа холбоотой.
-Оюу толгойн хөрөнгө оруулалт зогссоноос валютын нөөц багасаж, улмаар ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдөх шалтгаан болсон гэх хүмүүс олон байна?
-Бид өнөө маргаашийг харж, ирээдүйгээ баллах ёсгүй. Одоо Оюу толгойн ордыг ашиглах төсөлд дэлхийн томоохон арилжааны 10 гаруй банк, томоохон улсуудын Засгийн газрын оролцоотой таван банк, санхүүгийн байгууллага олон нийтийн сангаас эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларыг 15 жилийн хугацаатай зээлэхдээ бидний баялгийг барьцаа болгох нөхцлийг Засгийн газарт тулгаж байна. Тулгалтын нэг хэлбэр нь 1700 гаруй хүнийг гэнэт ажлаас халах шийдвэрийг дангаараа гаргаснаар илэрч байна гэж үзэж болохоор байгаа.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын хууль, талуудын байгуулсан гэрээ, олон улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар холбогдуулан Ерөнхий сайдын дүгнэлт бидэнд хэрэгтэй.
Мөн шинээр зээлэх дөрвөн тэрбум ам.долларын зээлийн гэрээний гол нөхцлүүд, барьцаа болгох “Оюу толгой” компанийн биет ба биет бус хөрөнгийн жагсаалт түүний үнэлгээ тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл УИХ-ын гишүүд бидэнд хэрэгтэй байна шүү дээ.
-Хэрвээ “Рио Тинто” ХХК-иас тавьж буй саналыг Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд яах вэ?
-Роялти гэдэг зүйлийг лангууны эзэн нь авах ёстой. Гэтэл тэр татварыг “Рио Тинто” манай өмнөөс авах гээд байна. Хэрвээ тэдний шаардлагыг Засгийн газар хүлээж авсан тохиолдолд асуудал улам хүндэрнэ. Бид өмнөө барьж буй эрдэс баялгаа олон улсын 10 санхүүгийн байгууллагын дунд барьцаанд тавьчихаад тэндээс ашиг горьдож суух л хэрэг гарна. Энэ бол бид харсаар байгаад Монгол Улсын газрын хэвлийд байгаа баялгийг бусдад дээрэмдүүлж байгаа хэрэг. Эрдэнэтээс 10 дахин их баялагтай Оюу толгойд монголын төр ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Бид ямар ч байсан Лондонгоос ирэх хариуг хүлээж байна.