Үүгээрээ ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл болох хувийн өмчийг Монголд тунхаглахад онцгой хувь нэмэр оруулсан нэгэн гэдэгтэй маргах аргагүй. Хэдийгээр тухайн цаг мөчид хувьчлал нэрийн дор Монголын баялаг ардчилагчдын халаасанд орсон хэмээн ард түмэн хардаж, гоочилдог ч үнэт зүйлийг үрслүүлсэн гэдгээр нь харвал талархах шалтгаан бий гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хувь хүнийх нь хэгжүүн араншин, хэдэр үг, үл ойшоосон дээрэнгүй бардам харилцаа нь өдгөө Монголын төрийн нэгэн том эмгэг болоход хүрчихлээ.
Ердөө л жил гаруйн өмнө УИХ-ын даргын хувиар тэрбээр чуулганы танхимд байрлуулсан хүндэт индрээс гишүүн нэг бүрийг загнаж, микрофоныг нь хааж, элдэвлэж, доромжилж явсан. Харамсалтай нь, тэр цагийн араншингаа тэрбээр өнөөдөр ид бах мэт үргэлжлүүлж байна.
Уг нь Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын даргын хувиар ч, УИХ-ын даргын хувиар ч олон олон алдаа гаргасных нь төлөө түүнээс саналаа харамласан.
Зөвхөн түүнээс ч төдийгүй Ардчилсан намаас итгэлээ УИХ-ын сонгуулийн санал хураалтаар булааж авсан. Хэдийгээр Ардчилсан намын Засгийн газраа огцруулснаас эхлээд төмөр замаар талцаж, Тавантолгойноос болж зөрчилдсөн тоолж барамгүй олон алдаа тэрхүү ялагдалд нөлөөлсөн ч даарин дээр давс гэдэгчлэн З.Энхболд хэмээх хувь хүнийх нь араншин намаа олиггүй харагдуулж чадсан юм. Үүнийг улс төр судлаачид ч, ард иргэд ч, бүр намынхан нь ч хэлдэг, ярьдаг.
Мэдээж 50 насыг шүргэж, идэр залуу наснаасаа улс төрийн эрх мэдлээс зүүгдсэн түүнд өнөөдөр араншингаа зас, алдаагаа багасга хэмээн хэлэх, зөвлөх нь утгагүй хэрэг байж болно. Тэр дундаа хувь хүнийх нь онцлог, өс зангидах мөн чанарыг нь бодолцож үзэхэд шүү дээ. Гэсэн ч энд залруулж болох, залж болох нэг зүйл бол албан тушаалын аранга юм. УИХ-ын даргын хуваарь тэрбээр АН-ыг АН гэхгүй, МАН-ыг МАН гэхгүй дарангуйлж байсан байж болно. Харин өнөөдөр бол тэрбээр ялагдагч.
Бүр тодруулбал, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж, Ерөнхийлөгчийн үйл хэргийг саадгүй үргэлжлүүлэх ёстой зохион байгуулагч. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэгж л ажилласан. Ерөнхийлөгчийнхөө өмнөөс УИХ-ын гишүүдийг загнах бус харин мэдээлэл өгөхийг чухалчилдаг байсан. Төрийн шийдвэрийг өөрийнхөө араншингаар тайлбарлах бус хууль ярьж, хуулийн төсөл танилцуулах зарчмаар УИХ-ын чуулганд, байнгын хороонд суудаг байлаа.
Гэтэл одоо З.Энхболдын араншингаас улбаалаад “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй” гэсэн бодол, сэтгэгдэл олон нийтийн дунд түгж байна. Энэ хэрээр хувь хүнийх нь алдаа нэмэгдээд өнгөрдөг бол яая гэх вэ. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын даргынхаа авираас үүдээд хамтдаа муухай харагдаж эхэллээ. Ердөө л гурван сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж саналаа өгсөн сонгогчид өнөөдөр Ерөнхийлөгчид үл итгэх шалтгаанаа тоолоод сууж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу