УИХ-д Дорнод аймгаас бие даан сонгогдсон Х.Болорчулуун гишүүн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн Монгол ажилчид ажил хаялт зарлаад хоёр хонож байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн дараа түүнтэй уулзаж цөөн асуултад хариу авснаа хүргэж байна.
-Саяхан л Монгол Улс өөрийн газрын тосоор нэрсэн шатахуунтай боллоо гээд Ерөнхий сайдаас эхлээд жигтэйхэн баяр хөөр болсон. Тэгтэл Тамсагийн сав газраас газрын тос олборлолцож байгаа монгол ажилчид хугацаагүй ажил хаялт зарлачихлаа. Дорнодоос сонгогдсон гишүүний хувьд энэ үйл явдлыг аль талаас нь харж байна?
-Миний хувьд мэдээж нутгийнхаа сонгогч олон, “Дачин Тамсаг” компанийн эрх ашиг нь зөрчигдсөөр байгаа Монгол ажилчдын талд бат зогсож байгаа. “Монгол-93” авто бензинийг Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нэрж эцсийн бүтээгдэхүүн манайд орж ирж байгаа нь шатахууны хувьд ОХУ-аас хараат байдлыг үгүй хийх түүхэн дэвшлийн эхлэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниуд Монгол хүний үнэлэмжийг хөсөр хаяж, тэдний хөдөлмөрлөх, хийсэн ажилдаа таарсан цалин, хангамж эдлэх үндсэн эрх чөлөөг хязгаарлах нь хэрхэвч байж болшгүй асуудал. Ийм ч учраас сэтгүүлчдийг цуглуулан өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар “Дачин Тамсаг”-т хэдэн Монгол, хэчнээн хятад ажилчин ажиллаж байгаа юм бол. Тэдний цалин ихээхэн зөрүүтэй гэж өнгөрсөн жилээс л яригдсаар ирсэн ч одоо хүртэл нааштай үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 192 дугаар тогтоолын дагуу нийт ажилчдын 75 хувь нь гадны иргэд байж болдог журамтай. Тамсагийн ордод яг өнөөдрийн байдлаар 1061 хятад, 330-аад үндсэн монгол ажилчин ажиллаж байгаа. Харин туслах чанарын ажилчидтайгаа нийлээд 620-иод монгол ажилчин ажиллаж байна. Тооны харьцаа ийм зөрүүтэй байхад Засгийн газрын энэ тавдугаар сарын 18-ны өдрийн тогтоолын дагуу 1369 хятад ажилчин нэмж оруулж ирэх болсноор тун удахгүй хятад ажилчдын тоо 2400-д хүрнэ.
Хамгийн сэтгэл зовоосон асуудал нь “Дачин Тамсаг”-т ажиллахаар ирж байгаа хятад ажилчид нь харьцааны наад захын соёлгүй, танхайдуу хүмүүс олноор орж ирж байгаа юм. Монгол ажилчдаас 4-5 дахин их хятадууд ажиллаж байгаа болохоор манайхныг яльгүй зүйлээр дарамтлах, дээрэлхэх, хүч хэрэглэх зөрчлүүд нэмэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ асуудалд Засгийн газар, УИХ-ын зүгээс дорвитой анхаарах цаг болчихоод байна.
-Ер нь өнөөдрийн байдлаар Тамсагийн орд газраас өдөрт хэдэн тонн газрын тос урагш нь гаргадаг юм бол?
-2012 онд 410 мянган тонн түүхий газрын тос БНХАУ-руу гаргасан. Одоо бол хоногт 1000 тонныг урагш нь гаргаж байгаа. Гэхдээ яг одоо монгол ажилчид хугацаагүй ажил хаялт зарласантай холбогдон экспорт зогсолтын байдалтай байгаа. Экспорттой холбогдуулан хэлэхэд газрын тос тээвэрлэж байгаа хятад жолооч нарын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбогдон газрын тос асгарч газрын хөрс бохирдуулах, засмал замын асуудал гээд бэрхшээлтэй зүйл их бий.
-Ажил хаялт зарласан монгол ажилчдын гол шаардлага нь юу юм бэ дээ?
-Мэдээж цалин мөнгөө нэмэгдүүлэх, ажлын өдрийн тоог цөөрүүлэх үндсэн шаардлага тавьж байгаа. Одоогийн байдлаар монгол ажилчид 40 хоног тасралтгүй ажиллаад 20 хоног амарч байгаа. Монгол ажилчид ингэж их ажиллачихаад ойролцоогоор 400 мянган төгрөгийн цалин авч байгаа. Гэтэл хятад ажилчид тэднээс 3-4 дахин их цалин авдаг гэсэн яриа байнга л сонсогддог. Энэ нь нарийндаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчиж байгаа хэрэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниуд манай хууль, дүрмийг чандлан биелүүлэх үүрэгтэй. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд Монгол Улсын хуулийг дэвсэлсээр өнөөдрийг хүрээд байна.
-Тэдний зүгээс монгол ажилчдын ажил хаялтыг хэрхэн хүлээж авч байгаа бол. Одоогоор мэдэгдэж, сонсогдсон нааштай зүйл байна уу?
-“Дачин Тамсаг” компанийн Ерөнхийлөгч нь уржигдар Улаанбаатарт ирсэн сурагтай байна. Ноднин өдийд монгол ажилчид иймэрхүү шаардлага тавин тэмцэж л байсан. Дорвитой арга хэмжээ авалгүй “гал унтраах” байдлаар тэрүүхэнд нь аргалчихаад байдаг юм. Харин энэ удаа асуудлыг арай өөрөөр шийдүүлэхийн төлөө бид ч хөөцөлдөхөөр ярилцаж эхлээд байна.
-Өнөөдөр мөрдөгдөж байгаа газрын тосны экспорт, бусад харилцаа хэдэн оны ямар хууль эрх зүйн актаар зохицуулагддаг юм бэ?
-Наад асуудлыг чинь яг одоо нэн даруй ярилцаж, хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх шаардлагатай болчихоод байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн акт нь 1991 онд батлагдсан “Газрын тосны тухай хууль” юм. 1991 оноос хойш бизнесийн орчин хэрхэн өөрчлөгдөв, манай эдийн засаг ямар хурдацтай тэлж байна вэ гэдгийг бид сайтар ярилцаж, хуулиа шинэчлэх цаг аль эрт болсон.
Тийм ч учраас шинэ хуулийн төсөл дээр миний бие мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг бүрдүүлээд ажиллаж байгаа. Энэ ажилд УИХ-ын хэд хэдэн гишүүн гар бие оролцож эхлээд байна. Энэ онд багтаагаад газрын тосны тухай шинэ хуулийг батлан гаргана.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр монгол газраас олборлож байгаа түүхий газрын тосныхоо 27-хон хувийг л та бид ашиглаж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг яаралтай эргэж харах шаардлагатай.
-УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар “Дачин Тамсаг” компани дээр өөрийн биеэр очиж удирдлагуудад нь монгол хүний үнэмлэмжийг нэмэгдүүлэх талаар тодорхой үүрэг өгч, санал дүгнэлтээ хэлж байсан санагдана. Ер нь иймэрхүү даварсан үйлдэл хийгээд байгаа гадны компаниудыг ямар арга замаар хазаарлан зогсоомоор ч юм бэ дээ?
-Яг дарга нарыг очихоор жигтэйхэн сайхан юм ярьж удахгүй цалин нэмнэ гэж амладаг ч өнөөдрийг хүртэл биднийг хуурсаар л байна. 2012 оны 10 дугаар сард УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар бид гурав “Дачин Тамсаг” компани дээр очиж Үйлдвэрчний эвлэлтэй хамтран гурван талт хэлэлцээр байгуулсан. Тэр үед ч цалин нэмнэ л гэж байсан. Одоо бид хууртагдаж ханалаа. Асуудлыг арай өөр байдлаар тавих ёстой гэж дүгнэж байна.
-Ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. УИХ-ын зарим гишүүд, ялангуяа бие даагчдын хувьд намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа өнөөдрийн тогтолцоог ихээхэн шүүмжилдэг. Энэ асуудлыг зохицуулах гарц харагдаж байна уу?
-Зохицуулахын эсрэг байр суурьтай хүмүүс олон байгаа учир энэ чухал асуудал дарагдаад байна. Одоогоор УИХ-ын нийт гишүүдийн 30 хувь нь намын жагсаалтаар орж ирэх журам үйлчилж байгаа. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байгаа энэ хачин тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хуулийг санаатай зөрчиж байгаа хэрэг л дээ. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг нийт ард түмнээс шууд сонгоно” гээд маш тодорхой заачихсан байгаа. Гэтэл сүүлийн үед хоёр том намын зүгээс жагсаалтаар орж ирэгсдийн тоог 50 хувьд хүргэх гэсэн маш булхайтай тохиролцоо явагдаад байгаа нь нууц биш.
Хэрвээ Үндсэн хуулийг ингэж муухай гуйвуулж, гутаан доромжлох юм бол нам төвтэй улс орон болно гэсэн үг шүү дээ. Ном дүрмээрээ бол намын жагсаалтын ард нуугдаж байгаад УИХ-д орж ирдэг энэ булай үзэгдлийг бүрмөсөн алга болгох ёстой юм.
-Уучлаарай. Дүү чинь “Монголросцветмет” нэгдлийн захирал болсноос хойш таныг ус балгасан мэт чимээгүй болчихлоо гэх хүмүүс олон байгаа. Та АН-тай ямар нэгэн наймаа, тохиролцоо хийсэн хэрэг үү?
-Хүмүүсийн хардах эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Би доороо 10 дүүтэй хүн. Бүгдээрээ өрх тусгаарлаж, тус тусын амьдралынхаа замыг хөөгөөд явж байгаа. Манай дүү нар надаас бусад нь янз бүрийн л намын харьяалалтай хүмүүс байна. Миний дүү Х.Болоржаргал “Монголросцветмет” нэгдлийн захирлаар очсон нь яах аргагүй үнэн. Хуульч, эдийн засагч мэрэгжлээр баруунд таван жил суралцаж төгссөн, өндөр боловсролтой хүн бий. Тэр дүү маань АН-ын гишүүн.
Харин би нам бус. Бие даагч гурван гишүүнийг “кноп дардаг хуруугаа үнэллээ”, “дүү нараа дарга болголоо” гээд янз бүрээр л ярьж байгаа. Үнэн хэрэгтээ бид гурав Засгийн газарт нөлөөлөх ямар ч чадамж, боломжгүй шүү дээ.
-Сонгогчид таныг “Дорнод гурил” компанийн захирал байсныг мэднэ. Одоо компанийнхаа ажилд зааж зөвлөх байдлаар ч юм уу оролцож байна уу?
-Тийм зав яаж гарах вэ дээ. Нэг инженер залуу маань компанийг авч яваа. “Дорнод гурил” компанийн хувьд хөл дээрээ бат тогтсон Монгол Улсын “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг л дээ.
Компанийн хувьд Дорнод аймаг төдийгүй зүүн бүсийн аймгуудын хэрэгцээг ханган ажиллаж байгаа. Тэнд миний оролцоо ямар ч шаардлагагүй.
Эх сурвалж: