Манай орны хувьд ус, хөрс, агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрсэн. Эдгээр бохирдлын асуудлыг шийдэхээр төр засгаас багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, арга хэмжээ авч байгаа. Гэвч төдийлөн үр дүнгээ өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Харин ШУТИС-ийн багш, доктор профессор, Д.Басандорж ус болон хөрсний бохирдлыг бууруулах, арилгах технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, экологийн хувьд ээлтэй халаагуурыг бий болгож улмаар агаарын бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой нэгэн төхөөрөмжийг “Ховдтул” ХХК-ийнхан бүтээсэн байна. Эдгээр судалгааны ажлын талаар ШУТИС-ийн профессор Д.Басандоржтой ярилцлаа.
–Сайн байна уу. Та төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Энэ ажлын талаар яриагаа эхэлье?
-Юун өмнө танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Цэвэрлэх байгууламжийн хувьд лагийн талбай гээд 28 га газар буюу 44 картад 500000м3 лаг байгаа. Энд бас ихээхэн хэмжээний хур лаг бий. Өдөр болгон 1000-1500 м.куб лаг шинээр гарч байдаг.Энэхүү лагийг цэвэршүүлэх чиглэлээр Барилга хот байгуулалтын яамнаас тендер зарлаж, хоёр газрыг шалгаруулан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үүний нэг нь “Ховд тул” ХХК. Би энэ компанийн зөвлөх инженерээр ажиллаж байна. Лагийн үнэр гараад байгаа гол шалтгаан нь олон жилийн хур лаг, лагийн талбайн лагийг машин механизмаар ухаж боловсруулах тэр хугацаанд гараад байгаа юм.
Төв цэвэрлэх байгууламжид энэ жил олон ажил хийгдэж бохирдлыг бууруулах, үнэрийг дарах зорилгоор багагүй хөрөнгө оруулалт хийгдэж ажлууд явагдаж байна, удахгүй энэ хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Одоо цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, боловсруулах ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ. Лагийг бүрэн цэвэрлэх боломж байгаа юу?
-Манай компани хоёр талбай буюу 30 мянга орчим м.куб лагийг боловсруулж хар шороон хөрс, бас бордоо болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 4-нөөс эхэлсэн. Ажил маань ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусах ёстой. Одоо ажил 60-аад хувьдаа орчихсон явж байна.
-Лагаа боловсруулж хар шороо, хөрсний бордоог гаргаж эхэлсэн үү?
-Эхний ээлжийн хар шороог гаргаад байна. Одоогийн байдлаар 2000 шуудай хар шороо гаргаад, мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллага руу дээж сорьцоо явуулсан. Мэргэжлийн байгууллагууд бидний гаргасан хар шороог ногоон байгууламжид хэрэглэж болох шороо мөн үү, биш үү гэдгийг шинжилнэ. Бидний хувьд судалгааны түвшинд лагаас гаргасан хөрс бордоогоо ашиглах боломжтой гэдгээ лабораториор нотолчихсон. Бид лагаас гадна нийтийн хоолны газраас гарч байгаа хаягдал болон нийслэл хотоос гарч байгаа органик гаралтай бүх хаягдлыг боловсруулдаг технологийн шийдлийг боловсруулсан байгаа. Энэ нь биотехнологийн арга бөгөөд үүнийгээ Монголд нутагшуулж, байгальд ээлтэй аргаар хог хаягдлыг боловсруулахаар ажиллаж байна. Бид нэг хаягдлаар нөгөөг хаягдлыг бий болгодог системээр олон жил явсан. Хог хаягдал боловсруулж байна гээд баахан химийн бодис цацдаг. Тэр нь ахиад хог хаягдал болдог Бид ийм байдлаар биш байгаль дээлтэй, эко технологиор шийдэх шийдлүүдийг санал болгоод ажиллаж байна. Эхний ажлууд үр дүнгээ өгөөд явж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу