Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.
Тэгвэл мэргэжлийн гурван лабораторид хийлгэсэн шинжилгээний нэгдсэн хариу гарсныг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар олон нийтэд мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдсан. Сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүллээ” гэв.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Стандарт мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий 19 айлаас авсан шахмал түлшний дээж чийглэг хангасан.
-Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой байхад 23-24
-Дэгдэмхий чанар 22 буюу түүнээс бага байх ёстой байхад 18.9-20.3
-Хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстой 0.95-1,4 /Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нэг иргэнийхээс авсан дээж ийм илүү гарсан/
-Илчлэг 6000 буюу түүнээс бага байх ёстой байхад 4200 гарсан
АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа. Гаалийн төв лабораторид барьцалдуулагч бодисыг шалгуулж, шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. Иргэд сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан учир түүнээс болж хордлоо гэж ойлгож байна. Сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш. Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан. Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Энэ бүхнээс үзэхэд тухайн айлын хэрэглээнээс асуудал үүсэж байна. Иргэд сайжруулсан түлшээ зөв техникээр хэрэглэхгүй бол болзошгүй тохиолдол гарч мэдэхээр байна” гэж мэдэгдлээ.