Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 01-ны өдөр болж Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллах юм. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэв.
Тусгаарлах байрыг:
– Төрийн болон хувийн өмчит эмнэлэг, сувилал
– Төрийн болон хувийн өмчит амралтын газар
– Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр
– Спорт цогцолбор, заал гэсэн дарааллаар ашиглана.
Одоогоор сэжигтэй 16 тохиолдлыг нягталж байгаа бөгөөд 309 хүнийг түр тусгаарлаад байна.
Ашигт малтмалын экспортын тээврийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм.
Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгов. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр боллоо.
2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээхээр Улсын онцгой комисс шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна. Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:
– Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
– Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
– Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
– Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
– Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.
Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болсон байна.
Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ.
Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоов
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоолоо.
Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлнэ. БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо.
Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлснээс үзвэл агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байна. 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ.
Нислэг нь цуцлагдсан учир БНСУ, Японд байсан монгол иргэдийн ихэнх нь Москва хотоор дамжин буцсан байна.
Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байгын холбоотой байхад онцгой анхаарч байна. Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгчээ. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.