-Танай машин чинь ямар удаан уншдаг юм бэ? Үнэмлэх залгичихлаа-
Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ төрийн сүлжээг ойртуулахын тулд нийслэлийн хэмжээнд 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй Төрийн үйлчилгээний цахим 17 машиныг ашиглалтад оруулсан. Өмнө нь манай улсын иргэд ямар нэгэн тодорхойлолт авч, гарын үсэг зуруулж, тамга, тэмдэг даруулахын тулд даргын үүдийг хэдэн цагаар ч хамаагүй сахин сууж цаг заваа алддаг байсан. Харин энэ бүхнийг ТҮЦ машин шийдэн өгч байна. Иргэд энэхүү машинаас хамгийн их хэрэгцээтэй зургаан төрлийн тодорхойлолт, ААН-ийн орлогын болон хувь хүний орлогын албан татварын мэдээлэл, Татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа авч болно. Мөн яам, агентлаг, төрийн байгууллагуудад гаргах санал хүсэлт, өргөдөл гомдлоо ч энэ машинаар дамжуулан илгээж болох аж. Энэ бүхнийг сонссон иргэд “Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, амар хялбар аргаар авдаг болж байна” хэмээн баярлаж байсан.
Гэтэл гурван сарын өмнө сүр дуулиантайхан нээлтээ хийж байсан цахим машинууд араасаа асуудал дагуулаад эхэлжээ. Иргэд цахим машинаас тодорхойлолт аваад харъяа дүүргийнхээ газар очихоор тамга даруулаагүй байна, хүчингүй гэж буцаадаг байна. Уг нь энэ машинаас гарч буй бүх тодорхойлолт Монгол улсын нутаг дэвсгэр, ямар ч албан байгууллагад хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байсан.
Иргэд энэ бүхэнд дургүйцэж “Төрийн үйлчилгээний байгууллагуудад хоорондын уялдаа холбоо гэж огт байхгүй. Нэгнийхээ хийсэн зүйлийг нөгөө нь үгүйсгэдэг гаж тогтолцоо хэзээ арилах вэ. Ганцхан албан бичиг дээр гарын үсэг, тамга дараад өгөхөөс эхлээд иргэдийг хөлдөө чирдэг асуудал үгүй болох нь хэмээн баярлаж байлаа. Гэтэл үгүй байж, иргэдийн татварын мөнгийг дэмий зүйлд зарцууллаа” гэж цахим машинаас авсан тодорхойлолтоо хүчингүй гэж хэлүүлсэн иргэд нэлээд бухимдалтай байлаа. Бид эдгээр иргэдийн төлөөлөл болгож Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэн Ө.Батдуламаас тодруулга авснаа хүргэж байна.
-Та төрийн үйлчилгээний цахим машинаас ямар тодорхойлолт авсан юм бэ?
-Төрсний гэрчилгээний лавлагаа аваад дүүрэг дээрээ очтол ямар ч тамга даруулаагүй байна, хүчингүй гэж хэлсэн. Тамгатай шинэ лавлагаа дүүргээсээ авсан. Би уг нь цахим машинаас гарсан бүх лавлагаа, тодорхойлолтыг хүчинтэй гэж бодсон.
-Машинаас авсан лавлагаа хүчингүй гэхээр танай дүүргийн ажилтан танд юу гэж тайлбарласан бэ?
-Шинэ төрсний гэрчилгээ авахад цахим машины лавлагаа хүчингүй байдаг л гэж хэлсэн. Би үнэхээр их гайхсан. Энэ машины талаарх мэдээлэл иргэдэд хомс байгаа нь миний жишээн дээр анзаарагдаж байгаа биз дээ. Нэг өдрийн ажил хоёр өдөр болж сунжраад, надад ч гэсэн хүндрэлтэй байна.
ТҮЦ машинаас хүссэн иргэн бүр өөрт хэрэгтэй байгаа тодорхойлолт, лавлагааг авч чадахгүй. Тодруулбал төрсний бүртгэлийн лавлагааг 1988 оноос хойш төрсөн иргэд, гэрлэлт цуцлалт, бүртгэлийн лавлагаа 1992 оноос хойш, гэрлэж байгаагүй гэсэн тодорхойлолт 1988 оноос хойш авч болно. Нэгэнт иргэдийн татварын мөнгөнөөс 1.5 тэрбум гаргаж авсан юм чинь он зааж өгөхгүй бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой гэдгийг олон хүн хэлж байсан. ТҮЦ машин байрладаг хэд хэдэн газар очиж ажиглалт хийхэд иргэд цахим машинтай харьцаж чадахгүй байна. Хурууны хээ дардаг хэсэг дээр нь тостой бохирдсон хуруугаараа дарж, цахим үнэмлэхээ хийгээд уншиж дуусаагүй байхад нь янз бүрийн илүү үйлдэл хийж машиныг гацаачихаад төрийн албан хаагчдад уураа гарган “Танай машин чинь ямар удаан уншдаг юм бэ? Үнэмлэх залгичихлаа” хэмээн загнаж буй харагдсан. Тиймээс албаны хүмүүс иргэдэд хандан “Бараг гурван сая шахам иргэний дундаас таны мэдээллийг хайж олохын тулд жаахан хугацаа шаардана. Хүлээцтэй, тэвчээртэй хандах хэрэгтэй” гэдгийг сануулж байв.
М.АМАРЖАРГАЛ
Эх сурвалж: Мэдээ.мн