Татварын багц хуулийн шинэчлэл, төсвийн орлогын бүрдэлт болон цаг үеийн бусад асуудлаар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар улсын төсвийн орлогын бүрдэлтийн явц ямар байна вэ?
-Үндэсний татварын алба татан төвлөрүүлж буй улсын төсвийн орлогын бүрдэлт өнөөдрийн байдлаар /2013.10.07/-ны байдлаар 83.3 хувьтай байна.
Өөрөөр хэлбэл 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байна. Үүнээс улсын төсвийн орлогын бүрдэлт 78.7 хувь буюу нэг их наяд 337 тэрбум төгрөг байгаа бол орон нутгийн төсвийн орлого 99.7 хувьтай 447.8 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлээд байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой энэ салбараас орж ирэх орлого харьцангуй буурсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 177.3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэл маань илүү байгаа. Энэ бол манай татварын албаныхны нөөц боломжоо дайчлан ажилласны үр дүн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Улсын хэмжээнд татварын өрийг 95 хувьтай барагдуулж байна. Үүнд Шүүхийн шийдвэрийн шатанд байгаа өр хамаарахгүй.
-Төсвийн орлого оны эцэс гэхэд 1.5 их наяд төгрөгөөр тасалдах төлөвтэй байна гэж Сангийн яамнаас мэдээлж байсан. Оны төгсгөлд төсвийн бүрдэлт ямар байх бол?
-Улсын төсвийн орлогыг дүгнэж хэлэхэд хараахан эрт байна. “Чингис” бонд, Хөгжлийн банкаар дамжуулагдан санхүүжилт авсан ажлын тайлангууд гуравдугаар улирлын буюу 10 дугаар сарын 20-ны тайланд орж ирэх ёстой. Түүнчлэн манай улсын бизнес улирлын чанартай. Тиймээс уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тайлан гуравдугаар улирлынхаар түлхүү ирдэг. Ингээд цаана нь дөрөвдүгээр улирлын тайлан бүтнээрээ байгаа. Бид оны эцэс гэхэд бүх төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажиллах болно.
-Үндэсний татварын алба, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран анх удаагаа нийслэлийн үл хөдлөх хөрөнгийг татвар төлөгч нартай нь хамт тоолох ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын үр дүнгийн талаар?
-Энэ ажил өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн. Нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Тооллогын ажилд 180 сая төгрөг төсөвлөн нийслэлийн 138 хороонд 538 хүн ажиллаж байна.
Үл хөдлөх хөрөнгийг татвар төлөгч нартай нь хамт тоолсноор нийслэлийн хэмжээнд бизнесийн зориулалтаар ашиглагдаж буй хэдэн төрлийн үл хөдлөх хөрөнгө байна, орон сууцны зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуйн нэгж хэд байгаа юм гээд маш олон зүйл тодорхой болно. Энэ нь нөгөө талаасаа манайхаас дэвшүүлээд буй далд эдийн засгийг бууруулах, татварын байгууллага, татвар төлөгчид ижил түвшний мэдээлэлтэй байх, зөв тайлан мэдээгээ хүлээлцэх, мэдээллийн бааз сайжрах давуу талтай.
-Татварын багц хуулийн шинэчлэлд ямар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинээр авах татварын тоо хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн?
-Монгол Улс хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц тогтвортой, энгийн, шударга, олон улсын жишигт нийцсэн татварын тогтолцоог бүрдүүлэхээр үе үеийн Засгийн газар ажиллаж ирсний дагуу Татварын нэгдүгээр үе шатны цогц шинэчлэлийг 2007 оноос хэрэгжүүлж дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь эдийн засгийн огцом өсөлтийг бий болгох цагаа олсон, оновчтой үйл ажиллагаа болсон. Иймд Татварын хоёрдугаар үе шатны шинэчлэлийн Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, далд эдийн засгийг бууруулах, Татварын албаны үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлэхээр Засгийн газар, Сангийн яамнаас төлөвлөж байна.
-Орон сууцнаас татвар авдаг болно гэх яриа гараад байгаа?
-Тийм зүйл огт байхгүй. Татварын багц хуулийн хүрээнд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх замаар эдийн засгийг дэмжихээр болсон. Үүний хоёр нь цоо шинэ хууль байгаа. Тодруулбал Хотын татвар, Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг шинээр авахаар болж байгаа юм.
Нийслэл хот болон аймаг, улсын чанартай хотуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хотын татварыг авахаар тооцож байгаа. Энэ хүрээнд 0.1-0.3 хувийн татварын тогтолцоог бүрдүүлэх юм. Энэ хууль УИХ, Засгийн газрын түвшинд эцэслэгдэн хэлэлцэнэ.
-Манай улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хүн амын орлогын албан татвар, НӨАТ-ын хувь хэмжээ бусад улсуудынхтай харьцуулахад ямар байдаг юм бол. Татварын шинэчлэлтэй холбоотой дээрх хуулиудын хувь хэмжээнд өөрчлөлт орох уу?
-ААНОАТ-ын хувьд 10, 25 гэсэн хоёр хувь хэмжээ байгаа. Тодруулбал гурван тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж ахуйн нэгж ашгаасаа 10 хувийн татвар төлнө. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжийн хувьд 25 хувийн татвар төлдөг. Үүнийг олон улсын түвшинд харьцуулахад дундаж түвшинд байгаа.
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ дэлхийн түвшингээс доогуур, НӨАТ дундаж түвшинд байгаа. Татварын хувь хэмжээ дэлхийн түвшингээс доогуур байна гээд дээрх гурван гол татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй.
Д.Баяржаргал