Монголын анхны төрөлжсөн суваг болох “SPS” спортын телевизийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын Триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Насанбатын Наранбаттай ярилцлаа. Тэрбээр “Intel Mongolia” Захирал, ”Microsoft Mongolia”-гийн бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан ба “Юнивишн”, “Skymedia”-г үүсгэн байгуулах төслийн багт ахлан ажиллаж IPTV-г монголчуудад танилцуулсан харилцаа холбооны тэргүүлэх менежерүүдийн нэг билээ. Н.Наранбат усан сэлэлтийн улсын олон удаагийн аварга, триатлоны анхны тамирчдын нэг юм.
-Та мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлээр нэлээд олон ажил хийжээ. Юуны өмнө өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу. Хаана боловсрол эзэмшив?
-Би 1997 онд МУИС-ийн эдийн засгийн мэдээлэл боловсруулалтын ангийг төгссөн. Хоёр жил “MCS Электроникс” компанид ажиллаад, Нидерланд улсад бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн яамны гадаад харилцааны хэлтэст нэг жил ажиллахдаа, голдуу орчуулга хийсэн. Төрийн байгууллагад ажиллах нь миний сонирхол, амьдралын хэв маягт нийцэхгүй юм байна гэж үзээд хувийн салбарт ажиллаж ирлээ. “Скайтел”-ийн маркетингийн хэлтсийн захирлаар 2004 он хүртэл ажиллаж, байгаад 2004-2016 он хүртэл Америкийн “Интел”-ийн Монгол дахь захирлаар ажилласан. 2016-2017 онуудад “Microsoft”-д ажилласан. Нийтдээ 20 гаруй жил мэдээлийн технологийн олон төсөл дээр, хэд хэдэн байгууллагын хариуцсан захирлаар ажиллажээ. Харин одоо өөрийн хувийн бизнес дээрээ түлхүү анхаарч, төлөвлөсөн хэд хэдэн ажил хийхээр шийдвэрлэчихсэн байна. Ер нь манай улс мэдээллийн технологийн нэвтрэлтээрээ Ази Номхон далайн бүсэд тэргүүлэх орнуудын нэг болсон. Нэг хүнд ногдох интернетийн хурдаараа дээгүүрт орж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн ам цөөнтэй жижиг зах зээлийн давуу тал юм.
-Мэдээлэл технологийн чиг хандлага ойрын ирээдүйд ямар төлөвтэй байна. Ямар технологи илүү хөгжих вэ?
-Чиг хандлагууд бол харагдаж байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан болон роботууд бидний амьдралд нэвтэрч орох нь тодорхой болчихлоо. Бүх л зүйл хиймэл оюун ухаантай холбогдож эхэлнэ. Энэ хэрээр мэдээллийн аюулгүй байдал чухлаар тавигдах болно. Хувь хүний, улс эх орны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах гэх мэт асуудал үүснэ. Манай улсад мэдээллийн технологи хурдацтай нэвтэрсэн. Маш хурдан хугацаанд улс орныг хамрсан 4G сүлжээтэй болчихлоо, интернет биднийг өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон, тэр хэрээр бид эрх чөлөөтэй болчихсон. Гэтэл энэ салбарын нийгэмд үзүүлэх, үзүүлж байгаа нөлөөллийг тооцох механизмууд дутмаг байгаа болов уу? Хиймэл оюун ухаан, роботууд болон бусад технологиуд ирээдүйд ямар нөлөөлөл авчрах вэ гэдгийг дэлхийн том судалгааны байгууллагууд илүү тодорхой хэлэх байх. Гар утас ингэж хурдацтай нэвтрээд, бидний амьдралд утас ингэтлээ нөлөөлнө гэдгийг бид таван жилийн өмнө ч төсөөлөөгүй байсан шүү дээ. Тэгэхээр ирээдүйд юу болохыг урьдчилан таашгүй. Лэнд.мн гээд санхүүгийн апликейшн гарчихсан байна. Энэ бол нэлээд сонирхолтой технологи. Банкууд энэ чиглэл рүү орох байх. Медтех буюу эрүүл мэндийн технологиуд сүүлийн үед хүчтэй нэвтэрч байна. Боловсролын систем тэр чигээрээ өөрчлөгдөх нь бол тодорхой. Яагаад гэхээр, өнөөдрийг хүртэл аль 1630 онд Ян Амос Комэниусын бий болгосон багш, сурагч гэдэг системээрээ яваад ирсэн. Энэ өөрчлөгдөнө.
-Боловсролын систем хэрхэн өөрчлөгдөх бол. Хүний хийх ажлыг роботууд булаан эзэлнэ гэж байгаа үед хүүхэд, хойч үе юунд бэлэн байх ёстой вэ гэх мэт асуулт бидэнд сонин байна?
-Ямар ч хүн алдаа гаргадаг. Багш гэдэг хүн тэдний адил. Хүн бүр л үргэлж суралцаж байдаг. Дөрвөн жил сураад багш болчихлоо, бүх зүйлийг мэддэг гэдэг чинь өрөөсгөл ойлголт болов уу. Тэгэхээр ганцхан багш бүгдийг заах нь хамгийн зөв аргачлал биш болж байна. Бидний үед хэн нэгнээс илүү их номын санд суугаад, их мэдээлэл олж аваад, мэдээллээ зөвхөн өөрийнхөө тархиндаа хадгалдаг байсан. Хэн их зүйл уншиж мэдсэнээрээ чи надаас, би чамаас илүү гэдэг тогтолцоо байсан. Ингээд мэдсэн зүйлээ зөвхөн өөртөө ашигладаг. Харин одоо болохоор тархийг хэрэгтэй, хэрэггүй олон янзын мэдээллээр дүүргэх шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудал тулгарч байна. Яагаад гэвэл наад захын мэдэхгүй зүйлээ компьютер дээр гүүглдээд мэдчихэж болж байна. Орчин үед өөрт байгаа мэдлэгээ бусадтай хуваалцах ёстой гэдэг тогтолцоо түлхүү орж ирж байна. Би олсон мэдээллээ чамтай, чи олсон мэдээллээ надтай хуваалцаж байж бид зөв шийдвэр гаргана, тэгж байж багаар ажиллана. Ийм систем нэвтэрч байна. Мөн үүнээс гадна өмнө нь мэргэжил эзэмшихийн тулд зөвхөн бичиг үсэг тайлагдсан байх ёстой, байсан хандлага өөрчлөгдөж байна. Ирээдүйд IT-гийн суурь боловсрол дээр нэмэх нь мэргэжил гэх чиг хандлагаар явах нь тодорхой болсон. Чи ямар ч мэргэжилтэй байж болно. Заавал техник, технологийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл, эмч нар чагнуур бариад л чагнадаг, өглөө 09.00 цагт ирж шинжилгээ өг гэдэг үе өнгөрнө. Мөдхөн хүний биед хэдэн сенсорууд тавиад хооронд нь холбочихно. Чипүдээрээ дамжуулаад, хүний бие эрхтний бүх мэдээллийг 24 цагийн дотор тасралтгүй хянаж байж авчихна. Ингэснээр маш зөв онош гарна. Энэ мэтчилэн аливаа мэргэжилд суурь нь айти, техник технологийн мэдлэг мэдээлэл зайлшгүй хэрэгтэй болж байна. Шинжлэх ухаан технологи, математикийн хичээлүүдийг нэгдүгээр ангиас нь орох хэрэгтэй байх. Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед дэлхий нийтэд хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхлэн заах зайлшгүй долоон хичээл нэмэгдэн орж ирж байна. Тухайлбал, роботын, кодчиллын, вэб хөгжүүлэлт, компютерийн шинжлэх ухаан, инженерингийн гэх мэт. Хүүхдүүд маань маш өрсөлдөөнтэй, шинэлэг мэдлэг, чадвартай нийгэм хүлээж байна даа. Иймд бид ч гэсэн, шинэлэг бодлого гаргаж дээрх хичээлүүдийг ордог болох зэрэгт анхаарвал зүйтэй л байх. Нэг хүн хоёроос гурван мэргэжил эзэмших, хос мэргэжилтэй байх, нэг мэргэжлээрээ олон жил ажиллахгүй байх шаардлага үүсэх зэрэг асуудал бас гарна.
-Манай улс ийм өөрчлөлтөд өнөөдөр хэр бэлэн байна вэ. Технологийн хөгжилтэй нийцэж амьдрахын тулд хамгийн түрүүнд юунаас суралцах хэрэгтэй вэ?
-Шуудхан хэлэхэд бид бэлэн биш байна. Наад зах нь бид төлөвшсөн байна уу гэдгээ дүгнэх хэрэгтэй. Сошиал медиа хэрэглэхдээ хуурамч хаягны араас юу дуртайгаа бичиж байгаа хэрнээ сошиалд бичиж байгаагаасаа шал өөр хэв маягтай хүн байх жишээтэй. Энэ бол төлөвшөөгүй байна гэсэн үг. Тухайлбал, Америкийн Засгийн газраас виз мэдүүлэхийн тулд сүүлийн таван жилийн хугацаан дахь фэйсбүүк хаягийг нь авна гэсэн журам гаргачихсан байна. Хүн сошиал дээрээ өөрийнхөө байгаа байдал, төлөвшлөө, эмоцоо харуулж, өөрийгөө илэрхийлж байдаг. Тогтвортой байдал, төлөвшилт хамгийн чухал. Бид аливааг дөрөвхөн жилээр төлөвлөх биш, ядаж 10,20, 30 жилээр төлөвлөж, хэрэгжүүлж ажилладаг баймаар санагдах юм. Боловсрол гэлтгүй бүх салбарт судалгаа шинжилгээг хөгжүүлж, дэлхий нийт хаашаа явж байна судлах. Энэ дунд бид өөрсдийгөө хэрхэн авч үлдэх вэ гэх мэт асуудлыг бодолцож байх нь зүйтэй юм болов уу гэж боддог. Товч дүгнэхэд, Монгол Улсын язгуур тусгаар тогтнол нь боловсрол, соёл, шинжлэх ухаан болон мэдээллийн технологи дээр тогтох нь нэн тодорхой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу