“Имарт”-д худалдаалагддаг шинэ ногоог хаана тариалдаг вэ?

 

“Имарт” худалдааны төв анх байгуулагдсан цагаасаа эхлэн “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэхээр зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.Энэхүү хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагдсан байгаа аж.

Тус хөтөлбөрт хамрагдаж буй байгууллагуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ыг зохион байгууллаа.

Аяллын эхэнд үндэсний үйлдвэрлэгч Монгол дахь хамгийн том өргөст хэмхний хүлэмжний аж ахуй эрхэлж буй “Төгс ургац” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд аяллын бүрэлдэхүүнийг “Төгс ургац” ХХК-ийн маркетингийн менежер Д.Ариунболор ажилчдын хамт хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулав.

Тэрбээр“Бид 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хураан авсан. Тариалсан шинэхэн өргөст хэмхээ “Имарт”, “Барс” худалдааны төвүүдэд нийлүүлж, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэж байна” гэж ярилаа.

Харин өргөст хэмхийн үрсэлгээ, арчилгааны талаар “Төгс ургац” ХХК-ийн ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга “Хоёр зааланд дөрөв, дөрвөн сараар ээлжлэн тариалалт хийдэг. Нэг заалны тариалалт дууссаны дараа 10 мянган ургамал таригдаж, 14 хоногийн дотор бойжуулж, үрсэлгээний заал руу гаргадаг юм. Өглөө нэг заалнаас 750 кг өргөст хэмх авдаг” гэж ярив.

“Төгс ургац” ХХК-ийн хувьд Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2016 онд ашиглалтад оруулж, тариалалтаа хийж байна.

Анхны ургацаа хураан авч эхэлснээс хойш Имарт” худалдааны төвтэй хамтран ажиллаж иржээ. Энэхүү хүлэмж нь А, В гэсэн үндсэн хоёр заалттай бөгөөд нийтдээ 1080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалдаг юм байна.

Өглөө бүр эрүүл шинэ хүнсийг хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог тус хамт олон нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахаар өглөө бүр 06:00 цагаас эхлэн шинэхэн өргөст хэмхээ хураан авч 09:00 цагт “Имарт” худалдааны төв рүү түгээлтээ хийдэг гэнэ.

Зуны улиралд хоёр тонн, өвлийн улиралд нэг тонн өргөст хэмхийг хураан авдаг аж.Тус компани нийтдээ 40 гаруй ажилтантай бөгөөд, хүлэмжинд 25 ажилчид ажиллаж байна.

“Төгс ургац” компанийн үйлдвэрийн хана, тааз шилээр хийгдсэн бөгөөд доторхи бүх систем нь бүрэн автомат байсан нь бидний анхаарлыг татсан юм. Энэхүү хүлэмжид шороо гэж огт байхгүй бөгөөд ургаж буй өргөст хэмх газраас хөндий, тавиурууд дээр ургаж байв. Хамгийн гол нь дөрвөн улирлын турш ажилладаг учраас зун, намар тариалаад өвөл хүртэл хадгалагдсан хуучин ногоо бус өдөр шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх боломж биеллээ олжээ. Цаашид зөвхөн өргөст хэмх гэлтгүй бусад төрлийн нарийн ногоог дөрвөн улирлын турш тарьж ургуулахаар “Төгс Ургац” ХХК-аас төлөвлөжээ.

Энэ удаагийн “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ын дараагийн очсон газар “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” хүлэмж байлаа.

“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням “Манай жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан. Зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж байгаа. Анх ХХААХҮЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн хүрээнд гүзээлзгэнэ тарьж ургуулж эхэлсэн. Хоёр янзын технологиор тариалдаг.

Нэгдүгээрт эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технологиор усан орчинд ургуулж байна. “Имарт” худалдааны төвтэй байгуулагдсан цагаас хойш хамтран ажилласан. Цаашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөнийн дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна. Бид одоо борлуулалтдаа санаа зовохгүйгээр болсон. Харин одоо жимсний төрлөө арвижуулж тариалах нь чухал байна” гэлээ.

Тус хүлэмжид ургасан гүзээлзгэнэ, өглөө бүр шинээр хураагдаж хоёр цагийн дараа л хэрэглэгчдэд хүрдэг.

Агрономич Д.Наранбаатар “ Монголын нөхцөлд ургах боломжтой дөрвөн улирлын сортыг гаргаж авахын тулд олон жил, олон туршилт явуулсан. Энэ сортыг зөвхөн Монгол Улсад зориулсан гаргасан гэж ч хэлж болно. Шаардлага хангасан хүлэмжтэй бол өвөл, зунгүй шинэ гүзээлзэгэнэ тариалж болно. Одоохондоо бид арваннэгдүгээр сард тариалалтаа зогсоож, дөрөвдүгээр сард үйл ажиллагааагаа эхлэж байна. Дараа жилээс шинэ хүлэмжүүд ашиглалтад орж бүх улиралд ургацаа хураах боломжтой болно. Өдөрт есөн хүлэмжээс 60 орчим килограмм гүзээлзгэнэ хураадаг. Мэдээж захиалгадаа бүрэн хүрэхгүй, өөрийнхөө нөөцөөр л нийлүүлэлт хийж байна. Одоо бол И-Март сүлжээ дэлгүүрт бүгдийг нь хүргэж өгөөд таардаг. Дараа жилээс үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, амт чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэнэ” гэв.

“Элбэг ургац” хүлэмжний ерөнхий агрономич Э.Болорцэцэг “Манайх 2008 оноос хойш гүзээлзгэнэ тариалж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд гүзээлзгэнэ дагнан тариалсан. Ургацаа өглөө бүр шинээр нь хурааж, өдөр бүр нийслэл рүү хүргэдэг. Өдөрт 50-60 кг гүзээлзгэнэ хураан авдаг” гэв.

Гүзээлзгэнийг тариалснаас хойш 45 хоногийн дараагаас жимсээ өгч эхэлдэг байна. “Элбэг ургац” ферм гүзээлзгэнийн найман хүлэмжтэй, 10 гаруй ажилтантай.

Гүзээлзгэнэ жимсний 80 хувьд С витамин агуулдаг бөгөөд хүүхдийн өсөлт, элэгний өвчинд ач тустай гэдгийг агрономичид хэлж байв.

Эх орны хөрсөнд ургасан эрүүл, шинэ жимс, хүнсний ногооны чанарыг Имарт өөрийн лаборатори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулж  хэрэглэгчдийнхээ гарт хүрдэг байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …