Н.Батцэцэг: Айдсаа давж байж амжилтанд хүрдэг юм шүү

Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Батцэцэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Түүнийг “Ардын жүжигчин” цол тэмдгээр, шагнуулж магадгүй гэсэн мэдээлэл дуулдах болсон. Гэхдээ гавьяат маань энэ мэдээллийг миний амнаас л анх удаа сонслоо гэсээр бидний яриа эхэлсэн юм.

Н.Батцэцэг эгчээс дуулах сонин их байгаа болов уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас манай уншигчдад хуваалцаач?

-Жүжигчний мэргэжлийг сонгосон, сонгох гэж байгаа залуучуудынхаа хүсэлтээр “Жүжигчин ба Би” нэртэй шинэхэн номоо өлгийдөж аваад удаагүй байна. Номоо бичихээсээ өмнө өөрийнхөө амьдралынхаа дурсамжийг ном болгон гаргавал зүгээр юм байна гээд бодож байсан. Миний амьдрал Монголын урлагийн салбартай салшгүй холбоотой учир ийнхүү номоо бичлээ. Нэг том ном биччихвэл бага насны хүүхдүүд уншихаас төвөгшөөх байх, тийм учраас гурван цуврал болгож гаргавал зүгээр юм байна гээд хүүхэд уншихад аль болох хялбар маягаар “Жүжигчин ба Би” нэртэй номоо гаргалаа.

-Номын нэр ямар учиртай вэ?

-Би хүүхэд байх насандаа жүжигчин гэдэг ямар хүмүүс байдаг вэ? Кино гэдэг нь миний нүдэнд яаж харагдсан бэ? Би өөрөө хэн байв гэдгийг ойлгуулах зорилгоор номоо нэрлэтэл их урт болчхоод байсан. Тэгээд ч номын нэр товч, богино байвал зүгээр гэж үзээд “Жүжигчин ба Би” гэж нэрлэсэн. Номын төгсгөлийн хэсгийг Н.Батцэцэг гэдэг хүүхдийн нүдээр жүжигчид гэдэг гайхамшигтай хүмүүс хэрхэн харагдаж, Монголын кино урлагийн салбарт анхлан орж байсан үеийнхээ талаараа дурдсан бичсэн.

Ном минь гурван цуврал бүрдэж байгаа. Эхний хэсэгт бага наснаас, хорин нас хүртэлх амьдралын түүх бичсэн. Би хүүхэд байхдаа гэртээ кино гаргаж тоглодог байсан юм. Эмээгийндээ очоод орных нь хөшигийг ярж байгаад л концерт тоглодог байлаа. Одоо ингээд бодоход хүүхэд ахуй цагтаа кино урлагийн салбарын жүжигчин болох гээд өөрийгөө бэлдээд байсан юм шиг байгаа юм. Багасаа л урлагт хайртай байлаа. Хэт их хүсэхээр хүний хүсэл биелдэг гэдэг шиг их сургуульд орос хэлний орчуулагчийн ангид сурч байхад кино урлагийн салбарынхан 18 настай хүүхэд хайгаад яг миний сурч байсан сургууль дээр ирж, намайг олж харсан гэдэг нь учрал юм даа. Урлагийг сонгож байгаа залуустаа “айдсаа давж байж амжилтанд хүрнэ шүү” гэдгийг номоороо дамжуулан хэлэхийг зорьсон. Би ч бас урлагийн салбарт хөл тавиад анхны кинонд тоглох, радиогоор нэвтрүүлэг хөтлөхдөө айгаад бүлтгэнэж байсан. Айдасдаа чөдөрлөгдөж байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Амжилт гэдэг чинь чулуунд боодолтой эрдэнэ. Тиймээс л хүч чадлаа дайчилж, чулуун доторх эрдэнийг гаргаж авах учиртай. Энэ санааг номондоо шигтгэж өгсөн.

-Таныг мэргэжлийн жүжигчний сургуульд сурч байсан гэж боддог байлаа. Гэтэл орчуулагчийн ангийн оюутан байхдаа анхны кинондоо дүр бүтээж байсан юм байна. Мэргэжлийн бус хүн кинонд дүр бүтээхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Оюутан байхдаа таван кинонд тоглосон санагдаж байна. Нэгдүгээр курст байхдаа “Эх бүрдийн домог”, дараа нь “Дэгдээхий нас”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Тойрох хуудас” зэрэг кинонуудад тогложээ. Бас болоогүй “Дэгдээхий нас”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн байна. Мэргэжлийн бус, орчуулагчийн ангийн оюутан бүрэн хэмжээний гурван ч кинонд гол дүр бүтээнэ гэдэг ховор аз завшаан байхгүй юу. Миний уран бүтээлийг цаанаасаа бурхан ивээгээд, дэмжээд амжилтанд хүргэсэн гэж бодогддог. Намайг оюутан байхад Н.Батцэцэг гэдэг хүнийг задалж, дэмжиж, хүмүүжүүлж, миний чадварыг олон нийтэд баталж харуулахын тулд ийм уран бүтээлийг надад илгээжээ гэж боддог. Сайхан дурсамжтай он жилүүд байжээ.

-Та “Америкт амьдрахуй” нэртэй номоо гаргасан. Номоо бичихийн тулд тус улсад ажиллаж, амьдарч буй хэчнээн Монголчуудтай уулзаж ярилцсан байдаг вэ?

-Манай Монголчууд Америкийн муж болгонд ажиллаж, амьдарч байна. Очсон хот болгондоо ажиллаж амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзаж, ярилцлага бэлтгэж, номондоо оруулж явсан.“Америкт амьдрахуй” номыг тус улсад анх удаагаа очиж байгаа залууст гарын авлага болгох зорилгоор гаргасан юм. Ингэхийн тулд Америкт амьдарч байгаа бүхий л Монголчуудын санал зөвлөгөөг тусгасан гэж хэлж болно.

-“Жинжиймаа” киноны 15 жилийн ой тохиож байна.Киноныхоо ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-“Жинжиймаа” кино 2003 оны 3-р сарын 8-нд эмэгтэйчүүдийн баярын өдрүүдийг тохиолдуулан нээлтээ хийж байжээ. Киноныхоо 15 жилийн ойн хүрээнд хүчирхийллийн эсрэг арга хэмжээ зохион байгуулах тухай БСШУСЯ-нд хүсэлт тавьсан.“Жинжиймаа” бол өнөөдрийн нийгэмд хүчирхийллийн эсрэг үзэл санааг илэрхийлж чадах уран бүтээл. Эмэгтэйчүүдийн байгууллагын захиалгаар хийгдсэн кино юм. 15 жилийнхээ ойн хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтран, уулзалт зохион байгуулж, бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ажиллахаар зорьж байна.

-“Жинжиймаа” киноны дууг НҮБ-ын хүүхдийн элч дуучин МУГЖ Т. Ариунаа дуулсан. Харин МУГЖ Т.Ариунаа өнгөрсөн онд гаргасан “Cosmic Ariunaa:The Remixes” цомогтоо “Жинжиймаа” киноны дууг шинэчилсэн найруулагтайгаар дуулсан байсан. Танд шинэчилж дуулсан дуу нь таалагдсан уу?

-Надад шинэчилсэн хувилбар нь маш их таалагдсан. Би эхлээд айж л байлаа. Киноны дууны үг, ая их сайхан бичигдсэн. Тэр ч утгаараа кино анх ямар дуутай байсан, хүмүүсийн сэтгэлд анх хүрснээр нь байлгахыг хичээсэн. Тэгээд “за яадаг бол доо” гээд сонссон чинь киноны дуу гэдэг утгаараа, уянгын хэлбэрээ огт эвдээгүй, тэгсэн мөртлөө дундуур нь уянгалаг гоё л нэмэлтүүдтэй их сайхан найруулгатай болсон байна лээ.

-Югославын “од” Гойко Митичтэй хамт “Газарчин” кинонд хамтран тоглосон. Тэр үеэсээ дурсахгүй юу?

-Югослав гаралтай Германы Дефа студитэй ажилладаг Гойко Митич тэр үед индианы цуврал кинонууд болох “Хэлмэгдсэн омгийнхон”, “Опачи” зэрэгт тоглоод Монголд их танигдсан алдартай жүжигчин байлаа. Би анх их сүрдсэн. Хоёр талын найруулагчид гол дүрийн жүжигчдээ дагуулж ирээд анх танилцацгаасан. Тэгээд зураг авалтын явцад дасаад их дотно найзууд болсон доо. Манай Гойко оросоор их сайхан ярьдаг. Зургийн завсар чөлөөгөөр надаас их юм асууна. “Танай монголчууд охидоо гадаад хүнтэй суулгах дургүй гэл үү? Бас хүүхдийнхээ гэрлэлтийг ээж аав нь зөвшөөрөхгүй бол суудаггүй гэсэн үнэн үү” гээд л асууна. Заримдаа Гойко усны машины жолоочийн кабинд суугаад тарвага эргүүлээд явчихсан байдагсан. Биднийг Германд очиход сүйд болсон. Германд нээлтээ хийх үед очиход миний дүрд их бүдүүн дуутай хүүхэн дуу оруулсан байсан. “Газарчин” киноны Монгол талын найруулагч нь УГЗ Ж.Бунтар гуай ажилласан. Гайхалтай хүн шүү.

-“Гэрлэж амжаагүй явна” кинонд бүтээсэн таны дүр одоо ч сэтгэлд тодхон байдаг. Хайрын сэдэвтэй тус кинонд жүжигчин Ч.Хүрэл ахтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

-“Анхны алхам” кино үзээд дотор нь орчихсон байж билээ. Ч.Хүрэл ах модоор сийлбэр хийгээд сэтгэлтэй бүсгүйдээ өгч чадалгүй явуулчихдаггүй юу. Кинондоо орчихоод их л харамсаж байж билээ. /инээв/

Дараа нь “Гэрлэж амжаагүй явна” кинонд хамт  тоглох болсон.Төгсгөлийн хэсгийг авахад Хүрлээ ах руу хайрын харцаар харах хэрэгтэй байлаа. Би түүнээс сүрдэж айгаад их сандарсан. Тэгсэн Ч.Хүрлээ ах “Батцэцэгээ чи  яг миний нүд рүү  хар даа” гэж хэлж  билээ.

-Суварган цэнхэр уулсын байлдагч залуу, томилолтоор ирсэн сэтгүүлч бүсгүй бодит амьдрал дээр дунд сургуулийн нэг ангийн найзууд байсан гэдэг. Одоо ч уран бүтээлээрээ хамтарч, Монголын урлагийн салбарын сор болж явна. Найзтайгаа ойрд уулзав уу. Та хоёрын хувь бие биенээсээ суралцах зүйл олон байдаг байх даа?

-Ажил ихтэй уулзаж амжихгүй л явна.Ц.Төмөрбаатар бид хоёр нэгдүгээр ангиасаа л хамт суралцаж, урлагийн салбарт хөл тавьсан байна. Хүний амь, Суварган цэнхэр уулс, Фронтод явах өргөдөл, Сийлэн бөөр, Сүүлчийн шөнө гээд олон кино уран бүтээлд хамтран ажиллажээ. Бид хоёр жижиг биетэй учраас хоёрдугаар салааны хамгийн урд суулгадаг байсан. Тэр тухай хоёулаа уулзахдаа ярьж, хөгжилддөг юм.

Ц.Төмөрбаатар багын л авьяастай хүүхэд байсан. Ангийнхаа хүүхдүүдэд кино болон хөгжилтэй зүйлс ярьж өгч инээлгээд л. Хичээлдээ ч сайн сурдаг байсан. Найзаасаа би одоо ч суралцсаар явна.

-Таны уран бүтээлүүд үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх нь их. Тэгвэл “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” гэх бас нэгэн сайхан уран бүтээл бий. Энэ кинонд таны хүү М.Ивээл дүр бүтээсэн байдаг. Хүү тань хэрхэн дүр бүтээсэн гэж та боддог вэ?

-“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд анх хүүхдийн дүрд сонгон шалгаруулалт хийхэд “гудамжны хүүхдийн дүрд тоглох юм байна” нүгэл гээд эцэг эхчүүд хүүхдээ аваад явчихсан. Тэгээд хүний хүүхэд тоглуулж байхад том хүү М.Бишрэлээ тоглуулдаг юм билүү гээд бодчихсон байлаа. Энэ үед М.Ивээл киноны зохиолыг уншуулчхаад жигтэйхэн уйлаад. Тэгэхээр нь чи энэ хүүгийн дүрд тоглож чадах уу гэж асуусан чинь “аав, ээж та хоёр хажууд байвал чадна. Өөр танихгүй хүмүүс байвал чадахгүй” гэдэг юм байна. Тэгээд л аав нь найруулагчаар, ээж нь жүжигчнээр тоглож байгаа учраас М.Ивээл энэ кинонд дүр бүтээсэн юм.

“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кино нээлтээ хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа “ээж надад мөнгө өг” гэж байна. “Миний хүү мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Би кинонд тоглосон учраас хөлсөө авъя” гээд их ширүүн нэхэж байна. Тэгэхээр нь авахыг хүссэн дугуйг нь авч өгөөд өрнөөс гарч билээ. /инээв/

Миний хүү “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд тоглосныхоо дараа “Вансэмбэрүү”, “Цагаан сүүний домог” кинонуудад бас дүр бүтээсэн. Намайг киноны натур дээр байхад аавтайгаа ирэх үед, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч харчихаад “танай М.Ивээл их сэргэлэн хүү шүү. Хүүтэй чинь ярьж үзлээ.Цагаан сүүний домог кинондоо тоглуулмаар байна” гэж хэлсэн.Тэгээд л хүүтэйгээ хамт хоёр дахь кинондоо тоглож билээ.

-Кинонд тоглоод л гүйж явсан хүү нь том болж “Цэн тогоруу” нэртэй анхныхаа уран бүтээлийг найруулж, “Улаанбаатар олон улсын кино наадам” оролцож байлаа. Хүүгийнхээ анхны уран бүтээлийг үзээд хэрхэн дүгнэж байв?

-Миний хүү кинонд тоглохоосоо илүү кинонд найруулах сонирхолтой байсан. Тэгээд Америкт кино найруулагчийн ангийг төгсөж ирээд “Цэн тогоруу” нэртэй анхныхаа киног найруулж “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын тэргүүн байрын шагналыг хүртсэн. Хүүгийнхээ найруулсан кинонд би проддессараар нь ажиллаад тус кинонд туслах дүр бүтээсэн. Би хүүгээ “Цэн тогоруу” кинонд найруулагчаар ажиллаж байхад миний анх кинонд тоглож байсан үеийн дурсамж сэдрээд их сайхан санагдсан. Хүний залуу нас сайхандаа, миний хүү анхныхаа уран бүтээлийг хийж эхэлж байна. Цаашдаа олон сайн уран бүтээл хийгээрэй гээд эх хүний хувиар дотроо ерөөл өргөж байлаа.

-Зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Үзэгчдийнхээ сэтгэлийн утсыг хөндсөн олон сайхан уран бүтээлээр дахин уулзахын ерөөл тавья.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …