Жендерийн тэгш байдлыг хангахад шинэлэг инноваци ашиглана

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслол 3 дугаар сарын 7-нд Монголын Хөрөнгийн биржид боллоо.

Монгол Улсад энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ МҮХАҮТ, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын Хөрөнгийн Бирж, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага хамтран зохион байгуулав.

Энэ жилийн хувьд “Тэгшээр сэтгэж, ухаалгаар бүтээж, өөрчлөлтийн төлөө шинэлэг байя” уриан дор хувийн хэвшил тэр дундаа нийгмийн хамгааллын систем, нийтийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой дэд бүтэц зэрэг салбаруудад жендерийн эрх тэгш байдлыг хангахад шинэлэг инноваци шингэсэн арга технологийг ашиглахыг уриалж байгаа юм.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлэхдээ “Энэхүү арга хэмжээнд өнгөрсөн жил дэлхийн 60 гаруй орны Хөрөнгийн бирж нэгдэж байсан бол энэ жил 80 гаруй Хөрөнгийн бирж нэгдлээ. Энэ нь дэлхий даяараа эмэгтэйчүүдийн эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж, эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагаа өргөжиж буйг харуулж байна. Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ дэмжсэн сургалт, зөвлөгөө өгөх, тэдгээрийг зах зээлд гаргахад нь тусалж хамтран ажилладаг. Танхимаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Lady Enterpreuner-2018” ёслолын арга хэмжээ өчигдөр болж, шилдгүүдээ тодруулсан. Тус арга хэмжээнд оролцсон 21 аймгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл энэхүү хонх цохих ёслолд оролцсон нь энэ жилийн онцлог боллоо. Танхимын зүгээс орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох чиглэлд анхаарах, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан төрөл бүрийн арга хэмжээг авч дорвитой өөрчлөлт хийхээр төлөвлөөд байна” гэв.

ОУСК-ын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов: Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад Монгол Улс хүйсийн тэгш буй байдал харьцангуй бага. Хэдий тийм ч бизнесийн салбарт гүйцэтгэх захирал, ТУЗ-өөс эхлээд ажиллагсдын түвшинд жендерийн тэгш бус байдлыг багасгах нь эмэгтэйчүүдийг өөрсдийн нөөц бололцоо, чадавхыг бүрэн дүүрэн дайчлан ажиллахад ихээхэн дэмжлэг шаардлагатай. Энэ нь цаашдаа гэр бүл, бизнес, үндэсний хэмжээнд маш том нөлөө үзүүлэх ба энэ нь тогтвортой хөгжилд нэн чухал. Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангахад бусад улсуудыг манлайлан ажиллах боломжтой” гэлээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөрөнгийн биржүүд, НҮБ-ын Глобал Компакт, Тогтвортой Хөрөнгийн Биржийн санаачилга, НҮБ-ын Эмэгтэйчүүд санаачилга, Олон улсын Санхүүгийн корпораци, Дэлхийн биржүүдийн холбоо, Women in ETF зэрэг байгууллага нэгдэн энэхүү арга хэмжээг 5 дахь удаагаа зохион байгуулж байна. Уг арга хэмжээний зорилго нь бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулахад оршдог аж.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …