Х.Мандахбаяр:Зөрчлийн тухай хууль хэвлэлийн эрх чөлөөг хумих аюултай байдлыг бий болгосон

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт албан санал хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр“Зөрчлийн тухай хуулийн 6.21 гэсэн заалтыг уг хуулиас хасах тухай саналыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нэгдсэн Ажлын хэсгээс хүргүүлэх гэж байна. Зөрчлийн тухай хуулийн уг заалт нь “Гүтгэх буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт юм. Энэ заалтын дагуу хувь сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгож ирсэн.

Асуудлыг бид хоёр талаас харж байгаа. Сэтгүүлч хэн нэгнийг гүтгэж, худал мэдээлэл цацаж болохгүй. Бид мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж, хуулиа хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ харилцааг өмнө нь Иргэний хуулийн гурван том заалтаар зохицуулж ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд ажигласнаар Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт нь эрх зүйн давхардлыг бий болгож байгаагаас гадна нийгмийн дутагдлыг олж, гаргаж ирэх хэвлэл мэдээллийн үндсэн эрхийн эсрэг зүйл болж таараад байна.

Хуулийн дээрх заалт нь чөлөөт хэвлэлийн амыг боомилох, хэвлэлийн эрх чөлөөг хумих аюултай байдлыг бодитойгоор бий болгосон учраас асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх ёстой гэж хэвлэлийнхэн маань санал нэгдээд байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд сэтгүүлчдийг Зөрчлийн хуулиар торгож байсан жишээ олон бий. Зөрчлийн тухай хууль бол эрхтэн дархтнуудын өөрийгөө хамгаалах зэвсэг болж үлдэх магадлалтай юм байна гэсэн хардлага төрөх хэмжээнд хүртэл хүрч байгаа юм.

Хэвлэл мэдээллийнхнийг дээрх асуудлыг гаргаж ярихаар “Тэгвэл энэ заалтыг нь буцаагаад Эрүүгийн хуульд оруулчихъя” гэдэг зүйл яригддаг. Үүнийг бид эрх зүйн шантааж гэж үзэж байна. Энэ нь “Хэрвээ та нар Зөрчлийн хуулиар явахгүй юм бол Эрүүгийн хуулиар шоронд хийнэ” гэсэнтэй яг ижилхэн. Хэдийгээр бидэнд тэгж хэлээгүй ч энэ бол байж болохгүй хандлага. Нэгэнтээ Иргэний хуулиар хангалттай зохицуулагдаж ирсэн жишиг байхад Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар шийднэ гэж зүтгэх хэн нэгэн эрхтэн дархтан байгаа бол хэвлэл мэдээлэлд цензур тогтоохыг хүсэж байгаа хэрэг юм” гэж мэдэгдлээ.

Энэхүү саналд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб” интернейшнл ТББ, Монголын хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг хэвлэл мэдээллийн бусад мэргэжлийн холбоод санал, зөвлөмжөө нэгтгэн тусгасан бөгөөд дээрх байгууллагуудын төлөөлөлүүд нэгджээ.

Харин Глоб Интернэйшнл ТББ-ын Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн менежер Ц.Мөнхжин “Зөрчлийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагынхан сүүлийн үед олон бэрхшээлтэй тулгарч байна. Манай байгууллагын жил бүр бэлтгэн гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан”-д өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ жилийн тавдугаар сар хүртэл нийт 182 удаагийн зөрчил бүртгэгдээд байна”гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …