Д.Өнөбат: Аливаа дэмжлэг, тусламж уурхайчдын гэр бүлд цаг хугацаандаа хүрдэг байх ёстой

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс ямар чиг үүрэгтэй ажиллаж байгааг тодруулахаар хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.

 – Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр бий болгосон нь ямар давуу талтай вэ?
– Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, үйл ажиллагааны цар хүрээгээр хот дагуулсан аж ахуйн нэгжийн хэмжээнд өргөжин тэлсэн. Хариуцлагын асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагааны журам батлагдсан.  Цаг үеийн хэрэгцээ шаардлагаас хамааран нийгмийн харилцаа, хариуцлагыг хэлтсийн зохион байгуулалтад оруулах нь оновчтой гэж удирдлагуудын зүгээс харсан болов уу.
Манай хэлтсийн тухайд үйлдвэрийн газрын дотоод, гадаад нийгмийн харилцааг оновчтой зохион байгуулахад чиглэсэн судалгаа, шинжилгээг тогтмол хийж, урт, дунд, богино хугацааны эрэлтийг тодорхойлон, урьдчилан тооцоолол гаргах, нийгмийн дэмжлэг, тусламжийн бүхий л сангийн зардлыг үр өгөөжтэй зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Чиг үүргийнхээ дагуу нийгмийн 10 цехтэй хамтран ажиллана.

   – Таны хувьд ажлаа юунаас эхлэв?  
– Энэ цаг үед миний хийх ёстой ажил гэж хүлээн авсан. Баялаг бүтээгчдийнхээ ажил, амьдралыг зэрэгцэж явах ёстой гэж би боддог. Өөрөөр хэлбэл, гэр бүлд нь очих дэмжлэг, тусламж цаг хугацаандаа хүрдэг, амар амгалан амьдрах нөхцөл боломжоор хангагддаг байх ёстой. Ингэж чадвал тухайн хүний хөдөлмөрийн бүтээмж дээшлэх нь гарцаагүй. Ажлаа хүлээн аваад гар нийлэн ажиллах хамт олноо найман хүнээр бүрдүүллээ.

   – Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүдээс танилцуулна уу? 
– Хэрэгжүүлж байгаа томоохон ажлаар орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ нэрлэх нь зөв байх. Үйлдвэрийн ахмадууд хоёр, гурав дахь үеийнхэнд халаагаа өгчихлөө. Анхдагчдаа орон сууцаар хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж байсан үе ард хоцорч, залуу үеэ анхаарах цаг болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг үйлдвэрийн удирдлагууд дэвшүүлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр 1300 айлын орон сууцны хөтөлбөрийг энэ хавар эхлүүллээ. Энэ бол бидний хүлээлтээс илүү том ажил.
Уурхайчдын хороолол барих төсөл, хөтөлбөрийн хүрээнд 300 айл бүхий “Уурхайчин 1”, 600 айл бүхий “Уурхайчин 2”, 400 айл бүхий “Уурхайчин 3” гэсэн орон сууцны цогцолбор барих бүтээн байгуулалт хийгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 65.5 хувь буюу 3947 ажилтан орон сууцны нөхцөлөө сайжруулах, шинээр орон сууц авах хүсэлт, өргөдөл гаргасан байдаг. Гэтэл үйлдвэрээс орон сууц хувьчилж авсан ажиллагсдын 90 хувь нь тэтгэвэртээ гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд орон сууцаар хангах бодлого хамгийн чухал байгаа юм. Бидний төлөвлөснөөр 2021 онд “Уурхайчин 1” хорооллыг ашиглалтад хүлээн авч, 2022 онд бүрэн дуусгана.

   – Нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад ажлын тухайд?
– Нийгмийн цехийн ажилчид бусдын аятай таатай нөхцөлийг бүрдүүлж, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг чухалчилж ирсэн. Энэ утгаараа үйлчилгээний менежментийг стандартчилж, зөв нэвтрүүлэх хэрэгтэй гэж харж байна. Ажилчдын эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаардгийн хувьд “Эрдэнэт” сувиллын цогцолбор маань маш сайн бэхэжсэн байх ёстой. Мөн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэрийн ажилчин амрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Энэ жилээс эхэлж байгаа нэг томоохон ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын бүс нутагт баригдах 210 хүний ор бүхий өвөл, зуны байр юм. Амралт, сувилал хэлбэрээр үйл ажиллагаа явуулах энэ байгууламж Сэлэнгэ мөрний хөвөөнд баригдана. Төсөл гүйцэтгэгчийн тендерийг Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс зарласан байгаа.

И.Чинтогтох

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …