“Ойн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

 oin tuhai huuliУлсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан болон нэр бүхий гишүүд “Ойн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Энэ нөхцөл байдалтай шууд холбоотойгоор экологийн эмзэг нөхцөлд оршдог Монгол орны хувьд ойг хамгаалах асуудал бол тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг хариуцлагыг сайжруулахад чиглэсэн “Ойн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийг Монгол орны ойн нөөцийн 1/3 хувийг агуулж байдаг Хөвсгөл нутгийн иргэд, ойн мэргэжлийн байгууллага, хамт олон болон байгаль орчны төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, тэдний саналыг төсөлд тусгасан байна. Хуульд дор дурьдсан агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан. Үүнд:

1. Ойд нөхөж баршгүй хохирол учруулдаг түймэр гарахаас сэргийлэх зорилгоор түймрийн аюултай буюу хуурайшлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хориглох үйлдлүүдийг хуульчлан тогтоож, зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бий болгохыг зорьж,

2. Ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ойн тооллого, зохион байгуулалтын ажлын хүрээг өргөтгөж, хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх зохицуулалтыг бий болгох,

3. Өнөөдрийн мөрдөж байгаа “Ойн тухай” хуульд ой ашиглах эрхийн бичиг олгох, гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах зэрэг ажлуудыг сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэж байгаа нь ойн хуулийг гажуудуулах, ойд явуулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах боломжийг алдагдуулж байна гэсэн мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэн энэ чиг үүргийг байгаль хамгаалагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ.

Хууль батлагдсанаар ойн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого хуульд тусгагдан, ойг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхөн сэргээх, үржүүлэх ажлын эрх зүйн орчин боловсронгуй болно. Мөн ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын үр өгөөж, чанар эрс дээшилж, төрийн байгууллагуудын ажлын зааг ялгаа, эрх үүрэг тодорхой болж өмнө хоёр тусдаа байсан хуулийн давхардал хийдэл, зөрчил арилж улмаар хуулийн чанар, үр өгөөж дээшилнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн төр иргэн хувийн хэвшлийн байгууллага хоорондын хариуцлага дээшилж, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээ өссөнөөр тоо, чанар мэдэгдэхүйц ахиц гарна гэж тооцсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 www.parliament.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …