Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн таалал төгсчээ
Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн.
1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ.
Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн.
“Боржигоны бор тал”, “Монголын их хээр тал”, “Учирлахын шүлэг”, “Уянгын шаглаа”, “Хүүдээ унших шүлэг”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Буруу энгэртэй дээл”, “Ижийтэйгээ байхад би баян байсан” зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.
Ум сайн амгалан болтугай.
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь
Эхийн тунамал дунд цуг үүссэн
Эсэнлэх тэр үүрээр цуг хашгирсан
Морины нуруунд
Хоёр талаас нь цуг ассан…
Айлд хоёулаа хамт бууж
Амрагийн уруулыг үхэл бид хоёр хувааж үнссэн
Зовлонгийн оромж миний толгой
Зоргоороо үхэлтэй дэр хувааж
Там диваажин хоёрын элч үхэл
Тал бие шиг минь хамт оршсон
Амьдын гал “аа” омгоороо
Үхлийг би дарладаг байсан
Алгуурхан тэр дотроос минь
Үгүй болоход минь дурладаг байсан
Би хэмээгч нэгэн бие
Бурхан чөтгөр хоёрын
Буйлж эзэгнэсэн эдлэн болсон
Намайг хүн болгож ургуулаад
Над дээр бас юм болгон тарьсан
Учрыг олохын дон над дээр ургасан
Ухаан ургасан
Урт амьдрахсан гэсэн тэнэг зөн ургасан
Үнэн сайхан ханийн өлмийд
Үхэж алдах хайр ургасан
Үрээ гэж санаа богшиж
Үйлээ эдлэх үүрэг ургасан
Хагацлын нулимстай жимс
Халуун сагсуу бодол ургасан
Хүнд байдаг юм болгоныг
Хүглийтэл над дээр тарьсан
Өөд болсны минь дараа
Өт мартахуй хоёр миний ургацыг хураана
Буруутай зөвтэй орчлонд би
Бурхан, чөтгөр хоёрын эдлэн явсны
Мөнх, мөнх бус хоёрын
Мөчөөрхөл тэгээд дуусна
Үхэл – миний хамгийн хуучин хагацал
Үхэл – миний ижийдээ очих томилолт … хэмээн шүлэглэж билээ…