С. Эрдэнэбат: Хөдөлмөрийн хуулинд Засгийн Газар, УИХ маш болгоомжтой хандах шаардлагатай байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо 2018 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудал хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалтай дэлхий нийтээрээ энэ үзэл баримтлалыг тавьж байгаа. Энэхүү үзэл баримтлалд бүх зүйл багтана. Цалин хөлс, нийгмийн аюулгүй байдал, тогтвортой ажлын байр, аюулгүй ажлын байр гэх мэтчилэн зүйл хамаарна. 2018 онд бид Зохистой Хөдөлмөр Тогтвортой хөгжлийн төлөө уриан дор ажиллаж байгаа. Он гарснаар тэтгэврийн насны асуудлыг хэвэнд нь болголоо. Харин хууль хэлэлцэхэд нэг алдаа гарсан энэ бол хөдөлмөрийн хэвийн бус, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг хамруулахгүйгээр хуулиас хассан асуудал байсан.

Ер нь хэлэхэд Төрийн байгууллагуудын хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Хамгийн хөдөлмөрийн хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүсийн насыг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоодог байсан бол хуулиас хэвийн бус нөхцөлийг аваад хаясан. Үүнээс болоод хөдөлмөрийн хэвийн бус, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа маш олон хүмүүс хохирох, энгийн ажиллаж байгаа хүмүүстэй адил тэтгэвэрт гарах эрх нь үүсэх нөхцөл байдалд хүрсэн. Энэхүү асуудлыг удахгүй бид засаж залруулахаар ажлууд хийгдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлэхээр бэлтгэл ажиллаа хангаад байж байгаа.

Хэлэлцээрт цалин хөлс нэмэгдүүлэх асуудал байгаа. Ялангуяа төрийн албан хаагч, багш эмч эмнэлгийн ажилчид болон хувийн хэвшлийн байгууллагад цалин хөлс нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Сүүлийн гурван жилд цалин хөлсийг дорвитой нэмсэнгүй. Бараг гурван Засгийн Газар энэ асуудал дээр хориг ажиллаа. Цалин хөлсийг нэн даруй нэмэгдүүлэх нийгмийн том хүлээлт байна.

-2018-2021 онуудад ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага хөгжлийн зорилгоо тодорхойлоод ерөнхий зөвлөлийн хуралдаанаар цаашид зохион байгуулах үйл ажиллагааныхаа зорилтуудыг дэвшүүлсэн. 2018-2021 онуудад дундаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг тавьж байгаа. Мөн ялгаагүй тэтгэврийг хүртэл нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Түүнчлэн хөдөлмөрийн доод хэмжээг ч гэсэн хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Хоёр жилд нэг удаа тогтоодог 240000 мянгыг ядаж 480000-д хүргэх.

-Орон нутгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Манай гишүүн байгууллагууд Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд оролцож байгаа. Тодорхой үйл ажиллагааны чиглэлүүдийг анхан шатны байгууллагуудад хүргэж нэгдсэн төлөвлөгөө гаргаж ажиллах зарчмуудаар явдаг. Ирэх жилүүдэд хөдөө орон нутгийн сум дээр ажиллаж байгаа Үйлдвэрчний Эвлэлүүдийг идэвхжүүлж ажиллана. Мөн хувийн хэвшлийн салбарт хөдөлмөр эрхлэлтийн зөрчил их байдаг. Эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс хэнд хандахаа мэддэггүй. Энэ чиглэл руу Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хандаж, нийлээд идэвхтэй ажиллана гэсэн зорилтыг тавьсан. Ойрын хугацаанд томоохон хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хөдөлмөрийн хуулийг Засгийн Газар УИХ-д өргөн барьж байгаатай холбоотой хөдөлмөрийн хуулинд гадаад дотоодын шинжээчидтэй хамтарч ажиллалаа. Хөдөлмөрийн хуулийн гол зорилго нь хөдөлмөр эрхэлж буй хүн ажил олгогч хоёрын хөдөлмөрийн харилцаан дахь ямар нэгэн зөрчилгүйгээр нэг мөр ойлгомжтой хөрсөн дээрээ буусан ажилчид хөдөлмөр эрхэлж буй хүндээ илүү давуу талыг эдлүүлэх шаардлага тавьж байна. Хөдөлмөрийн хуулинд Засгийн Газар, УИХ маш болгоомжтой хандах шаардлагатай. Мөн нийгмийн даатгалын тухай багц хуулиуд хэлэлцэгдэж эхлэх гэж байгаа. Энэ асуудал Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэтгэврийн нас, шимтгэлийг нэмсэн асуудалд анхаарч ажиллана. Тэтгэврийн шимтгэлийг нэмчихсэн байгаа. Энэ асуудлыг эргээд харах шаардлагатай. Тэтгэврийн өвлүүлэх асуудал яригдаж байна. Насаараа нийгмийн даатгал төлсөн хүмүүс тэтгэвэртээ гарч чадахгүй цаг бус, ослоор нас барсан тохиолдол байгаа. Эдгээр хүмүүсийн 20-30 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хаашаа орж байгаа вэ. Үүнийг бол нийгмийн даатгалын сангийн тоогоо руу хийгээд явж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээ эдэлж чадаагүй эдгээр хүмүүсийн үр хүүхэд, гэр бүлд нь тэтгэврийнх нь тодорхой хэмжээг нь өгдөг байх шаардлагатай. Ингэвэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ.

-Татварын багц хуулийг хэлэлцэж эхэлж байна. Энэ тал дээр танайхаас ямар ажил хийх вэ?

-Зөвхөн цалингаараа амьдарч байгаа хүмүүст татварын шинэчлэл бий болсноор ямар үр өгөөжөө өгөх вэ? Хүн болгонд байр аваад байх чадал байхгүй. Яагаад өөрийн нэр дээр байгаа орон сууцаа зарж борлуулах шилжүүлэх нөхцөл гарахад дахин татвар төлөх шаардлагатай гэж? 500000 төгрөгийн цалинтай хүмүүсээс татвар огт авахгүй байж болохгүй гэж үү? Гэтэл татвараа төлдөггүй хариуцалгүй компаниудыг өршөөж чөлөөллөө. Энэ бол үндсэндээ нийгмийг бухимдуулсан асуудал болоод байна.

Тиймээс татварын шударга тогтолцоог ярих ёстой. Ингэж байж л хуулийн цоорхойгоор гарчихдаг, эсвэл чихэр долоох мэт татвар төлдөг байдлыг эрх тэгш болгож, бүгд адилхан татвар төлдөг болно. Ингэснээр бага дунд орлоготой иргэдээ татвараас чөлөөлөх боломж ч үүсэх юм.

-Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулах саналыг Засгийн Газраас шаардсан. Шаардлагын хариу ирсэн үү?

-Татвар, цалин хөлстэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо яаралтай хуралдана. Одоогоор Засгийн Газраас хуралдах тодорхой товыг ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын хугацаа нь өнгөрчихөөд байгаа. Мөн тэтгэврийн нас, татварын асуудал байна. Татварын хуулийг зөвхөн сангийн яам ганцаараа шийдэх ёсгүй. Татвар төлж буй хүн болгоны саналыг асуух шаардлагатай.

-Багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар өнгөрсөн онд МҮЭХ-ны зүгээс тодорхой үйл ажиллагаа зохион байгуулсан. Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар манай боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоо тодорхой ажлуудыг хийж байгаа. Нэг удаа цалин нэмэгдүүлэхээсээ илүүтэйгээр олон жил багш нарын эрх зөрчигдсөн асуудлуудыг засаж залруулах тал дээр нэлээдгүй ажлуудыг хийсэн. Засгийн газраас багш нарын цалинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж бидний тавьсан шаардлагыг хүлээж авсан. Ерөнхий сайд бол энэ онд цалин нэмнэ гэдгээ зарласан. Гэхдээ нэмэгдэл 10 дугаар сараас орно гэсэн. Харин бидний зүгээр 10 дугаар сар хол байна. Ядаж тавдугаар сараас нэмэгдүүлэхийг шаардсан байгаа.

– Өнгөрсөн онд Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал болох 300000 төгрөгийг олгосон. Гэвч урамшуулал бүтэн оролгүй тасарсан тухай төрийн албан хаагчид гомдоллож байна. Энэ ямар учиртай вэ?

-Үр дүнгийн урамшуулал дээр нугалаа гаргасан байна лээ. 300000 төгрөгөөс ганцхан хүн амын орлогын албан татвар авах ёстой. Гэтэл ажил олгогчдын төлөх ёстой шимтгэлийг суутгаад авсан байна. Энэ асуудлыг шүүхдэж, буцааж олгоно. Ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг яахаараа ажилтанд өгөх мөнгөнөөс суутгаж авч байгаа юм бэ. Төсөв дуусаж байх үед шийдэгдсэн асуудал учраас санхүү байхгүй гээд ийм шийдвэр гаргасан гэсэн хариулт өгсөн байна лээ. Энэ бол буруу.

-Багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлыг салбарын сайд дэмжлээ гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Ийм боломж бий юу?

-Цалингийн зээлийг тэглэх асуудлаар ямар ч яриа тохиролцоо хийсэн зүйл байхгүй гэж Боловсролын сайд нь өөрөө мэдэгдсэн. Зарим хүмүүс худлаа хэлж хүмүүсийн сэтгэл санаагаар нь тоглож бусдын хийсэн зүйлийг өөрөө хийсэн мэтээр ярьдаг болжээ. Энэ бол цаг үеийн шинж чанартай, цаанаа улс төрийн зорилготой болгож байгааг үүсгэх аргагүй. Жишээ нь багш нарын тэмцлийг “улс төрийн шинэ нам байгуулах гэж байна” гээд хачин юм болгоод хаячихсан. Тийм зүйл байхгүй шүү дээ. Үйлдвэрчний Эвлэлийн холбоо цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт тавьдаг шаардлагаа тавьсан. Өнгөрсөн онд олгосон үр дүнгийн урамшуулал болох 300000 төгрөгийг МҮЭХ хэлэлцээрт орж байгаад шийдүүлсэн. Энэхүү асуудлыг түр хороо болон хэн нэгэн хүн би ингээд шийдүүлчихлээ гээд байх шаардлага байхгүй. Тодорхой хэмжээд нөлөөлсөнг үгүйсгэхгүй. МҮЭХ-ноос цалинг хөлс нэмэгдүүлэх шаардлагыг тавьсаар ирсэн. Шаардлагыг тавихдаа илүү бодитойгоор тавина. Хавар болохоор зүгээр жагсаал хийгээд миний цалинг 5-10 хувиар нэмэх ёстой гээд яваад байвал үр дүнд хүрэхгүй. Ер нь нийтээр нь гээд нэг удаагийн үр дүнгийн урамшуулал олгох хэрэггүй байсан. Эхний ээлжид багш, эмч, эмнэлгийн ажилчид, зам талбайн үйлчилгээний ажилчид, нийтийн тээврийн салбар, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар гэх мэт ард түмнийг ялгахгүйгээр олгох ёстой байсан юм.

-Ажилгүйдлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Ажилгүйдлийг бууруулах тал дээр танайхаас ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Ажилгүйдлийг бууруулах тал дээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага Хөдөлмөр Эрхлэлтийн үндэсний зөвлөлтэй хамтарч ажилладаг. Ажлаасаа үндэслэлгүй халагдаж байгаа хүмүүсийг өмгөөлдөг. Хөдөлмөр эрхлэлтийн тоо нэмэгдэх тусам улс орны эдийн засаг сайжирдаг. Манайх ажиллах хүчний нөөц багатай дөнгөж сая гаруй ажиллах хүчинтэй байж байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон үндэсний үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …