Х.Болор-Эрдэнэ: Увс аймгийн Улаангом хотод инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийлгэсэн

Сангийн яамны харьяа “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэтэй нийслэл болон аймаг орон нутагт хэрэгжүүлж байгаа төслийн талаар ярилцлаа.

-“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл нь байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Одоогоор ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Монгол Улсын Засгийн газрын 196 дугаар тогтоолоор хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор манай төслийн нэгжийг байгуулсан. Төслийн нэгж нь гурван дэд төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. “Хилийн боомт”, “Аймгийн төв”, “Гудамж” дэд төсөл дээр тулгуурлаж хийгдэнэ. Эдгээр төслүүдийг Засгийн газрын үнэт цаас, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Аймгуудын төвийн дэд бүтэц төслийн ажлыг хийж байгаа. Өнгөрсөн жил хэчнээн аймгуудад ажиллав?

-Өнгөрсөн онд Баянхонгор аймагт авто зам барьж эхэлсэн. Уг замын ажил энэ жил ч гэсэн үргэлжлээд баригдаж байгаа. Улсын төсвөөс тэрбум төгрөг тавигдсан. Мөн Дорнод аймагт явган хүний зам, авто зам, дугуйн замын зураг төслийг боловсруулж, Зам тээврийн яаманд хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна өнгөрсөн жил Увс аймгийн Улаангом хотод инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийлгэсэн. Зураг төслийн хүрээнд ажил эхлэхээр тендер нь зарлагдаад явж байгаа. Тендер шалгаруулалтын дараагаар бид хяналтаа тавиад гүйцэтгэгч нартайгаа хамтарч ажиллана.

-Увс аймгийн хувьд нэлээд том төсөл хэрэгжиж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Увс аймгийн 4,5,6,7.11 дүгээр багийг хамтарсан гадна инженерийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн байгаа. Шинээр зургаан ухаалаг худаг байгуулна. Үүнээс гадна дулаан дамжуулах болон бохирын нэг өргөх ноцоос хийж өгч байгаа. Мөн 10070 метрийн урттай сувгийг төлөвлөж өгсөн. Нийт 14249 метрийн урттай шугам сүлжээний ажил хийгдэнэ. Энэ шугам сүлжээний ажил хийснээр гэр хорооллын айлууд бүгд ус дулаантай болно. Аймгийн хөгжлийн хувьд ихээхэн түлхэц болох учиртай. Улаангомын иргэд хотыг зорихгүй амьдрах боломж бүрдэнэ. Магадгүй зарим иргэд Улаангомд очиж амьдардаг болох байх. Цаашид бусад үлдсэн багуудыг хамруулахаар ажиллаж байгаа.

-Аймгийн иргэдийн хувьд газар чөлөөлөх асуудал дээр хэр түргэн шуурхай хандсан бэ. Та бүхний хийж байгаа ажлыг хэр дэмжиж байна?

-Увс аймгийн иргэд маш сайнаар хүлээж авч дэмжсэн. Бид айл бүрийг холбогдож өгөхгүй гудамжинд холбоход бэлэн болгоод өгнө. Харин ус дулаантай айлууд өөрсдөө холболтоо хийнэ. Тус аймгийн хувьд гудамж талбай нь нэлээд зохион байгуулалттай учраас төслийн ажлыг хийхэд тун боломжийн байгаа.

-Орон нутагт хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа юм байна. Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл байгаа юу?

-Бид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зургаан байршилд нүхэн гарц хийх төслийг боловсруулж хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтарч ажиллаж байгаа. Зургаан байршлынхаа судалгаа болон нэмэлт материалыг боловсруулаад БНХАУ-ын талд хүргүүлсэн. Хятадаас уг төсөлтэй холбоотой нэмэлт материал явуулах санал ирүүлсний дагуу нэмэлт судалгаа хийж явууллаа. Мөн Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулж сайжруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шаардлагатай бүх материалаа БНХАУ руу хүргүүлсэн. Одоо хариу ирэхийг хүлээгээд байж байна.

-Танайхаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр шат дараатайгаар хэрэгжээд явж байгаа юм байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд бүрэн төгс хэрэгжиж чадаж байгаа юу. Хөрөнгө санхүүгээс болж зогсох тохиолдол гарч байна уу?

-Манай төсөл улсын төсвөөс санхүүждэг. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр Сангийн яаманд хүсэлтийг тавиад ажиллаж байна. Улсын төсөв дээр тавигдсан ажлуудыг төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж байгаа. Хилийн боомт төслийн хүрээнд Замын-Үүд, Гашуунсухайт боомтын цогцолборын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төслийг хийлгэсэн байгаа. Увс аймгийн Боршоо хилийн боомтын зураг төслийг ч мөн хийлгэсэн. Эдгээр ажил бүгд цаг хугацаандаа хийгдэж дууссан. Өнөөдөр манай улсын голлох хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүйн улмаас ачааллаа дийлэхээ больсон. Боомтын барилга байгууламж хуучирч муудсан гээд олон асуудал бий. Эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, барилга байгууламжийн цогцолборыг өргөтгөн шинэчилж авто зам, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг төлөвлөснөөс гадна хилийн хяналтын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилчдын орон сууц барих гэж байна. Эхний ээлжийн хэрэгжүүлэх хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлыг ойрын үед эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

-Танайхаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн хугацаа ямар байдаг вэ. Хугацаандаа амжиж хийгдэж чадаж байна уу?

 -Санхүүжилтээс хамаардаг. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажлыг хугацаа шахаж ажилладаг. Манайхаас байнгын хяналт тавьдаг учраас удаашрах асуудал байдаггүй.

 

Н.Алтанцэцэг


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …