“Сүхбаатарын талбайн урд хэсэгт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина” гэж хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд газар дээрээс нь мэдэгдсэн юм. (Уг мэдээллийг ЭНД-ээс). Тэр үед мөн Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ю Би констракшн” компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдэхэд бүгд алга ташиж байлаа.”Зоримог шийдвэр гаргаж, зөв ажил хийх нь. МАНАН-гаас газраа авсанд баярлалаа” гэх мэт үгс сошиалаар битүү байсан цаг.
Гэтэл жилийн дараахь энэ өдрүүдэд хотын дарга өмнөх мэдэгдлээ ажил хэрэг болгож, өөрчлөн тохижуулах ажлынхаа нээлтийг хийтэл эсэргүүцэн шуугигсад гараад ирэв.
МАНАН-гийн толгойлогчдын нэг, ХХБ-ны “сахал” Эрдэнэбилэгээс тэр газрыг салгаж авахад нь баяр хүргэж байснаа ч мартсан мэт.
ХХБ-ны Эрдэнэбилэгийн “Ю Би констракшн” ХХК-д нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр 2006 онд төв талбайнхаа урд хэсгийг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр захирамж гаргасан байдаг. Түүнээс хойш уг компани эзэмшсэн газраа ашиглаагүйгээр барахгүй “Улаанбаатар” банкинд 2017 онд 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ.
2016 онд төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгосон нь ч мөн л ХХБ-ны Эрдэнэбилэг нар тэр газарт эзэн сууж байх үед болсон явдал. Тэр үеийн нийслэлийн Засаг дарга Су.Батболдтой гэрээ байгуулахдаа зогсоолын төлбөрийн 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн ч 2019 он гэхэд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байжээ. Төлбөр яахав гэхэд, төв талбайнхаа газрыг хувийн компанид өгчихсөн улс манайхаас өөр байдаг ч юмуу, бүү мэд. Яг энэ үгийг МАНАН бүлэглэлтэй тэмцсэн өдрүүддээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Тэрээр анх ХХБ-ны Эрдэнэбилэг төв талбайн газрыг авчихсан байгаа тухай мэдээллийг дэлгэж байв. ЭНД-ээс энэ тухай уншина уу.
“Ю Би констракшн” ХХК-ийн нэр дээр шилжчихсэн байсан Улаанбаатарчуудын нийтийн эзэмшлийн газар зөвхөн үүгээр зогсохгүй, Гутлын 22-ын арын цэцэрлэг, Драмын театрын хойд талбай, Төв шуудангийн хойд талын модон ТҮЦ-тэй хэсэг газар, МУИС-ийн урд талын оюутны талбай зэрэг газрыг эзэмшилдээ авсан байжээ. Өнөөдөр ч тэдгээр газарт эзэн сууж байсан хүмүүс шүүх дээр маргаанаа үргэлжлүүлж яваа юм билээ.
Улаанбаатарыг эзэгнэж,тааваараа алхах аргагүй болтол газрын наймаагаар гаршсан улсуудын хэт даварсан үйлдлийг таслан зогсоож, засаж залруулсан хүн бол С.Амарсайхан дарга. Асар том сүлжээ луйврын эсрэг, нийтийн талбайг нийтэд нь буцаахаар сөрөн зогсоход түүнд амар байгаагүй нь ойлгомжтой. Маш их дарамт, шахалт дор төрд буцааж авсан нийтийн талбайг нийслэлчүүддээ зориулаад гоё тохижуулах амбиц яагаад С.Амарсайханаас гарч болохгүй гэж
Жилийн өмнө л усан оргилуур байгуулна гэж зарласан, тэрийгээ бодсоор, төлөвлөсөөр, төсөвлөсөөр урин цаг ч ирж, нээлт ч хийсэн нь дөрөв хоногийн өмнөх явдал. Зэрэгцээд эсэргүүцсэн улсууд гарч ирж, ногоон байгууламж сүйдлэх нь, эдийн засаг унаж байхад ийм их мөнгөөр усан оргилуур барих нь гэж “тэмцэж” буй нь энэ дөрвөн хоногт болж буй улстөрийн акц.
Жилийн өмнө С.Амарсайхан даргыг “усан оргилуур хийнэ” гэж зарлаж байхад тэд яагаад эсэргүүцээгүй юм бол…? “Сахал” Эрдэнэбилэг нарыг өмөөрвөл өөрсдөө “сахал”-ын хамаатан шиг харагдах учир айж эмээцгээсэн биз.Гэхдээ өнөөдөр ч “сахал”-ын хэрэг шийдэгдээгүй, хүмүүс МАНАН-гийнхны тарьсан балгийг мартаагүй байгаа. Тиймээс тэдний хувьдаа ашиглаж байсан газрыг нийтийн өмчид буцаан авсан С.Амарсайхан даргын гавьяа ч үнэ цэнэтэй хэвээр байгаа бус уу.
Засаг дарга С.Амарсайхан уржигдар хэвлэлийн бага хурал хийхдээ “Хонхтой цэцэрлэгийг хувьдаа авч,байшин барилга барих гэсэн жижиг ашиг сонирхлоо одоо болих хэрэгтэй” гэж хэлсний учир энд тайлагдаж байгаа биз?! Нээрээ нэг л өдөр төв талбайн урд захад ХХБ-ны шилэн барилга шиг байшин бариад унавал яах вэ? Ийм эрсдэл, санаархлыг олон нийтийн талбай болгон тохижуулж л байж бүр мөсөн таслан зогсооно гэж С.Амарсайхан дарга харин ч зөв тооцоолжээ. Жилийн өмнө “оргилуур” барина гэж зарласныхаа дараа нийслэлээс зураг төслийн уралдаан зарлахад 16 баг оролцож, одоо хийх гэж буй зураг шалгарчээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард уг тохижилтыг хийх эрхийг Нийслэлийн хот тохижилтын газарт шилжүүлсэн байна. Анхны төсөвт өртгөөр бүр дөрвөн тэрбумаар тохижилт хийх дүн гарсныг хэмнэж багасгасаар 3.2 тэрбум дээр буужээ.Хоёр нийтийн бие засах газар, төвлөрсөн шугам, сүлжээ, боржин зам талбай, хүмүүс амарч суух задгай талбай,услалтын систем хийх зэрэг олон ажил хийхэд дүндээ дүн төсөв аж.Автомат усжуулалтын систем байгуулах учраас энд мод ургамал улам сайн ургах нөхцөл бүрдэж, ногоон байгууламжид харин ч ээлтэй орчин бүрдэнэ гэнэ.
Тохижилтын ажил хийхийг Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр, Э.Бат-Үүлийн үед Авто тээврийн үндэсний төвийн газрын дарга байсан Ж.Энхбат, АН-аас нэр дэвших гэж буй “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-ын тэргүүн Пүрэвхүү нар эсэргүүцэж байгааг л хар. Эд бүгд сөрөг хүчнийхэн, сонгуулийн ажилдаа л бэлдэж яваа хэрэг. Тэгээд ч нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах эрх, үүрэг нь хотын засаг захиргаанд байдаг. Тэнд хувь, хувьсгал холилдсон юу ч алга. Нийслэлийн ажлыг нийслэлийнхэн л хийж байна. Хамгийн гол нь өөрт “лай” хураан байж мафийнхны савраас салгасан газраа хотын хөрөнгөөр хотынхонд зориулж заавал тохижуулах гэсэн С.Амарсайхан даргын амбицыг хүндэтгэж байна. Тэрээр уржигдар ““Хийснийх нь дараа Та бүхэн дүгнээрэй” гэсэн. Хотынхоо хоймрыг гоё болгох чинхүү хүсэл түүнд байна.
Төв талбайн урдах цэцэрлэг яагаад бохир заваан, хуучнаараа байх ёстой юм бэ, хажууханд нь байх “Сентрал товер”-ын цэцэрлэг ба усан оргилуур шиг гоё (зураг төслөөр бол түүнээс ч гоё болно) болгож яагаад болохгүй гэсэн бодол ч надад бас төрж л байна.
Т.Үлэмж (gereg.mn)