УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Тиймээс энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа. Тэрбээр уг хуулийн ажлын хэсэгт МАН-ын бүлгийг ахлан ажиллаж байгаа юм.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олны анхаарлыг багагүй татаж байна. МАН-ын бүлгийн хувьд нэлээд хэдэн санал оруулж байгаа. Та нөхдийн санал хэрэгжих найдвар байна уу?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг энэ долоо хоногт багтаан батлахын тулд ажлын хэсгийнхэн нэлээд нухацтай, шахуу байдлаар ажиллаж байна. Манай бүлгийн зүгээс энэ хууль хамгийн түрүүнд өрсөлдөх чадвартай байх ёстой гэдэг санал оруулж байгаа.
Мөн татварын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад дэмжлэг, хөшүүрэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын 15 тэрбум төгрөгийн босгыг буулгаж, орон нутаг руу чиглүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлсэн. Одоогоор ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэгдээд явж байгаа.
-Хугацаа дөхөөд ажлын хэсгийнхэн 22:00 цаг өнгөртөл хуралдаж байгаа дуулдсан. Зарчмын зөрүүтэй санал хураалт ч нэлээд ширүүн явагдаж байгаа сурагтай?
-Тийм ээ. Ажлын хэсгийнхэн 60 гаруй зарчмын зөрүүтэй саналыг цэгцлэхээр ажиллаж байна. Бид эмхэлж, цэгцлээд намын бүлгүүддээ танилцуулсны дараа байнгын хороо руу шилжүүлэх ёстой.
-Тогтвортой байдлын хугацааны хувьд зарим гишүүн чамлаж байгаа. Тухайлбал Оюу толгойтой 30 жилийн гэрээ хийсэн гэх мэтээр шүүмжилж байсан?
-Угаасаа 5-10 жил гэдэг чамлалттай. 1993 онд гарсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгийн хэмжээнээс хамаарч 30 хүртэл жил тогтворжуулах тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн хэмжээнээс хамаардаг юм.
Тиймээс одоо яагаад 10 жил гэж хатуу хуульчлах ёстой гэж гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Үүнээс шалтгаалан хөрөнгө оруулалтын хэмжээ, байршил, салбараас нь хамааруулж тогтвортой байдлын жилийг зааж өгөх тухай тусгаж өгч байгаа юм.
-Тэгвэл өмнөх хөрөнгө оруулагчид яах болж байна?
-Мэдээж тэднийг орхигдуулж болохгүй. Тэд ч бас тогтворжуулах гэрчилгээ авах ёстой. Үүний тулд энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гаргаад түүндээ хөрөнгө оруулалтын үйл явц нь дуусаагүй, таван жилийн дотор явж буй компаниудыг хамруулж болох юм.
-Ихэнх хөрөнгө оруулагчид энэ хууль хурдан батлагдаж, мөрдөгдөөсэй хэмээн алгаа үрж суугаа нь тодорхой?
-Шууд бүгдийг хамруулахгүй шүү дээ. Тодорхой хэмжээний шалгуур тавьж таарна.
-Уг хууль батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтын болон стратегийн салбарт хөрөнгө оруулах тухай хуулиуд хүчингүй болно. Тэгэхээр стратегийн салбаруудад ямар зохицуулалт хийх вэ?
-Гадаадын төрийн өмчийн оролцоо 25 хувиас дээш байвал Эдийн засгийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл авах тухай заасан байгаа.
-Татварын орчинг нь тогтворжуулах тухай заачихаар томоохон аж ахуйн нэгжүүдийн охин компаниуд татвараас бултах нь гэсэн хар нийгэмд үүсээд байгаа шүү дээ?
-Хөрөнгө оруулсан компани тогтвортой байдалд шилжинэ. Мэдээж хөрөнгө оруулсан гээд толгойг нь илээд суухгүй. Тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулсан ямар нэгэн төсөл байх учиртай.
Тэрхүү төслийг санхүүжүүлэхээр оруулсан хэсэгт нь л тогворжуулах юм. Үүнийг хуульд маш сайн салгаж тусгасан учраас санаа зовох шаардлагагүй.
-Аль ч Засгийн газрын үед жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийг дэмжих нэрээр өчнөөн зээл олгодог. Тэгсэн хэр нь татварын дарамтаас чөлөөлж буй нь мэдрэгддэггүй. Одоо бол 15 тэрбум төгрөгийн босгоос болж бүр ч гаргуунд нь гаргахаар шийдэж, өмнөх ажлуудаа үгүйсгэх гээд байна уу?
-Жижиг, дундыг ялгаварлахгүйн тулд газар зүйн байршлаар тогтворжуулах тухай ярьж байгаа. Тухайлбал хот, суурин газар хөрөнгө оруулсан бол хэмжээ нь гурван тэрбум, орон нутагт бол нэг тэрбум гэх зэргээр заана. Ингэснээр жижиг хөрөнгө оруулагчид энэ хуулийн хүрээнд хамрагдах боломжтой болох юм.
-Энэ хуулийн “ачаар” гадаадын хөрөнгө оруулагчид орж ирсэн ч татварын хэмжээ багасаад төсөвт ахиц гарахгүй юм биш үү?
-Манай улс татварын хамгийн таатай орчинтой орны тоонд багтдаг. Энэ хуультай холбоотойгоор төсөвт төвлөрүүлэх татварын орлого буурахгүй. Тухайн аж ахуйн нэгжийн зөвхөн хөрөнгө оруулалтын төслийг тогтворжуулах учраас бусад үйл ажиллагааны татвараа төлдгөөрөө төлөөд явна.
-Хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэдэг дээ. Багахан хөрөнгөө хөдөө рүү төсөл хэрэгжүүлэх нэрээр урсгаад эхлэх байх даа?
-Тэгэхгүй байлгүй дээ. Хуулийн хэрэгжилтийг хянах байгууллага байхад тогтворжуулах орчинд хамрах эсэхийг ялгаж, салгана байх.
-Энэ хуулийн төслийг томоохон бизнес эрхлэгчид Засгийн газраар дамжуулж, оруулсан гэх хардлага байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Хэн хүний хардах эрх нээлттэй. Засгийн газарт томоохон компаниудын захирлууд байдаг болохоор хардсан байх. Гэхдээ энэ хууль том, жижгээр ялгаварлахгүй учраас санаа зовох шаардлагагүй.