Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.
-Согтуурсан үедээ жолооны ард сууж ноцтой осол үйлдсэн тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй цаг үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодож осол хийж байгаа тохиолдол буурахгүй байна. Коронавирустэй холбоотойгоор цагдаагийн байгууллага нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа. Тухайн замаар явж байгаа жолооч нэг бүрийг толгой дараалан тандагч багаж үлээлгэж согтуурлын зэргийг тогтоохгүй байгаа гэсэн үг. Гэхдээ гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавиад шалгалтын ажиллагаа хийгдээд явж байгаа.
Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тээврийн осол хэрэгт холбогдсон, ослын газрын санаатай болон санаандгүйгээр орхиж явсан осол хэргүүд олон бүртгэгдсэн. Тухайн жолооч хууль эрхзүйн мэдлэг дутуу, осолд холбогдоод сандарсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж ослын газрыг орхидог шалтгаан нөхцөлүүд бий.
Оны эрхийн хоёр сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 3974 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол улсын хэмжээнд 6.8 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалаад улсын хэмжээнд 47 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан үзүүлэлт гараад байна. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллага энэ тоог бууруулах, нэг ч гэсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хяналт шалгалтаа 24 цагийн турш гүйцэтгэж байна.
Зам тээврийн ослоос шалтгаалаад нийслэлд 262, орон нутагт 86 улсын хэмжээнд 351 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Энэ хугацаанд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд бүртгэгдсэн үү?
-Оны эхний хоёр сарын байдлаар нийслэлд 27 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалаад гэмтсэн. Хөл хорио тогтоож Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор бага насны хүүхэд зам тээврийн осол хэрэгт холбогдож байгаа тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа.
Дээрх хугацаанд 3300 жолоочийн эрхийг хассан. Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 678 жолоочийг баривчилсан. Жолоодох эрхээ хасуулсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй, огтын жолооч биш хүмүүс жолооны ард суусан, давтан үйлдэлтэй хүмүүст баривчлах шийтгэл оногдуулдаг.
-Эмэгтэй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, дээрх хэргийг давтан үйлдэж баривчилгаанд явах тохиолдол байгаа тухай мэдээлэл байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Оны эхний хоёр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3722 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар илрүүлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ согтуугаар тэээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Зөвхөн 2019 онд гэхэд 2400 эмэгтэй жолооч баривчилгаанд явсан. Өөрөөр хэлбэл давтан үйлдэлтэй, эрхээ хасуулсан үедээ жолооны ард суусан гэсэн үг.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэдэг маань санаатай үйлдэл. Учирч болох эрсдэлийг мэдсээр байж согтуугаар жолооны ард сууна гэдэг хувь хүний ухамсар, төлөвшилттэй холбоотой асуудал. Дээрх зөрчил гаргасан жолооч нарын золиос болж дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс зам тээврийн ослын хохирогч болсон жишээ олон байна.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй үед согтуугаар жолоо барих зөрчил өсөх хандлагатай байгаа талаар та яриандаа дурдлаа. Үүний шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ?
-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тандагч багаж үлээлгэхгүй байгаа гэх ойлголт жолооч нарын дунд яваад байна.
Цагдаагийн хяналт шалгалт байхгүй замуудад жолооч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчил гаргаж байна. Цагдаагийн байгууллага зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн зорчих хэсэгт хяналт тавих зорилгоор хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалтаа зохион байгуулж байна. Хаана ч хэзээ ч цагдаагийн хяналт байж болно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Гудамж замын хяналтаар зогсооход хөл дээрээ тогтож чадахгүй, хаанаас хаашаа явж байгаагаа мэдэхгүй, өөрийгөө хянах чадваргүй болчхоод жолооны ард суугаад замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгдсэн. Хажуудаа жаахан хүүхдээ суулгачихсан явж байгаа юм. Гэр бүлээ ямар эрсдэлд оруулж байгаагаа тухай жолооч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох битгий хэл явганаар хөдөлгөөнд оролцох нь эрсдэлтэй үйлдэл шүү дээ.
-Үүсээд буй нөхцөл замын хяналт шалгалтыг ямар арга хэлбэрээр зохион байгуулж байна вэ?
-Бид Германд үйлдвэрлэсэн согтуурлын зэрэг тогтоох багажаар жолооч нарыг шалгаж байгаа. Тухайн багаж нэг удаагийн урт, богино хоёр төрлийн хошуутай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн хошуу байгаа. Нэг жолоочид нэг л хошуу хэрэглэнэ. Тухайн хошуу лацтай, ариун цэврийн шаардлага хангасан байдаг. Үлээсэн хошууг нэгдсэн журмаар устгалд оруулж байгаа.
Хяналт шалгалтаа эрчимжүүлээд байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу тусгай арга тактикаар хяналт шалгалт зохион байгуулаад явна.
Сүүлийн үед гарч байгаа зам тээврийн ослууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой байна.
Цагдаагийн байгууллага нийслэлийг торлосон хэлбэрээр буюу Нарны зам, Энхтайвны өргөн чөлөө, Залуучууд, жуулчны гудамж, Их, бага тойруу гэх газруудын газруудад шалгалтын ажиллагаа явуулж байна.
-Олон улсад согтуу жолоочид хариуцлага хүлээлгэдэг ямар жишиг байдаг вэ. Манайд хэрэгжүүлэх боломжтой ямар сайн жишээнүүд байна вэ?
-Гадаад орнуудад согтуугаар жолоо барьсан иргэдэд хариуцлага тооцдог олон жишиг бий. Тээврийн цагдаагийн албанаас төрийн байгууллагын алба хаагчдын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал ажлын газар луу мэдэгдэл, албан бичиг хүргүүлдэг болох талаар ярилцаад хэд хэдэн арга хэмжээ зохиогоод явж байна. Тухайн байгууллагын ажилчид дахин ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхааруулж, цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрэм Зөрчлийн тухай хуулийн сургалт авч алба хаагчдад мэдээлэл түгээх шаардлагатай байна гэх мэдэгдэл хүргүүлдэг болохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин О.Дашням