Б.Эрдэнэчимэг: Ямар ч дүр бүтээсэн өөрийгөө эвдэх хэрэггүй

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Монголын кино урлагт өөрийн өнгө төрхийг тодорхойлж, нэгэн цагт залуусын зүрх сэтгэлийг татаж явсан жүжигчин бүсгүй маань өнөөдөр урлагийн салбарт хойч үеэ бэлтгээд тун завгүй явна.

-Монголын кино урлагийн салбарт чимэг гэж үнэлэгддэг Б.Эрдэнэчимэг эгч минь хаагуур юу хийгээд явна вэ. Сүүлийн үеийнхээ сонин сайхнаас манай уншигчдад хуваалцаач?

– Сонирхогчдод зориулсан “Dream” сургалтын төвд багшилж байна. Өмнө нь “Stage” буюу тайз нэртэй сургалтын төвөө байгуулж, 2011 он хүртэл ажиллуулж байсан. Тэр сургалтын төвдөө телевиз радиогийн хөтлөгч, жүжигчин бэлтгэдэг байлаа. Жүжигчин мэргэжилтэй хүнд сэтгүүлзүйн ойлголт, харин телевизийн хөтлөгч, сэтгүүлч хүнд жүжиглэх ур чадвар дутмаг байдаг нь ажиглагдсан. Тиймээс энэ хоорондын ялгааг арилгаж, чадварлаг жүжигчин, чадварлаг хөтлөгч бэлтгэх зорилгоор өөрийн сургалтын төвийг байгуулж байсан юм. Үүний хажуугаар Монголын Үндэсний Их сургуулиас надад багшлах урилга ирж, харилцааны соёл хичээлээр таван жил багшилсан байна. Мөн “Зохиомж” дээд сургуульд жүжигчний ур чадвар, тайзны ярианы багш хийсэн. Удалгүй одоогийн “Dream” сургалтын төвд найман настайгаас дээш насны бүх хүмүүст нас харгалзахгүй хичээл зааж байна даа.

-Хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй цуг суугаад мэдлэг олж авч байна гэж үү?

-Өөр, өөр насны хүмүүс нэг ангид зэрэгцээд суухаар их сонирхолтой. Бие биенээсээ суралцах зүйл их байдаг нь харагдсан. Бага ангийн хүүхдүүд өгсөн даалгаврыг маш хурдтайгаар хийж гүйцэтгэж байхад насанд хүрсэн хүмүүс баригдмал байдаг. Мөн тэд хурдан ойлгодог ч гэсэн хурдан мартчихдаг. Харин хүүхдүүд ойлгоц удаан ч нэг ойлгосон зүйлээ мартахгүй байгааг хараад олон дүгнэлтүүдийг хийж болохоор байдаг л даа. Эндээс л өөр, өөр насны хүмүүс зэрэгцэж суугаад сурч боловсрох боломж бололцоог бүрдүүлсэн сургалтын төв байх ёстой юм байна гэдэг ойлголтыг авсан юм.

Анхны дүрээ эерэг дүрээр эхлүүлсэндээ баярлаж явдаг

-Сонирхолтой л юм. Ингэхэд та хамгийн анх “Амилсан чөтгөр” кинонд дүр бүтээж байсан. Тухайн үеийн дурсамжаас сэргээн ярихгүй юу?

– 1992 онд Харьковтын урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд, Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байлаа. Тэр үед Х.Дамдин найруулагч “Амилсан чөтгөр” нэртэй уран сайхны кино хийх гэж байна гээд бидний үеийн жүжигчдийг кино пробод оруулсан юм. Анх пробонд орохдоо “миний тоглох гэж байгаа дүр эерэг дүр үү, эсрэг дүр үү” гэж асуухад хоёрдугаар найруулагч “эсрэг гэмт хэрэгтний дүр байгаа юм” гэж хариулж байсан. “Анхны дүрээ эерэг дүрээр эхэлнэ” гээд өөртөө амласан байсан учраас эсрэг дүр гэхэд нь дурамжхан хүлээж авч, пробдоо орчихоод яваад өгсөн. Тэгсэн киноны гол дүр болох мөрдөгч залуугийн халамжит эхнэр буюу эерэг дүрд тоглохоор сонгогдсон байсан. “Амилсан чөтгөр” киноны зураг авалт явагдаж байхад хажуугаар нь Н.Ганхуяг найруулагчийн “Хэлтгий заяа” кинонд туслах дүр бүтээгээд амжсан юм. Гэхдээ “Хэлтгий заяа” түрүүлээд нээлтээ хийчихсэн. Хэдийгээр туслах дүр ч гэсэн бөхийн тухай хийморьтой сайхан кинонд тоглосондоо, мөн “Амилсан чөтгөр” кинонд сайн эхнэрийн дүр бүтээсэндээ баярлаж явдаг шүү.

-Үүний дараагаас сөрөг дүрд тоглож эхэлсэн үү. Тухайлбал, “Зүүд шиг хайр”, “Салж чадамгүй хайр”, “Зүрх зогсохгүй” зэрэг кинонуудад хань нөхрөө орхиод явж байгаа сэтгэлгүй бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг. Энэ дүрүүд найруулагчийн сонголт байв уу. Эсвэл та өөрийгөө эвдэж, өөр дүр бүтээхийг хүссэн үү?

-Хамгийн анхны сөрөг дүр бол И.Нямгаваа найруулагчийн “Байлдан дагуулагч” уран сайхны киноны гол дүр байлаа. Дараа нь Дарханы цахилгаан станцын 30 жилийн ойд зориулсан, найруулагч Д.Ганбаатарын “Зүрх зогсохгүй” кинонд Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий ахтай дүр бүтээж байв. “Нандин Эрдэнэ”, “Гарын таван хуруу” зэрэг кинонуудад тоглосон туршлагатай, мундаг жүжигчин ахтай хамт тоглох нь ээ гээд л баярлаж байсан шүү. Гэхдээ би сөрөг дүр бүтээе гэж өөрөө хүсээгүй. Найруулагчийн сонголтуудыг нь амилуулахыг хичээсэн.

– Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Золбоот та хоёрыг “алтан партнер” гэх бий. Олон уран бүтээлд эхнэр нөхрийн дүр бүтээсэн байна шүү дээ. Г.Золбооттой хамтран ажиллахад хэр байдаг вэ?

-Г.Золбооттойгоо хамт 10 орчим кинонд дүр бүтээсэн байна. “Эзэнгүй айл” гээд олон ангит кинонд нэг айлын хүргэн, бэр болж тоглодог. Хайр дурлалын сэдэвтэй олон кинонд эхнэр, нөхрийн дүр бүтээжээ. Сүүлд ч бас хамтдаа хөгшин аав, ээжийн дүр бүтээлээ. Бид хоёр уулзахаараа “Алтан партнераар юу байна” гээд л мэндэлнэ шүү дээ. /инээв/

Г.Золбоот минь мундаг жүжигчин. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд арваад кинонд тоглочихсон туршлагатай жүжигчин байсан. Хүн чанар сайтай. Оюутан байхад багш нар минь “жүжигчин хүн ямар дүр бүтээхдээ гол нь биш өөрөө л сайн хүн болж төлөвших учиртай. Үүний дараа аль ч дүрийг бүтээж болдог” гэж захидаг байлаа. Г.Золбоот бол тийм сайн жүжигчин. “Амилсан чөтгөр” кинонд тоглох үед их сандарч байсан. Тэгэхэд “Чимгээ чи чадаж байна аа. Болж байна. Битгий сандар” гээд л дэм болж байсан. Найздаа баярлаж явдаг.

Танихгүй хүнийг “миний нөхөр” гэж бодож үнсэнэ гэдэг чинь хэцүү байсан

-Анхны юм бүхэнд хөгжилтэй, сайхан дурсамжууд үлдсэн байдаг. Амилсан чөтгөр бүтээлийн зураг авалтын үед тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаас эргэн дурсаач?

– “Амилсан чөтгөр” киноны зураг авалтын нэг хэсэг, Г.Золбоот бид хоёрын амьдардаг гэр доторх зураг авалт байдаг юм. Төмөр замын гурван өрөө байранд зураг авалт явагдсан. Гэтэл өмнө нь Г.Золбоот бид хоёр уулзаж үзээгүй байсан л даа. Тэгсэн хаалга онгойгоод Г.Золбоот ороод ирсэн. Би “жүжигчин хүн чинь таньдаг юм шиг байх ёстой шүү” гээд л дотроо бодчихсон сууж байсан чинь “За эхнэрээр юу байна даа” гээд таг болчихсон. Тэр үед хальсаар зураг авдаг байсан юм. Нөхөр томилолтоор явах болоод би хувцсыг нь бэлдэж өгөөд үнсээд явуулах ёстой хэсэг байлаа л даа. Тэгсэн танихгүй хүнийг “миний нөхөр” гэж бодож үнсэнэ гэдэг чинь хэцүү юм билээ.

Сандраад… Х.Дамдин найруулагч “Чи яагаад хальс үрээд байгаа юм бэ. Яадаг хүүхэд вэ. Сургууль соёлыг нь төгссөн биз дээ” гээд загнахад нь “та энэ жүжигчнээ өчигдөр танилцуулахгүй яасан юм бэ” гэж хэлчихээд зогсож байсан чинь “чи өчигдөр танилцуулсан бол яах байсан юм, айн” гээд намайг явуулж, инээдэм болж байлаа. Уг нь гурван хүүхэд нь тоглож байх хооронд нөхрөө үнсэж гаргаж өгөөд хүүхдүүддээ анхаарлаа хандуулах ёстой хэсэг байсан юм. Тэгсэн хөшчихөөд хөдөлж ядаад байгаа хүнийг загнах нь аргагүй шүү дээ. “Би миний анхны кино” гээд өөрийгөө өмөөрсөн чинь Х.Дамдин найруулагч “Өө тийм үү. Миний киногоор эхэлж байгаа бол өөдөө л явна даа” гээд л хөгжилдөж байсныг санаж байна. Нөгөө талаас надад үнэхээр сайхан урмын үг хэлсэн юм.

-Монголын кино урлагийн салбар одоо л хүчээ авч байна уу гэлтэй сайн сайн уран бүтээлүүд олон төрж байна. Гэвч та гэнэт чимээгүй болчихлоо. Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж, дүр бүтээв?

-Өнгөрсөн өвөл “Карма” буюу “үйлийн үр” сэдвээр зургаан найруулагч нэгдэн богино хэмжээний кино хийсэн. Тэр кинонд эмчийн дүр бүтээлээ. Ирэх хавар МҮОНТ-ээр үзэгчдэд хүрэх “Эрт нахиалсан сарнай” олон ангит кинонд мөн адил эмчийн дүр бүтээлээ. Ээж маань эмч байсан учраас эмчийн дүрд тоглоход нэг л гоё, дотно санагддаг. Өмнө нь ихэвчлэн хайртай залуу, ханилсан нөхрөө хаяад явсан эмэгтэйн дүрд тоглож байснаа бодвол одоо эмчийн дүрд тоглоод хүнд зөвлөгөө өгөөд явж байна. Сайхан шүү дээ.

-Та гэр бүлээ манай уншигчдад танилцуулна уу? Энэ сайхан бүсгүйтэй ханилсан тэр азтай эр хэн бэ?

-Би нэг хүүтэй. Хүүгийн маань аав манай жүжигчний ангийн залуу байсан. Хоёул жүжигчин мэргэжилтэй байсан ч би мэргэжлээрээ ажиллаж, тэр маань бизнес хөөсөн. Гэвч жүжигчний ар тал байна гэдэг хэцүү шүү дээ. Хошин урлагийн салбар, кино зурганд явна гээд гэртээ бараг үзэгддэггүй байлаа. Тэгээд л хоёр тийш болсон доо. Түүнээс хойш хүүтэйгээ л амьдарч байна.

Өөрийнхөө бүтээсэн дүрийг хүмүүст хүргэж чадсанаа сонсоод баярладаг

-Жүжигчдийг бүтээсэн дүрээр нь хүлээж авах нь бий. Гэтэл та зарим бүтээсэн дүрээсээ шал өөр эмэгтэй. Харин нийгэм таныг хэрхэн хүлээн авдаг байв?

-Ихэвчлэн хүмүүс надтай харьцаж үзсэнийхээ дараа “чи бүтээсэн дүрээсээ шал өөр хүн юм байна” гэдэг. Миний тоглосон дүрийг үзчихээд муухай гээд бодчихсон явдаг юм байна л даа. “Зүүд шиг хайр” кинонд н.Энх-баатарыг дагаад явдаг хэсэг байдаг даа. Тэрийг үзчихээд энэ их далжигнасан хүүхэн байна гээд бодчихсон хүмүүс бий. Хөдөө орон нутагт тоглолтоор явахад хамт бүжиглэсэн хүмүүс “чи дүрээсээ өөр хүн байна” гэдэг. Үнэхээр хөөрхөн санагддаг шүү. Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид уран бүтээлчид очиж тоглолт хийсэн юм. Тухайн үед бид киногоо хуурцагаар аваачиж үзүүлдэг байсан. Тэгээд янз янзын шалтгаанаар хоригдсон хүмүүс эмзэг байх үедээ миний тоглосон дүрийг муухайгаар хүлээгээд авчихсан байсан. Тэгээд л надаас “та амьдралдаа ийм хүн биш үү” гэж асууж байсан. Тэр үед би инээгээд “тэр чинь миний ажил байхгүй юу.Амьдрал дээр шал өөр хүн” гэж хэлэхэд алга ташч, хүлээн авч байсан. Би өөрөө энгийн хүн болохоор кинонд ихэмсэг эмэгтэйн дүр бүтээдэг. Энэ л жүжигчин хүний чадвар шүү дээ. Мөн мэргэжлийн онцлогоос шалтгаалж олон хүнтэй танилцана. Тэр бүртээ өөрийнхөө бүтээсэн дүрийг хүмүүс хүргэж чадсанаа сонсоод баярладаг.

-Ихэмсэг бардам эмэгтэйн дүрээр танигдсан таны хувьд түүхэнд дүр бүтээх хүсэл байдаг уу. Тийм бол ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Би хатан ижийн дүрд тогломоор байдаг. Эрхэмсэг үедээ эрхэмсэг, эрдэмтэй ч үедээ ч эрдэмтэй хатан ижий болмоор санагддаг. Өүлэн эхийн дүрд тоглохгүй юмаа гэхэд дараа дараагийн мундаг хатан ижий нь дүрд тоглохыг мөрөөддөг. Гэвч найзууд минь “Чам шиг өндөр хатан гэж юу байх вэ дээ” гэж хошигноод өнгөрч билээ.

-Өөрөө кино хийе гэсэн бодол байдаг уу?

-Би олон жилийн өмнө кино хийнэ гэж үнэхээр их хүсч, өөрөө бараг зохиолыг нь бичиж үзсэн. Би их сайхан гэр бүлд төрж өссөн аав минь инженер, ээж минь эмч мэргэжилтэй. Аав, ээжийг ажилдаа явсан хойно дүү нараа хардаг байлаа. Амьдралд хөгжилтэй, баяртай зүйл олон тохиолдсон байдаг. Тэгээд “Манай гэр бүл” нэртэй кино хиймээр санагдаад дүү нарынхаа оронд жүжигчид тоглуулаад өөрөө ээжийнхээ дүрд тоглох юмсан гэж бодоод зохиолоо бичтэл кино зохиол гэхээсээ аав ээжийнхээ түүхийг бичсэн намтар шиг зүйл болчихоод болдоггүй. Тэгсэн удалгүй Япон, Америкийн гэр бүлийн тухай кинонууд гараад эхэлсэн. Тэгээд л гэр бүл гэх сэдвээр кино хийх санаагаа орхиж байлаа. Дараа нь 40 настай эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан кино хийх санаа төрсөн. Надад санаа нь байгаа болохоос зохиол болгоод кино хийх, мөнгөө хаанаас олох гээд мэдэхгүй асуудлууд олон байна. Гэхдээ л кино хийхийг хүсдэг шүү.

-Нэг хэсэг Монголын кино урлаг уналтад орсон. Гэхдээ одоо буцаад сэргэж байна. Таны хувьд энэ салбарын салшгүй нэгэн төлөөлөл. Тиймээс Монголын кино урлагийн салбар ямар төвшинд явж байна гэж та боддог вэ?

-Миний бодлоор Монголын Кино Урлагийн салбар маш сайн хөгжиж байгаа. Хэрвээ кино урлагийн салбарыг төр засгаас нь харж үзээд, ивээн тэтгэдэг хүмүүс нь нэмэгдвэл сайн уран бүтээлч залуучууд ихээр гарч ирж байна. Би чинь 1992 онд дөнгөж сургууль төгсөж ирээд л мундаг найруулагчидтай ажилласан азтай хүн. И.Нямгаваа, Б.Балжинням, Х.Дамдин, Б.Баатар, Г.Доржсамбуу гээд агуу хүмүүстэй ажиллаад үзчихсэн байна. Тэр үед Монголын кино урлаг хөгжиж байсан юм. Түүний дараа хэсэгхэн үе янз бүрийн сургууль төгссөн хүмүүс кино хийж мөнгө олох гээд эхлэхэд уналтад орсон. Одоо бол шинээр кино уран бүтээл хийж байгаа залуучуудыг ажиглахад хөгжил, ирээдүй нь өнгөтэй харагдаж байна. Мэдлэгтэй, чадвартай залуучууд олон болжээ. Тэд оргилд хүрэх гэж тэмүүлж байна. Харин тэднийг санхүүгийн хувьд л дэмжээд өгчихмөөр санагддаг. Сайн кино уран бүтээл ихээхэн хөрөнгө хаяж байж л бүтдэг. Америкийн киног хар л даа. Ямар их мөнгөөр ямар мундаг бүтээл гаргаж байна вэ. Хятад, Солонгос, Оросын кино урлагийн салбар ч ялгаагүй хөгжлийнхөө дээд түвшин хүрчихлээ. Оросын киноныхон саяхан бидэнтэй адил уналтад ороод явж байсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин кино урлагийг дэмжих шийдвэр гаргаад л салбар нь сэргэж эхэллээ. Манайд үгүйлэгдэж байгаа зүйл бол энэ л байна. Залуус мөнгө хайж гүйх бус дэмжлэг аваад дэлхийн түвшинд өрсөлдөх уран бүтээл хийхэд анхаарлаа хандуулдаг байвал манай кино урлагийн салбарт гэрэлт ирээдүй бий.

-Таны хүү одоо хаана ажиллаж байна. Ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн үү?

-Манай хүү ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй. Хүү маань наймдугаар ангид байхдаа нэг удаа “ээжээ би жүжигчин болдог юм уу” гэсэн. Тэр үед би цочоод “урлаг бол ахуй амьдралаа золиосолдог юм” гэдгийг бодитоор харчихсан болохоор хүүгээ дэмжихийг хүссэнгүй. Хүүгээ аав, ээждээ харуулчихаад олон хоногоор тоглолттой явчихдаг байсан. Тэгээд ч эрэгтэй жүжигчдийг харахаар өрөвдмөөр. Гэр бүлээ орхиод л амьдралын төлөө явцгаадаг. Айлын эр хүн гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байх нь жаргал байтал урлагийнхан хүссэн хүсээгүй орхиод л явна шүү дээ. Түүнийг л хүүдээ ойлгуулахыг хичээсэн. Өөр олон сайхан мэргэжил байгаа гэж зөвлөөд болиулсан даа. Дараа нь миний хүү инженер болно гэдэг болсон байсан. Удалгүй Италид суралцах тухай ярьж би ч түүнийг дэмжиж, худалдааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Гэхдээ л урлагийн тухай яриад л байгаа. Италид суралцах байсан юм бол урлагийн чиглэлээр суралцуулахгүй. Энд урлагийн сургууль олон байдаг. Тийм сургуульд сурсан бол гоё байхгүй юу” гээд л хааяа гомдоллож харагддаг. Хүүгийнхээ буянаар тэр сайхан улсад аялж, гайхалтай зүйлсийг харсан. Түүх, дурсгалаа хадгалж үлдсэн сайхан орон санагдсан.

-Та жүжигчний мэргэжлийг сонгохоор зорьж буй болон жүжигчний мэргэжлээр суралцаж буй залуусд юу гэж захимаар байна вэ?

-Эцэг эхийн хэлж байгаа үг бүр үнэтэй байдгийн адилаар багшийн үг ч үнэн зөв байдаг гэж одоо бодогддог. Тухайн үед залуу байсан учир багш нарын хэлж байгаа үгнүүд чихний хажуугаар өнгөрнө шүү дээ. “Нэгт, урлаг бол золиос тэвчээрийг шаарддаг. Хүн золиослогдсон ч гэсэн урлагтай хайртай байх ёстой. Хоёрт, хүнлэг байх ёстой. Чи хүмүүсийг хайрлаж байж дараа нь хүмүүст үйлчилнэ, хайрлагдана. Урлагийн тавцан өндөр. Энэ тавцан дээр гарах чи хүмүүст үлгэр дууриалал үзүүлэхүйц хүмүүжилтэй, чадамжтай байх учиртай. Хүмүүстэй зэрэгцээд муухай үг хэлээд, муу үйлдэл хийгээд явж болохгүй. Урлагийн хүн өөрөө хүмүүст хайртай, хүнлэг, цэвэр ариун сэтгэлтэй л байх ёстой” гэж байнга захидаг байсан. Хэрвээ чамд хүнийг муугаар бодох, үзэн ядах, атаархал төрж байвал тэрийгээ цэвэрлэж сурах хэрэгтэй гэж захидаг байжээ. Үүнийг л жүжигчний мэргэжлийг сонгох гэж байгаа, сонгосон залуусдаа зөвлөмөөр байна. Ямар ч дүр бүтээсэн өөрийгөө эвдэхгүй байгаагаараа байх л хэрэгтэй. Харин бусад зүйлийг чи өөрөө хөдөлмөрлөж бүтээнэ гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …