Сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх залилан нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ын яамны нарийн бичгийн дарга, Кил Кан Муг “Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлэн өгдөг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэлээд ихсэж байна. Солонгос руу зорчих хүсэлтэй иргэдийн хуурамчаар бүрдүүлж буй бичиг баримтыг харвал, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга болон Европын орнууд руу зорчсон гэх хуурамч тэмдэглэл байна. Зөвхөн өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байгаа юм. ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарладаг. Хуурамч бичиг баримтыг үйлдэж өгсөн этгээдийг БНСУ-руу зорчих эрхийг хугацаагүйгээр хязгаарлан, виз олгохоос түдгэлзүүлэх арга хэмжээг авдаг. БНСУ-ын ЭСЯ албан ёсны зөвшөөрөлтэй найман төвөөр л дамжуулан визний материал авч байгаа. Манай ЭСЯ-ны зүгээс таньдаг хүнээр дамжуулах, эсвэл хэн нэгний гуйлгаар виз олгодоггүй.
Нэг удаа хуурамч бичиг баримт ашигласан нь тогтоогдсон хүн зайлшгүй шаардлагаар дахин Солонгос улс руу зорчих болоход виз гарахгүй. “Солонгосын виз гаргаж өгч чадна” гэсэн амлалт өгч буй хувь хүн, байгууллагаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна” гэж мэдэгдлээ.
Харин ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр“Цагдаагийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудлаар 2013-2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Хуурамчаар бичиг баримт үйлдэж байгаа этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох буюу, зургаагаас нэг жилээр зорчих эрхийг нь хязгаарлах, хоёроос зургаан жилийн хугацаатай хорих ялыг оногдуулдаг.
Мөн Солонгос Улс руу гурваас зургаан сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр зуучилна гэж цахим хаяг хуурамчаар нээж та дороо хүн элсүүлсэн тохиолдолд таны виз түргэн шуурхай гарах боломжтой. Хөдөлмөрлөх ажлын байр, амьдрах байр бэлэн гэж залилан мэхэлж байна. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар хуурамчаар байгууллагын нэр дурьдаж, манай компани олон жил үйл ажиллагаа явуулж байна гэж иргэдийг залилах тохиолдол гарсан гэж” ярилаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын ЭСЯ-тай хамтран нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийтийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлт ”-ын үнэн зөв эсэхийг шалгах зориулалтын бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүлжээ.
Энэхүү программаар тухайн иргэний хэвлэгдсэн тодорхойлолтыг нийгмийн даатгалын мэдээллийн санд байрлаж буй мэдээлэлтэй харьцуулан шалгах аж.
Энэ талаар НДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганзориг “Өчигдрийн мэдээллийн байдлаар QR кодтой 25 нийгмийн даатгалын лавлагааг шалгаж үзэхэд 24 гэхэд яг нэг QR кодоор хуурамчаар үйлдэгдсэн байна. Хуурамчаар бичиг баримт үйлдэж буй этгээдүүдийг цаашид дахин үйлдэх боломжгүй нөхцөл байдлаас сэргийлж ажиллаж байна ” гэв.
Г.Нараа