Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа.

Тэгвэл өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.
Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Төслийг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий шаардлага ирүүлсэн тохиолдолд гэж тодорхой зааж өгөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх, мөнгө гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлээд шалгаж дуусангуут бүрэн эрх нь шууд сэргэдэг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүнийг сонгосон тойргийн гишүүд нь шийдвэр гаргадаг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болон парламентын сахилга хариуцлагыг сайжруулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр парламентын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хүний амь нас, эрүүл мэнд, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэж ялгаж зохицуулах нь зүйтэй гэж тус тус саналаа илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төслийн үзэл баримтлал болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …