К.Олимпиад: Драгон төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр судалж байгаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа эрхэлсэн зарим компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг нь чөлөөлүүлэхээр болжээ.

Үүнтэй холбоотойгоор Авто худалдааны цогцолбор буюу “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиадаас зарим зүйлийг тодрууллаа.

– Да хүрээ захын ойролцоо зөвшөөрөлгүйгээр ил задгай автомашины худалдаа эрхэлж буй хэчнээн аж ахуйн нэгж байдаг вэ?

– Өнгөрсөн сард А/151 дүгээр тушаал гарахаас өмнө ил задгай авто худалдааг нүүлгэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/1098 дугаар захирамж 2019 оны аравдугаар сарын 22-ны өдөр гарсан байдаг.

Уг захирамжид таван иргэн, аж ахуйн нэгжийн автомашин худалдаалж буй газрыг хүчингүй болгохоор тусгасан байдаг бөгөөд тус газруудын гурав нь Баянзүрх дүүрэгт, хоёр нь Чингэлтэй дүүрэгт байрлалтай.

– Тухайн компаниуд хэдий хэмжээний талбайд үйл ажиллагаа явуулж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Дээрх газруудаас хамгийн том нь Баянзүрх дүүргийн авто худалдааны Мөнгөн хүлэг зах. Тус зах нь нийт 4,318 метр квадрат талбайтай, жижиг болон дунд оврын, улсын дугаартай машин худалдаалдаг.

Дараа нь Баянзүрх дүүргийн нэг иргэний, тус дүүрэгт харьяалалтай 2,731 метр квадрат газар бий.  

Ер нь зөвшөөрөлгүйгээр, ил задгай авто машины худалдаа эрхэлдэг газруудын асуудал 2013 оноос яригдаж эхэлсэн юм билээ.

2017, 2018 онд ч тэдгээр газрын эзэмшигчдэд Мэргэжлийн хяналтын байгууллага, нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах болон автомашин худалдаалахыг хориглосон шаардах бичиг удаа дараа хүргүүлж байсан.

Гэвч шаардлагыг үл тоон одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

Тиймээс эдгээр захын газрыг хүчээр чөлөөлөх тухай захирамж нь өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр гарсан гэж ойлгож болно. 

-Захирамж гараад сар орчим болох гэж байна. Захууд одоо бүгд нүүсэн үү?

-Ил задгай худалдаа, үйлчилгээ явуулдаг газрыг эзэмшигч компани, иргэдэд холбогдох албаныхан шаардлагаа тавьсаар байгаа.

Энэ асуудалтай холбоотойгоор шүүхэд хандаад ч явж байгаа компани бий.

– Зөвшөөрөлгүй газарт ил задгай автомашины худалдаа эрхэлдэг нийт хэчнээн иргэн байгаа бол?

– Яг хэчнээн иргэн байгааг тодорхой хэлж мэдэхгүй ч Мөнгөн хүлэг захын тухайд л гэхэд 1,500-1,800 орчим автомашин багтах хэмжээний газарт үйл ажиллагаа явуулдаг.

– Хуучин автомашин худалдаалж буй газрууд хөрс, агаарын бохирдол үүсгэдэг гэж хүмүүс ихээхэн шүүмжилдэг. Тэгвэл хуучин автомашин худалдаалахад орчин ямар байх ёстой вэ. Нэгдсэн дүрэм журам, стандарт бий юу?

-Автомашин борлуулахад ямар нэг стандарт, дүрэм гэж одоогоор байхгүй.

Гэхдээ хотын төвд агаар, хөрсний бохирдлоос гадна замын түгжрэл үүсгэдэг асуудал бий. Мөн сэлбэг, автомашинаас гарч буй хорт утаа, тос масло нь газрын хөрсөнд маш их хар тугалга шингээдэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас судалгаа хийсэн байдаг.

Тийм хүнд металлаар бохирдсон орчин иргэд, тэр дундаа ирээдүй болсон хүүхэд багачуудад ямар хор нөлөө үзүүлэх нь ойлгомжтой учраас энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай.

Нөгөө талаар, зориулалтын бус газар автомашины худалдаа, үйлчилгээ үзүүлж буй захуудыг нийслэлээс цэгцлэх гээд байгаа нь бизнес эрхлэгчдээ хохироох гээд байгаа юм биш. Иргэдийнхээ цэвэр, аюулгүй орчинд үйлчилгээ авах эрхийг л хангаж өгөх гэж байгаа хэрэг.

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд автомашин борлуулах эрхтэй хоёрхон худалдааны төв байгаа нь Да хүрээ болон Олон улсын худалдаа логистикийн төв.

Олон улсын худалдаа логистикийн төв нь анх 2014 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдаж байсан.

Үүний дараа 2017 онд Засгийн газрын хурлын тэмдэглэлээр хот дотор ил задгай автомашин болон түүний дагалдах сэлбэг хэрэгсэл худалдаалах цэгүүдийг хотын зах руу нүүлгэх шийдвэр гарсан байдаг.

Улаанбаатар хот 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор авто зогсоолоос эхлээд нэг стандарттай болно.

Харин бид автомашин худалдаалахтай холбоотой стандартыг төсөл хэлбэрээр санаачлаад явж байна. Нэг автомашиныг хэдий хэмжээний талбайд борлуулах, автомашин худалдаалж буй газар цементлэгдсэн байх ёстой болон худалдааны төв нь 24 цагийн харуул хамгаалалт, гэрэлтүүлэгтэй байна гэгчлэн шаардлагуудыг тусгасан.

Энэ төсөл хэрэв дэмжигдвэл ирэх долдугаар сар гэхэд батлагдана. Ингэснээр нэг стандарттай болж, нийслэлд автомашины замбараагүй худалдаа үгүй болно.

– Да хүрээгээс бусад захын үйл ажиллагааг бүрэн зогсоовол тэнд хөдөлмөр эрхэлж буй худалдаачдад өөр газар ажлын байр хэрэгтэй болно. Тэгвэл Да хүрээ эсвэл Авто худалдааны цогцолборт бүгд багтаж чадах уу?

– 2015 оны судалгаагаар Монгол Улсад 5,000-7,000 орчим автомашин жилд борлуулагддаг гэсэн тоо бий.

Тус судалгааны дүнг үндэслэж Авто худалдааны цогцолбор 6,375  автомашины зогсоолтойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, захуудыг нүүлгэхэд Авто худалдааны цогцолборын хүчин чадал хангалттай хүрэлцэнэ. Улсын хамгийн олон зогсоолтой авто худалдааны төв шүү дээ.

Түүнээс гадна худалдан авагч болон бизнес эрхлэгчдэд шаардлагатай бүх үйлчилгээг төвлөрүүлж, нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээний төв тэнд байдаг учраас дугаарын хасалт, импорт, шилжилт хөдөлгөөн гээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг үзүүлж байна.

-Хүчин чадал нь 6,300 гаруй автомашины зогсоолтой гэлээ. Яг өнөөдрийн байдлаар тус худалдааны төвд хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна вэ?

-Одоогоор манайд 64 аж ахуйн нэгжийн 650 гаруй иргэн ажиллаж байгаа бөгөөд тус төвөөр өдөрт 800-1,000 орчим хүн үйлчлүүлдэг.

Олон улсын худалдаа логистикийн төв нийт 130 га газрыг эзэмшдэг. Одоогоор 22 га газарт нь бүтээн байгуулалт хийсэн.

Цаашид залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, авто парк гэх мэт бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн. 

Төвийн дэд бүтцийн ажил 2018 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цэвэр бохирын ажил 40-80 хувьтай явж байна.

-Хамгийн сүүлд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/151 дүгээр захирамж гарснаас хойш зориулалтын газар үйлчилгээ эрхлэх хүсэлт тавьсан иргэн бий юу?

-Хэд хэдэн худалдаа эрхлэгчийн төлөөлөл ирж гэрээ байгуулсан. 

-Захирамжаар чөлөөлөгдөх газрыг цаашид хэрхэх бол ?

– Чөлөөлөгдсөн газрыг хэрхэхийг нийслэлийн удирдлагууд мэдэх байх. Гэхдээ тухайн газрыг нийтийн эзэмшлийн талбай болгохоор судалж байгаа юм билээ.

Учир нь Да хүрээгийн эргэн тойронд амьдардаг иргэдэд замын түгжрэлээс авахуулаад олон хүндрэл байдаг.

 Зарим худалдаа эрхлэгч Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах гэхэд хэтэрхий хол гэцгээдэг юм билээ. Энэ асуудалд анхаарлаа хэрхэн хандуулж байгаа вэ?

– Төвдөө бөөгнөрөх тусмаа л эмх замбараагүй, зохион байгуулалт тааруу болно шүү дээ.

Бусад улс орнуудад үйлдвэр болон автомашины худалдаа, сэлбэг, барилгын материалын дэлгүүрүүд нь бүгд хотын захдаа байрласан байдаг.

Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж, 22-ын товчоо бараг хоттойгоо залгаа болчихоод байгаа. 

Авто худалдааны төв рүү Саппорогоос цаг тутамд автобус явж байна. Тиймээс энэ бол асуудал биш. 

Ташрамд хэлэхэд, зарим улс оронд авто худалдааны төвүүдээ дагаад терминалууд нь байрласан байдаг. Тиймээс бид цаашид өөрийн авто худалдааны цогцолборт Драгон төвийг нүүлгэхээр төлөвлөж байгаа.

Драгон төвийг тойрсон үйл ажиллагаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдаас их гомдол санал ирдэг. Тус терминалаас 16 аймаг руу хот хоорондын тээвэр иргэдэд үйлчилдэг бөгөөд жилд нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг гэх судалгаа бий.

Хэрэв Драгон төвийг нүүлгэвэл Авто худалдааны цогцолбор руу бүх чиглэлийн автобус явах боломжтой болно. Түүнчлэн сэлбэг худалдаалдаг зах хотын төвд байх нь зохимжгүй учраас бид мөн сэлбэгийн захыг төвдөө барихаар ТЭЗҮ бэлдэж байна.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …