Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын таван хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй гэх судалгааг гаргасан байдаг. Энэ нь манай улс архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдгийн тод жишээ юм.
Архидалттай тэмцэх нь манай нийгмийн нэн шаардлагатай асуудлын нэг гэдэг нь энэ мэдээллээс харагдаж байна. Харамсалтай нь төр засгийн зүгээс архинд донтсон иргэдтэй “Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх журам”-ын хүрээнд л тэмцсээр ирсэн.
Тодруулбал Багахангай дүүрэг дэх ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх газар архинд донтсон иргэдийг эмчлэх үйл ажиллагааг хариуцдаг.
Уг нь энэ газар өвчтэй хүнийг эмчлэх, эдгээх зориулалт бүхий тохилог байр, найрсаг үйлчилгээ, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ёстой. Гэтэл байдал харин ч эсрэгээрээ байдаг аж.
Тус газрын орны тоог 100 хүнээр баталсан боловч одоогийн байдлаар 213 хүн хэвтэн эмчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 60-70 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй ирдэг гэнэ. Эмнэлгийн удирдлагуудын хэлж буйгаар албадан эмчилгээ хийх явцад суурь өвчин нь сэдэрч, өвчтөний биеийн байдал хүндрэх тохиолдол их гардаг байна. Ийм тохиолдолд бусад эмнэлэгт шилжүүлэн эмчлэх зайлшгүй шаардлага гардаг ч эрүүл мэндийн төвүүд нь мөн л ачаалал ихтэй гэдэг шалтгаанаар хүлээж авах нь тун ховор байдаг аж.
Хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн орны хүрэлцээ муу төдийгүй эмч, сувилагчдын орон тоог нэмэх шаардлагатай болжээ. Гэтэл төсөв тавьж өгдөгүйн дээр байрны асуудал нэн хүндрэлтэй болсон аж. Тухайлбал эмнэлгийн байрных нь ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас дээврээс нь ус гоождог, агааржуулалт байхгүй, мөөгөнцөртөх гээд олон бэрхшээлийг дурдаж болно.
Иймэрхүү нөхцөл байдалд албадан эмчлүүлж буй иргэдээс эдгэрэх нь тун ховор. Цаашлаад өвчтөнүүдийг шорон, гянданд байгаа юм шиг байлгадаг нь эмчлүүлэгсдийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг байна.
Нэг сувилагчид 100 өвчтөн оногдож болох уу
Тус газрын ерөнхий эмч П.Хэрлэнцэцэг энэ талаар “Манай эмнэлэгт эмч, сувилагчдын хүрэлцээ үнэхээр муу. Эмнэлгийн стандартад нийцэж ажиллаж байгаа гэж хэлэхэд хэцүү. Сувилагчид гурван ээлжээр ажилладаг.
СЭМҮТ-ээр жишээ авахад, сувилагчид нь таван ээлжээр гардаг. Бид дандаа сэтгэцийн архаг өвчтэй хүмүүстэй ажилладаг болохоор өвчтөн бүртэй тулж ажиллах шаардлагатай. Жишээ нь өвчтөнд эм өгөөд орхичихгүй шүү дээ. Уухыг нь заавал харна. Болохгүй бол эмийг нь нухаж уулгадаг. Энэ мэт асуудал маш их бий.
Зарим тохиолдолд 300 хүртэл өвчтөн авдаг. Тэгэхээр нэг сувилагч 100 гаруй өвчтөн хариуцна гэсэн үг. Энд асрагч гэсэн орон тоо байдаггүй. Тухайн өдрийн 24 цагийн ээлжтэй байгаа сувилагч асаргаа, сувилгаанаас гадна цэвэрлэгээ үйлчилгээгээ давхар хариуцдаг.
Иймд холбогдох шийдвэрийг яаралтай гаргаж өгөх шаардлагатай байна” гэж салбар яамны удирдлагууддаа уламжилж байсан удаатай.
Нөгөө талаар архинд донтсон иргэдтэйгээ үеэ өнгөрөөсөн аргаар тэмцэх нь хоцрогдсон гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлдэг. Тухайлбал Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн Архинаас гаргах сургалтын багш, бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан “Архинаас гаргах албадан эмчилгээний арга аль хэдийнэ хоцрогдсон. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд архидалттай өөр аргаар тэмцэж байна. Өөрөөр хэлбэл оюун санааг нь эмчлэх талаар нарийн хөтөлбөр боловсруулж байна. Бидний явуулж буй “Оюуны есөн дэвшил” сургалт үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 3000 хүн архинаас ангижирсан” гэв.
Тиймээс төрийн зүгээс ч архинд донтсон иргэдээ өвөлд нь хүйт даасан урин дулаанд дусаал гоождог өрөөнд хэдэн арваар нь суулгачихаад эм тариагаар “бөмбөгдөх” арга зам аль хэдийнэ хоцрогдож гэдгийг Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа аваасай.
Албадан эмчилгээний газарт эмчлэх нэрээр иргэдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байгааг мөн хэлэх нь зүйтэй байх. хориод байх нь хэр зүйтэй юм бол доо.
Эх сурвалж: