НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ.
Энэхүү дэд хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм.
Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх,бүтээлч байдлыг дэмжих, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангах, өндөр бүтээмжтэй дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Асуудал хэлэлцэх үеэр тэргүүлэгчид хүнсний аюулгүй байдал тэр дундаа бага насны хүүхдүүдийг эрүүл хүнсээр хангах, сургуулийн орчимд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалахгүй байх зэрэг асуудлыг нухацтай авч хэлэлцэв. Мөн GMO буюу генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзах, архи согтууруулах ундааны хэрэглээ, бэлчээрийн малаас хүнд дамжиж болзошгүй өвчин зэрэг асуудлуудыг нухацтай хэлэлцэж дэд хөтөлбөрт нарийвчлан тусгах шаардлагатай заалтуудын талаар саналууд хэллээ.
Түүнчлэн НИТХ–ын дарга С.Амарсайхан “Бидний худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнд натри, нитри, ханасан өөх тос их хэмжээгээр агуулагдсан. Хоол, нийтийн үйлчилгээний газрууд стандартын шаардлага хангахгүй байгаа.
Олон хүн дамжин хэрэглэгдэж буй аяга, тавагнаас хеликобактери зэрэг өвчлөл эрс ихэссэн. Тиймээс тэргүүлэгчдийн хэлсэн саналуудыг хөтөлбөртөө нарийвчлан тусгах нь маш чухал. Мөн өргөн хүрээний дэд хөтөлбөрүүдэд салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын саналыг тогтмол авч тусгадаг байх шаардлагатай” гэдгийг онцлов.
Ийнхүү “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийг НИТХ-тэргүүлэгчдийн хурлаар дэмжиж НИТХ–ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
НИТХ–ын ХМОНХТ