Аавуудаа, та охиноо мисс болгох уу?

Охин минь юу хүсч байна түүгээрээ л яваг дээ гэж хэлэх ээжүүд байх ч, аавуудаас тийм үг гарах нь тун ховор. Тэр тусмаа Монгол залуус охиноо түмний нүдэн дээр хагас нүцгэн алхаж байгаа нь харахаас илүүтэй шатар тоглоод суухыг нь хүснэ.

Тэгвэл яг энэ асуудлаар Модун Хүннү нийтлэлч өөрийн цахим хуудсандаа хөнджээ. Түүний дэвшүүлсэн санал санаачлага зарим хүнд хэт нэг талыг барьсан мэт санагддаг болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бяцхан охинтой эцэг бүрийн бодож явдаг асуудлыг тэрээр хөндсөн байна. Модун Хүннү /фейсбүүк хуудасны нэр/ нийтлэлч

“ … Аавуудаа! Ээжүүдээ! Надад нэг асуулт байна. Саналаа хэлээч.

Би өөрөө бяцхан охинтой хүн л дээ. Охиноо мэдлэг боловсролтой болоосой, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж, олон нийтийн тусын тулд зориулж, өөрөө сайн сайхан амьдраасай гэж бодож явдаг жирийн л нэг аав. Бусад эцэг эхүүд ч бас л ийм бодолтой явдаг гэдэгт итгэлтэй байна. Монгол хүүхдүүд маань гайхамшигтай ухаалаг, авъяаслаг юм аа.

Жишээ нь:

-“Цээж тоолол – Соробан сампин”-гийн олон Улсын тэмцээнд оролцсон Монголын сурагчид ГРАНД Чампион- 1, Чампион- 2, Алтан цом- 20, Мөнгөн цом- 33, багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна. 

-Румын улсын Яси хотноо 2017 оны дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Олон улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн байна.

– Филиппин улсын Давао хотноо 2017 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас найман сурагч оролцож, бүгд шагнал хүртжээ. Тэмцээнд Орхон аймгийн 4-р сургуулийн сурагч Э.Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” сургуулийн сурагч Ч.Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүд сумын 6-р ангийн сурагч О. Энхзул, Э. Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Энэ бол оюун ухаанаараа гайхагддаг Монголын үр хойчийн дэлхийд гайхагдсан цөөн жишээнүүдийг нэг юм. Бяцхан үрс минь ухаантай юм. Тэднээрээ бахархаж байна. Ийм бахархмаар жишээ маш олон байна. Бахархахгүй байхын ч аргагүй юм. Гэтэл урам хугарав. Саяхан нэгэн зарлал уншлаа. Уг зарлалд: “Энэ дэлхий дээр аз жаргалыг нэмэгдүүлдэг ганц арга бол түүнийг бусадтай хуваалцах юм” гэсэн уриатай “******** төв”-ийн маань Шинэ сарын элсэлт эхэллээ.Та өөрийн охидоо өөртөө итгэлтэй, ирээдүйн манлайлагч, удирдагч болгохыг хүсвэл “******** төв”-ийн авъяаслаг охидтой маань нэгдээрэй” гэжээ.

Бяцхан миссийн тэмцээнд 5-13 насны охидыг оролцуулах аж. Сайхан ч нэртэй, сайхан ч арга хэмжээ юм. Гэвч аав ээжийн эрдэнэ болсон охиноо “бусдад аз жаргал хуваалцаж байна” гээд гадаад дотоодын тайзан дээр элдэв хүмүүсийн өмнүүр алхуулахыг хүсэх үү? Элдэв чамин хувцастайгаар шүү дээ. Ийн алхаж яваа хүүхэд хэрхэн манлайлагч, хэрхэн удирдагч болох вэ. Миссийн тэмцээнд орж байгаа хүүхдийн оюун ухаан математик бодож байгаа мэт хөгжинө гэж үү. Энэ хүүхдүүд ирээдүйд юуны манлайлагч болох вэ. Би сайн ойлгохгүй байна. Надад ойлгоход туслаач” гэжээ.

Миссийн тэмцээнд ороход авьяасаа үзүүлэх нь бий. Гоо сайхан дүр төрхтэй бол түүнийгээ гайхуулах нь зүйн хэрэг. Гэвч бага насны хүүхдийн гоо сайхныг хэнд үзүүлэх гээд байна вэ? Энэ л асуудал юм. Модун Хүннү нийтлэлч үүнийг л хөндсөн болов уу. Охиноо өхөөрдөж, алга ташч, түүгээрээ бахархаж суух нь сайхан л даа. Харин түмний өмнө таазаа хаяж алхахыг нь харах дуртай эцэг хүн тийм ч олох байхгүй л болов уу даа. Их мөрөн дөлгөөн гэж үг бий шүү дээ. Тэгээд ч Монголчууд “хэл ам”-наас зайлж сүүдэр тусгахгүй гэсэндээ дөнгөж төрсөн хүүхдийг ядаж сарын дараа харья гэдэг нь цаанаа учиртай л юм. Гэтэл 5-6-хан настай охидыг олны өмнө алхуулж, дуулуулж, бүжиглүүлж, ирээдүйд мундаг загвар өмсөгч болно гэж урамшуулж явах нь тийм ч таатай санагдахгүй байна. Гэхдээ энэ бол бас л нэг охин үртэй эцэг хүний л бодол. Та охиноо тоо бодуулж толгойг нь өвтгөхгүйгээр хувцас өмсөж эрх дураар нь амьдруулах хүсэлтэй бол би хориглохгүй. Энэ таны л дур.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …