Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа.
Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ.
Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.
Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа.
Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1,5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна” хэмээлээ.
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Энэ жил Улаанбаатар хотод 9 зогсолт 14 ажил хийгдэх зуны засварын төлөвлөгөө гарсан байгаа. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тэрбээр “Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар, хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла” хэмээн онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн нутгийн захиргааны байгууллага хоорондын гарын үсгийг цахим хэлбэрт оруулж хэвшүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.