Сайтар угаагдсан тархинууд буюу савангийн дууриудын гавьяа

архи угаах гэж олон жилийн өмнөөс ярьдаг болсон. Хуучин цагт байсан үзэл суртлын арга хэрэгсэл л гэж хөнгөн бодож явлаа. Тэгээд ч хүний тархийг ямар шампунь, ангижруулагчаар хөөсөртөл угаагаад элдэв хир буртаг, сайн муу үзэл бодлуудын арилгаж болох биш, хүний тархи угаана гэж юу байдаг юм зэргээр нэг л сайн итгэж өгдөггүй байлаа. Заримдаа улс төрийн хүрээнийхэн сонгогчдын “тархийг угаажээ” гэж ярихад нь өөрт нэг их хамаагүй болохоор ёстой чихний хажуугаар сүнгэнүүлдэг байжээ. Бас монголын жижиг уран зохиолд ямар “ТОМ” улс төр явагдаж байдгийг мэдээд гайхаад, гайхаад барсангүй. За энэ бүхэн ч яахав цагийн явдал…
Гэтэл “Т-АРА” хийгээд дуулж бүжиглэдэг Солонгос хүүхдүүд Монголд ирэв. Ирэх сураг гарснаас хойш л хүүхэд багачуул “бужигналдаад” эхэлсэн нь мэдэгдэж байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэндээ түм түжигнэж, бум бужигнах нь ойлгомжтой болов. Азидаа төдийгүй дэлхийд нэртэй хүндтэй гээд нэг зурагтаар бараг л бүтэн сар сурталдав. Хэдэн будмал шудмал охины хэлээ зажилсан дуу клипүүдийг өдөр шөнөгүй цацав. Энэ нь өнөө цагийн зар сурталчилгаа, шинэ цагийн менежмент, их мөнгөний эргэлт энэ тэр байх гэж бодоод хоёр охинтойгоо зурагтын суваг булаалдаад л үзээд байлаа. Тоглолтыг нь очиж үзнэ гэхээр нь харж харгалзах хүн байхгүй, харанхуй шөнөөр явуулахгүй гэж загнаж зандрах, аргадах алиалахыг хослуулж байгаад орон гэртээ үүссэн улс төр-эдийн засгийн ”хурцадмал” нөхцөл байдлыг намжаав. За энэ бүхэн ч яахав, хэдэн цагийн явдал…

Гэтэл ажлаасаа тараад харьж явах замдаа би юу үзэж харав. “Т-АРА” хамтлагийн тоглолт үзэхээр Энхтайвны гүүрний хоёр хажуугаар бөөн бөөнөөрөө зөрөх охид залуучуудыг олж харав. Эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Дараа нь өр зүрх минь уй гунигаар дүүрэв. Нарийхан шалбуур өмд өмсөөд, бариу хүрэмтэй, үсээ хажуу тийш нь самнаад, зарим нь халимагаа тод өнгөөр будсан, нүүрэндээ нимгэхэн энгэсэг түрхсэн банди нар. Цамц нь үзүүртэй гялгар гялгар товчтой, хар шилтэй. Надтай яг ийм байдлаар хувцасласан залуучууд хэд зөрсөнийг бүү мэд. Их л олон зөржээ. Охид нь солонгын долоон өнгө адил. Тэд ч хэзээнээсээ ийм өнгө алагладаг учраас нэг их анзаарсангүй. Харин хөвгүүд нь алхаа гишгээ нь хөнгөн, цээж нь хавчгар, хөл гар нь урт нэг л биш, ээ. Төрх нь эм шинжтэй. Өмссөн зүүсэн нь энэ цагийнхаа “МООД” юмаа гэхэд бие хаа нь гунхалзуур, тонхилзуур.

Бид ч цагтаа үсээ овоолгоод, тэмээтэй “пирамид” жинс өмсөж, араб алчуураар хүзүүгээ ороож, чанамал хүрмээр гангарч, цав цагаан оймсон дээр хав хар хятад шаахай өшиглөөд “гангарч” явахын түүс болцгоож байв. Гэхдээ алхаа гишгээ, бие хаа минь ясархаг, бахимлаг нэг л монголлог байжээ. Ийм хачин үг хэрэглэсэнд эрхэм олон уучлана биз. Үнэхээр “МОНГОЛЛОГ” байжээ. Гаднах байдлаараа гадаад байсан болохоос биш идэж уух, хайрлаж дурлах, үзэж харах, үзэл бодол минь “МОНГОЛ” байсан санагдав. Эргээд бодохоор энд тэндхийн гоё сайханд татагдаж, Битлзээс эхлээд брек данс хүртэл бидний тархийг угаах нь угаасан л хэрэг. Бид тархиа угаалгах нь угаалгасан л байх. Даанч энэ цагийн багачуул шиг бүрэн бүтэн 100 хувь уураг тархиа, ууж идэхээ, алхаж гишгихээ, аяглаж аашлахаа угаалгаагүй ажээ. Ядаж байхад нүүрэндээ энгэсэг түрхэж, хөмсөгөө тодруулаад байх даа, яахав дээ.

Орой нь том охиноосоо асуулаа. Үеийн чинь банди нар нүүрээ будаж, хөмсөгөө тодруулахаар ямар санагддаг вэ? Заавал эмэгтэй хүн буддаг гэсэн хууль байхгүй биз дээ? Байхгүй л дээ? Тэгвэл юун сүртэй юм асуудаг юм. Арьс марьсаа хамгаалаад түрхэж болно ш дээ?

Би маш ихээр хоцрогджээ. Ийм л бодолтойгоор зурагтаа асаалаа. Ямар ч бодолгүй суваг сольж эхэллээ. Олон ангит солонгос кино, олон ангит солонгос кино, дахиад олон ангит солонгос кино, олон ангит солонгос кино. Сонирхоод харсан чинь надтай гүүрэн дээр зөрдөг банди нар гарч байна. Алхаа гишгээ өмссөн зүүсэн, ааш аяг нь ав адилхан. Тэд монгол хонины мах биш ногоо цагаахан, кимчи хамчи иддэг гэхэд би л лав итгэнэ. Тэд “томоогүй явж боллоо, ээжээ” гэж дуулдаггүй” пунсан мульсан, жира мира” гэж дуулдаг гэхэд эргэлзэхгүй. Тэд “хайртай “гэж зүрхээ цэцгийн дэлбээ шиг нээж чадахгүй ”сараян, мираян” гэж хэлдэг гэдэгт үнэмшинэ.

Суваг сольсоор, сольсоор солонгос савангийн дуурь, солонгос савангийн дуурь үргэлжилсээр. Нэг охины хамраас нь цус гарлаа, шууд хорт хавдар, нэг хүү насаараа өнчин гэж өөрийгөө бодож яваад гэнэт аав ээжтэй болоод дүү охиндоо дурлачихна. Тэгээд заваарч өгнө. Эр эм хоёр өөд өөдөөсөө хараад 30 минут ямар ч хэрэггүй юм ярих юу ч биш. Хаана хэзээ болсон нь мэдэгдэхгүй нэг их дайн тулааны түүх, байлдаад л солонгосчууд дэлхийг засан тохинуулаад байгаа юм уу, бүү мэд. Гагцхүү энэ “савангийн дууриуд”-ыг бид хот хөдөөгүй, хөгшин залуугүй шимтэн үзнэ. Аргагүй ш дээ, өөр үзүүлэх гаргах юм манай хэдэн телевизэд үнэндээ алга. Эфирийн цагаа дүүргэх хамгийн сонгодог арга бол солонгос кино. Тэгээд л өөрсдөө ч мэдэхгүй улс үндэстнийхээ оршихуйг баллуурдаж гарна. Удахгүй монгол зөн, монгол итгэл үнэмшил, монгол аяг ааш, монгол оршихуй нь тухай яриад ч нэмэргүй болно. Энэ бүхэн харин нэгэн цагийн явдал биш. Нэгмөсөний явдал шүү.

Гэтэл цаана чинь өсөн өндийж байгаа солонгос савангийн дууриар орчлон хорвоог төсөөлөх, хэмжих угаагдсан тархитай, шинэ цагийн “КОРЕАН СТИЛЬ”-уудаа яах вэ? Энэ талаар бодох сөхөөтэй, төр засаг түмэн олон байна уу? Т-АРА зурагтаар дуулж байна. Төв цэнгэлдэх пиг дүүрэн солонгос хүүхдүүд солонгосоор дагаад орилолдож байна. Гэртээ хариад “Эхнэрийн урхи”-аа үзэж, өс хонзонгийн үнэ төлбөргүй дамжаанд сууж, амьдрал хайр сэтгэл бүгдийг “тэмцэл өрсөлдөөн” гэсэн тэнэг гүн ухаанд суралцана.

Гэтэл хоёр охин минь дэргэд солонгос киноны нэг охиноос болж муудалцав. Тэр охины зөв бурууг хэлэлцэж байна. Хүний нөхөр булаасан хорон санаатан гэж бага охин зүтгэв. Нөхрөө алдсан нь эхнэрийн буруу гэж том охин үзэв. Эцэст нь надаар маргаанаа таслуулахаар хандав. Асар ихээр хоцрогдсон би Молла Насрейданы онигоо шиг том нь арай юу юугүй гомдохгүй байх гэж санаад багынх нь талд оров. Ийм кино үзүүлэхгүй гээд ямар нүдийн хааж, зурагтын унтрааж, сувгийн солилтой биш. Тэгээд ч энэ цаг хугацаанд үнэндээ солонгос савангийн дууриудаас өөр хэний ямар ч бүтээл монголын ард түмэнд ингэж нөлөөлж, хүүхэд багачуудын хүмүүжүүлж чадаагүй юм. Өмссөн зүүсэн, өнгөлсөн далдалсан нь хүртэл “СОЛОНГОСЖСОН” монголын ирээдүйд САВАНГИЙН ДУУРИУДЫН ГАВЬЯА юутай их вэ? Үгээр хэлж, алтаар хэмжишгүй их.

“Т-АРА”-гийн тоглолт тарж буй бололтой, өнгө өнгийн гэрэл тэнгэрт цацарч, өөдгүй муу аавтайдаа тоглолт үзэж чадаагүй охидууд минь өр зүрхэндээ бяцхан гомдолтой цонхон дээрээ зогсож байна. Хараад зүрх минь хачин ихээр шимшрэв. Энэ удаа харин мэдээ үзнэ гэж зурагтын удирдлага булаалгүй солонгос киног нь үзүүлэхээр шийдэв.

Солонгос кино гэдэг “керасис” шампуниар ирээдүйнхээ тархийг сайтар угаасан төр хийгээд суваг эзэмшдэг “ноёдууд” одоо юу бодож суугаа бол. Бүх юм санасанаар сайхан бүтэж байна гэж бодож байгаа болов уу? Арай ч үгүй байлгүй дээ. Тийм баларсан дотортон байхгүй гэдэгт итгэхийг хүснэ. Монголын заяа буян мундахгүй их гэдэгсэн.

Гэвч Энхтайвны гүүрэн дээр зөрсөн ирээдүйн Монголчууд нүдэнд харагдсаар. Дэргэд дэлгэц ширтэж суугаа хоёр охин минь гайхамшигт кино урлагийн гайтай “сүүдэр” савангийн дуурьд шимтэн дурласаар. Эцэст нь энэ цаг үе, хүмүүсийн харанхуйлал, зохиолчдынхоо эмгэнэлийг хүртэл уучлан өршөөх сэтгэл төрөв. Тэгээд ард түмэндээ хайртай хүүгийн зүрх сэтгэлээр тэднийг минь олон он жилд гэгээрүүлэн сэхээрүүлж байгаа тархийг нь сайтар угааж чадсан СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРИУДАДАА СОЁЛЫН ГАВЬЯАТ ЦОЛ өгөх саналыг ГЭГЭЭН ГЭРЭЛТ ТӨРДӨӨ өвдөг сөгдөн уламжилж байна.
ХҮЛЭЭН АВЧ, ТААЛАН БОЛГООНО УУ.

 Пүрэвхүүгийн Батхуяг
2013-09-22

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …