Б.Энхмаа: Манай улсад цус ойртолтын асуудал аюулын харанга дэлдэх хэмжээнд байна

Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаатай ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүс их болсон гэдгийг зарим судлаачид хэлж байсан. Энэ талаар яриагаа эхэлье?

-Аливаа улсын хөгжил болон үндэсний аюулгүй байдлыг хангахад нийгмийн сэтгэл зүй нь тулгуур болж өгдөг. Иймээс нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд төрийн зүгээс ухаалаг, үр дүнтэй бодлого боловсруулж, оролцох шаардлага тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж, түр зуурын дасан зохицох чадвараа алдах, хямралд өртөх, биеэ барих чадвараа түр зуур алдах, түгших нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлын наад захын ойлголт юм. Сэтгэл зүйн асуудал гэдэгт сэтгэл санааны болон эрүүл мэндийн асуудлууд багтана. Сүүлийн үед хүмүүс төрөл бүрийн мэдээлэл дунд төөрч, бие биедээ таагүй үг хэлэх, сэтгэл эмзэглүүлсэн үйлдлүүд гаргах нь хүний сэтгэл зүйд маш их сөргөөр нөлөөлж байна. Ядуурал, ажилгүйдэл, тухайн хүн хөдөлмөрөө бодитой үнэлүүлж чадахгүй байгаа зэрэг нь яах аргагүй сэтгэл зүйн тогтворгүй байдлыг бий болгодог гэсэн үг. Тухайлбал, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын байрны асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрч байгаа. Учир нь улс төрийн тавцанд тухайн салбарын талаар мэдэхгүй залуус ирж, самарч хаяад явдаг. Харин мэддэг чаддаг олон жил ажилласан албан тушаалтнууд нь шүүсийг нь шахаад ч юм гарахааргүй өөрийгөө хайрцаглачихсан. Ямар ч салхи ороод нэмэргүй дагтаршчихсан. Тэд шинэчлэл хийх гэсэн залуусын сэтгэлийг нь мохоож, ажиллах эрч хүч, урам өгөх нь байтугай, ууцыг нь хугалж гаргана гэгчээр ханддаг болжээ. Эсвэл өөрсдийн адил хөгждөггүй хайрцагандаа залуусыг булшлах өнгө аястайгаар харилцаж буй нь илт байгаа юм. Энэ бол төрийн албанд шинээр орсон залуус болон шинэчлэлийн салхийг эрэлхийлсэн мэргэжилтнүүдэд тулгамдаад байгаа хамгийн түгээмэл сэтгэл зүйн асуудал болсон.

Мөн “Бүрэг эрийг эмд тооцвол эм олон” гэдэг шиг эр эм нь мэдэгдэхгүй, мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс олшроод байгаа болохоор сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн олон болсон.

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнийг дотор нь хэд ангилдаг вэ?

-Сэтгэл зүйн асуудлууд нь ил, нуугдмал, сэтгэлийн гүний гэсэн хэлбэртэй байдаг. Үүсч буй нөхцөл байдлаасаа хамааран гэр бүлийн, харилцааны, нийгмийн, хувь хүний гэх зэргээр ангилж болно. Энд нэг зүйлийг тодруулъя. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд (психологические проблемы) болон сэтгэцийн тулгамдсан асуудлууд нь (психические проблемы) хоёр өөр ойлголт.

-Хөгжлийн хэрээр хүмүүс аливаа зүйлээс шалтгаалж, стресстэх нь ихэсч байна. Тухайлбал, замын түгжрэлээс болж, иргэд нэгийгээ ёс бусаар хараах, хүлээцтэй хандаж чадахгүй байх тохиолдол олон гардаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл их болсон гэсэн. Энэ нь цус ойртолттой холбоотой юу. Нэг ёсондоо монголчуудын цус ойртолт ямар хэмжээнд байгаа юм бэ?

-Манай улсад цус ойртолтын асуудал аюулын харанга дэлдсэн хэмжээнд байгаа. Үүнийг эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээс харж болно. Таны асуултыг ёс суртахуунтай холбоотой асуудал хэмээн үзэж байна.

-Аминч үзэл, өөрийгөө дөвийлгөх үзэл сэтгэлзүйн нэг төрлийн өвчин үү?

“…Чимхээр эс бол нэг савтай хоолонд

Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггүй…” гэдэг шиг тунг нь тааруулбал өвчин болтлоо даамжрахгүй.

-Өөрийгөө бодох, аминч үзэл цус ойртолтын шинж тэмдгийн нэгт орно гэдгийг судалгаагаар тогтоосон…

-Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Цус ойртолтын улмаас хүн амын дотор аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүмүүсийн эзлэх хувь байнга нэмэгддэг” гэсэн байдаг. Я.Цэвэлийн тайлбар толиноос “Аминчхан: ганцагчин, хань болоогүй, зөвхөн амин хувиа бодогч. Амиа аргацаах: Амиа борлуулж довоо шарлуулах” хэмээсэн нь бий. Тодруулбал, “Цус ойртсон бие махбод, бие бялдрын хувьд дорой, өвчинд өртөмтгий байдаг. Иймээс байнга өөрийгөө тойглож байх хэрэгтэй болдог. Мөн байнгын дотогшоо чиглэсэн сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг байна” гэж бичсэн байсан. Би үүнтэй санал нэг байна. Манайд монгол хүний удам судар, угийн бичиг, генетикийн хөгжлийг судалдаг томоохон эрдэмтэд олон бий. Тэдгээр эрдэмтэд сайн тайлбарласан байдаг юм.

-Монголчууд улам л амиа бодож, шуналтай болоод байгааг зарим сэтгэл судлаачид хэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой. Амиа бодож довоо шарлуулаад, миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг мэддэг бол өвчин болтлоо хүндрэхгүй л дээ.

-Сэтгэл зүйд аминч үзлийг юунаас эхтэй гэж үздэг вэ. Аминч үзэл сэтгэлзүйн хэвийн үзэгдэл мөн үү?

-Аминч үзэл, амиа бодохуй буюу эгоизм нь хүний зан төлөвийн нэгэн хэлбэр. Тухайлбал, тухайн хүн өөрийн төлөө бусдыг ашиглах, тэднийг өөрийнхөө амжилтад хүрэх, дэвшин дээшилж мандан бадрахад хэрэглэх арга хэрэгслүүрээ болгох явдал юм. Миний хэрэг бүтвэл бусдын явдал бүтнэ гэдгийг мэдэхгүй. Нэг тийм “би л” болж байвал бусад нь яадаг юм гэх зэргээр хандаж байгааг амиа бодсон хүмүүс хэмээн нэрлээд орчуулж хэрэглээд дасчихжээ. Бас арга ч үгүй юм уу даа. (инээв) 1990-ээд оноос өмнөхөн ард түмний дунд хувиа бодох, амиа аргацаах нь социалист иргэн бие хүнд байж боломгүй чанар хэмээн үздэг байв. Нэг ёсондоо нийгмийн тогтолцоотой хүн ардынх нь сэтгэлгээнд одоо хүртэл хадаастай байдаг зүйл юм билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …