Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Монгол ньюс мэдээллийн төвд 12.00 цагаас “Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулж “Галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.
Галзуу өвчнөөр гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад, хүн өвчилдөг. Энэхүү өвчний илрэх тэмдэг нь мэдрэлийн хэт цочрол болон саа тусаж илэрдэг хурц урсгал явцтай өвчин юм.
Галзуугийн үүсгэгч нь вирус нь хүний тархины эсэд үрждэгээрээ онц ноцтой байдаг. Энэхүү өвчин гардаггүй дэлхийн ямар нэг тив орон гэж байдаггүй бөгөөд халдварын ”А” зэрэглэлийн ангилалд багтдаг өвчин юм. Өвчин үүсгэгчийг гол тараагч нь чоно, нохой байдаг бөгөөд үнэг, хярс зэрэг зэрлэг амьтдаар түргэн дамждаг. Галзуугийн вирус нь дулааны улиралд тэсвэр муу +70 градуст амархан үхнэ. Энэхүү Вирус нь мал амьтан галзуурахаас 3-10 хоногийн өмнө шүлсэнд гарч илэрдэг. Ийм учраас хүн хазсан нохой, муурыг заавал 10-с доошгүй хоног тусгаарлаж уяанд байлган ажиглалт хийдэг учиртай.
Биед орсон вирус орсон газартаа хэсэг зуур байгаад нервийн ширхэгээр дамжиж нугасанд хүрч цаашдаа уураг тархинд очно. Эндээ үржиж эмгэг үүсгэнэ. Дараа нь гадагшилж шүлсний булчирхайд хүрч шүлсэнд орно. Өвчний нууц үе нь 3-8 долоо хоногоос нэг жил хүртэл үргэлжилнэ.
Галзуугаар өвчилсөн мал, амьтан нь цочромтгой ууртай болж аажмаар ноомой болон саа тусах маягаар өвчилнө. Нохойд нууц үе нь 14-60 хоног үргэлжилнэ. Өвчилсөн нохойн байдал өөрчлөгдөж анхаарал нь сулрах, их эелдэг болж хөлөө долоох, шарвагнах, нүдний харц нь муудаж, нүд нь улайх, бөглүү газар хэвтэх дуртай болох, хий залгих, янз бүрийн юм хазах залгих шархалсан газар нь загатнах шинж тэмдэг илэрч, хэвтэр нь ихдэж хоол тэжээл ундаа идэхээ болино. Энэ үед гэнэт босч өөр амьтад, хүн рүү дайрах байдлаар илэрч саа тусах маягаар эрүү нь унжиж шүлс нь гоожиж эхэлдэг.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Галзуутай тэмцэх ажилд хүн, мал эмнэлэг, төр захиргааны байгуулага хамтран арга хэмжээ авах ёстой. Мөн золбин нохой, муурыг улирал харгалзахгүй тогтмол устгаж байх, эзэнтэй нохой, муурыг вакцинжуулах арга хэмжээнд бүрэн хамруулж байх шаардлагатай байна.
Харин өнөөдөр энэхүү гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн ард олонд дэлгэрэнгүй мэдээлэл хийх гэж байна.